Б.НАМУУНТАМИР

Нарийнсухайтын ордоос нүүрс экспортолж байгаа “SouthGobi Resources” компани энэ оны эхний улиралд 13-18 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар мэдэгдлээ. Өнгөрсөн оны мөн үед тус компани 2.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ. Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлж нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 11-нний өдрөөс эхлэн зогсоосон нь ийнхүү алдагдал хүлээхэд шууд нөлөөлж байгаа гэж үзжээ.

“SouthGobi Resources” компани гуравдугаар сарын 27-ны байдлаар нүүрсний экспортоо эхлүүлж болох талаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй байгаа гэсэн юм. Хэдий тийм боловч Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний экспорт өнөөдрөөс /03.30/  эхэлж байна. Өнгөрсөн бямба гарагт туршилтаар 35 автомашин нүүрс гаргажээ.

Харин энэ даваа гарагаас эхлээд өдөрт 70-100 автомашин чингэлэг нүүрс гаргахаар төлөвлөж байгаа аж. Гашуунсухайт-Ганц мод боомтын нүүрсний экспорт долоо хоногийн өмнө эхэлсэн юм. Хэдийгээр өдөрт 70 автомашин нүүрс гаргахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн долоо хоногт өдөрт 30-40 автомашин нүүрс гаргаж байгаа талаар орон нутгаас мэдээллээ. Халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна нүүрс тээврийн жолооч нарыг өдөрт нь буцаан хилээр нэвтрүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: www.zms.mn