Ч.ҮЛ-ОЛДОХ

Энэ хүн бол чулуун хөөрөг урлаж олонд танигдсан, одоо төрийн наадмын түрүү магнай шандаст хурдан 108  хүлгийг  уран зурагт буулган  модон шогол бүхий морины шастир бүтээж суугаа уран дархан Жагдарын Ганболд юм. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, нутгийн олондоо статистикч Д.Жагдар хэмээн хүндлэгдсэн эрхмийн  зургаан хүү, хоёр охин, нийт найман хүүхдийн доторх ихэр хөвгүүдийн нэг бөгөөд Ж.Ганболд  уран дархан бол  Ж.Батболд нь уран барималч гэнэ. Ихэр хөвгүүдийг багад нутгийнхан нь “Уран Дугар өвөөгөө дууриасан бурхан ухаантай дархчуул болох нь” гэлцдэг байжээ. Биднийг очиход гэрийн эзэн хурдан хөлгүүдийн онцлог шинж бүрийг уран зурагт шингээн буулгах гэж хичээн, эхнэр Ч.Саруул нь хоол цай бэлдэн ханиа халамжлахын зэрэгцээ  хөөрөгний дайлан урлаж байв. Хүүхдүүд нь том болж тусдаа гарсан болохоор тэд гэртээ урлахуйн эрдэмд  шамдаж суудаг ажээ.

 

“УРЛАХУЙН УХААНЫГ  ТӨРСӨН НУТАГ, ЭЦЭГ ӨВГӨДӨӨС УЛАМЖИЛСАН”

Нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр төр нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нарын хамт.

Ж.Ганболд бол  монгол өв уламжлалыг тээж, хойч үед үлдээж, сурталчилж яваа эрхэм үйлстэн. Керамик, вааран урлал чимэглэлийн зураач мэргэжилтэй. 1989 онд Дүрслэх урлагийн сургууль төгсч Түүх соёлын дурсгалыг сэргээх засварлах газраас ажлын гарааг эхэлж, 1990-ээд онд шинэ үеийн салхи эргэхэд  үндэсний хэв шинж бүхий сүм хийдүүдийг  сэргээн засварлах ажилд гар бие оролцсон. Тухайн үед Гурвалжингийн гүүрний дэргэд анхны керамикийн үйлдвэрийг барих,  Амарбаясгалантын хийдийг сэргээн засварлах I, II, III төслийг хэрэгжүүлэх ажлыг хийлцсэн. Энэ салбарт барималчнаас мастер хүртэл 13 жил  ажиллаад  албан газрууд хувьчлагдаж тарж бутрахад хувийн хэвшил рүү шилжин өнөөг хүртэл 20 гаруй жил  чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа юм. Тухайн үед нийслэлийн өнгө төрхөд үндэсний өв уламжлалыг шингээхэд Ж.Ганболд  хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан юм. Тэдгээр бүтээлээс өдгөө Ж.Самбуугийн гудамж  /Хүнсний I дэлгүүр, Гэсэр сүм орчим/ -ны нэг ч хадаас оруулалгүй бүтээсэн сүм хэлбэртэй дааман хаалганууд бий. Түүний эх загварыг Богдын өвлийн ордон музейн дааман хаалганаас авч бүтээжээ. Уран дархны ухаан, ур чадвар гэдэг хэчнээн номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан ч  төрөлх авьяасаас үүдэлтэй гэж зарим хүн хэлдэг. Манай нийтлэлийн баатар үүнийг “Эрс тэс уур амьсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой Монгол орны онцлог. Монгол хүн түүнийг дагаад оюун ухааны чадамжтай, хөрвөх чадвар сайтай, амьдралд тэмцэх чадвар нь байгалиасаа ундарч байдаг. Баримал хийлээ гэхэд зурдаг байх, зурдаг байлаа гэхэд чулуу, модоор сийлэх гэх мэт бүх талаар хөрвөх чадвар монгол хүнд л байдаг.Энэ нь байгалийн өгөгдөл” хэмээн ярьж байна. Түүний үеийнхэн социализмын үеийн бүтээгдэхүүн. Ахмад хүн ирээд нударгаараа шавхуурдахад “Би юу хийчихэв, яав” гэж өөрийгөө дүгнэдэг, алдаагаа засдаг, хийх ёстойгоо хийж, өв соёлоо  хадгалж тээж, хойч үедээ хүргэх ёстой гэж үздэг ийм л цаг  үеийнхэн. Нийгмийн өмнө, олон нийтийн өмнө би ингэлээ, тэглээ, тийм юм хийж, ийм гавьяа байгуулсан гэж цээжээ дэлддэггүй. Тэгсэн атал үүрэг хариуцлага үүрсэн мэт дотогшоо сэрж мэдэрч, түүнийгээ хэлж ярьдаг нь  хэлж ярьж, зурдаг нь зургаараа илэрхийлж, хөдөлмөрийн салбарт  бүтээл зүтгэлээр харуулж ирсэн. Тэд өнөөгийн залуус шиг гоё сайхныг хараад түүнийг авахсан, өмсөхсөн гэхийн оронд түүнийг авах, эсвэл өмсөхийн тулд би ямар байх ёстой вэ, юу хийж бүтээж чадаг байх  ёстой вэ гэдгээ  ухамсарладаг.Түүний төлөө сурах, өөрийгөө боловсруулах, мэдлэг мэргэжил эзэмших, аав ээжээс өгсүүлэн бусад  хүнийг хайрладаг, хүндэлдэг байх ёстой, хүнлэг байх ёстой, жинхэнэ  хүн болох ёстой гэж сэрж мэдэрч өөрсдийгөө боловсруулж ирсэн. Тийм болохоор тэд аливаа зүйлийг хийхдээ мөнгө хардаггүй. Ямар нэг зүйл хийхэд заавал сэтгэл шингэж, ур ухаан орж байж цаад хүний хэрэгцээнд ч, хийж байгаа хүний урам зориг ч хөглөгдөнө гэж үзэж ирсэн. Иймээс хийж байгаа зүйлдээ ухаан, сэтгэлээ өгч урлаж бүтээдэг. Цаг хугацаанд захирагдах юм уу,  мөнгөөр хэмжих дургүй. Үнэтэй зүйл хийж байгаа учраас гоё хийнэ, хямд материал бол хурууны үзүүрээр хийнэ гэдэггүй. 1960-аад оныхон ихэнхдээ ийм үзэл хандлагаар хүмүүжиж  төлөвшжээ. Үүнийг дурдахын учир нь манай нийтлэлийн баатрын  давтагдашгүй чанар  ийм юм. Тэрээр дэлхийд гайхагдсан сод авьяастан биш ч  гэлээ өөрийн бодол санааг шингээсэн өвөрмөц бүтээл хийдэг,  хэн ч хараад үүнийг Ж.Ганболд хийжээ гэхээр онцлогтой. Тэрээр монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн хөөрөг ямар хэлбэртэй байв гэдгийг олон талаас судалсан  судлаач.  Тиймээс өнөөдөр нэг л  стандартаар зорчихсон хөөрөгнүүдээс түүний бүтээл  өөр. Зураг зурсан ч санаа, өгөгдөл, өнгө будаг гээд бусдынхыг давтахгүй. Сэтгэлээ шингээж, монгол өв соёлыг амьдралын ухаан, ахуйгаас нь гаргаж ирдгээрээ тэр байх. Ингээд үзэхээр хүн их, дээд сургууль төгссөнөөр боловсорчихдоггүй. Хар багаасаа цэцэрлэг, сургуулиар явж хүмүүжил олж хүн болох нь өөрөө боловсрол юм хэмээн ярих түүнтэй хэн ч  санал нийлнэ. “Урлахуйн ухааныг төрсөн нутаг, эцэг өвгөд минь надад шингээж өгсөн юм” хэмээн тэрээр хэлсэн. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм.  Учир нь Сүхбаатар аймгийн Халзан сум  эрт цагаас уран дарханаараа алдартай Дарьганга хошуунд харъяалагддаг зургаан сумын нэг. Тодруулбал, 1925 онд Дарьгангын таван гар сүрэгчин хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагдсан түүхтэй.  Дарьгангачуул ганган хээнцэр байсан нь цалин пүнлүүгээ цалин цагаан мөнгөөр авч, түүгээрээ эдлэл хэрэглэл хийж, өөрсдөө хэрэглэхээс гадна аймаг, хошуу дамжуулан зардаг байсан тул  эрчүүд нь бүгд уран дархан болсон гэлцдэг. Тэдний нэг “уран Дугар” хэмээн нэрээ мөнхөлсөн дархан хүн бол Ж.Ганболдын өвөө юм.  Орчин цагт  Дарьгангын гаралтай зураач, урчууд, уран барималч олон байгаагийн дотор манай нийтлэлийн баатар Ж.Ганболд, түүний ихрийн өрөөсөн Ж.Батболд нар багтана. Түүний төрсөн нутаг Халзан сумынхан аймагтаа төдийгүй, Монгол Улсын түүхэнд эрдэмтэн доктор, төр, нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, урлаг соёлын алдартан, сайчуудын тоогоор   тоогоор тэргүүлдэг ажээ.

 

АДУУГААР ДАМЖУУЛЖ  МОНГОЛЧУУДЫН АХУЙН ГҮН УХААНЫГ СЭРЭЭНЭ  

 

Шандаст хурдан хүлгүүдийн дүр төрхийг уран зурагт буулгаж хурдан хүлгийн шаштир бүтээх санаа түүнд хэрхэн төрснийг тодруулахад “Өнөөдөр хүмүүс ном уншихаа байсан. Хөгшин, залуугүй ихэнх цагийг гар утсаа илж өнгөрүүлдэг болжээ. Бидний үед айл бүр номын сантай. Том, жижиггүй  хэдэн ном уншсан бэ гэдгээрээ уралддаг байлаа. Унших нь  тархийг хөгжүүлдэг.Номын дүр, дүрслэлээс хүний төсөөлөх чадвар баяждаг. Орчин үеийн техникийн дэвшлийг хүн голж болохгүй ч сошиал ертөнц хүнийг хэтэрхий хайрцагт оруулчих гээд  байна. Хүн дөрвөн хананы хооронд хэвшмэл байдалд ажиллаж, амьдрах боломжгүй заавал өөрийгөө  хөгжүүлж, урагшилж  байх ёстой. Хүмүүсийн унших нь холдоод ирсэн учраас монгол өв соёлоо нүдээр нь дамжуулж ухаан сэтгэл рүү нь хийе гэж бодох боллоо. Иймээс адуун соёл, түүгээр дамжиж ирсэн монгол өв соёлыг хүмүүст хүргэх аргыг уран зураг гэж сэтгээд хурдан хүлгүүдийг уран зурагт буулгаж байна. Өнөөдөр уяач гэж нэр зүүгээд байгаа атал морио мэдэхгүй нь олон байна. Нэг л  сайхан малгай, бүстэй. Тэгсэн атал адууныхаа  хөлсийг  хэд авдаг, хэд тарладаг вэ, торгон тар гэж юу болохыг зарим нь мэддэггүй. Монгол өв соёлыг бизнес болгож, мөнгө харж, амьдралын зүгээр нэг  хэрэглэгдэхүүн, мөнгө олох хэрэгсэл, нөгөө талаас зугаа  болгох гэж байгаа нь учир дутагдалтай. Өв соёл гэдэг амьдралын хэрэгдэхүүн байхаас гадна том ухаан, монгол хүний хүмүүжил, зан суртахууныг шингээж ирсэн ахуйн гүн ухаан. Үүнийг мөнгөтэй хутгаад ирэхээр зэрэг зиндаа, давхарга үүсчихдэг. Тэжээлээр бордож, энд тэндээс адууныхаа  цусыг  сайжруулна гэж  эрлийз адууг үнэ цохиж  авчирдаг. Захын таван адуутай хүн гурван морио тэдэнтэй  уралдуулахад дийлэхгүй. Тэгэхээр энд зохицуулалт чухал. Бооцоот уралдаан  нь тусдаа явах хэрэгтэй байх. Энэ бүх ялгааг гаргаж, нийтлэг эрх ашгийн төлөө эрийн гурван наадмаа ч гэсэн ёс төртэй хийдэг байх нь чухал. Монгол адуу гэдэг ахуйгаас үүдсэн гүн ухаан, түүгээр дамжаад  монгол хүний амьдралын, ёс зүйн, хүмүүжлийн маш их өв соёл тээгдэж ирсэн учраас бид чухлаар авч үзэх ёстой. Тэр бүхнийг зурж үзүүлье, монгол түмнээ хөглөж,  сэрээе  гээд зүтгэж байна” гэлээ.

Монгол адуу  биеэр  жижиг, нийтлэг төрхтэй гэдэг ч шигшмэл хурдан хүлгүүдийг тус тусад нь авч үзвэл өөр. Хүн болгоны  нүүр царай, дүр төрх өөр байдаг шиг адуу ч бас тийм. Ойлгоё гэж хүсвэл тэр бүхнийг олж харж болох нь. Ж.Ганболд үүнийг мэдрүүлэхээр хурдан хүлгийн шастиртаа босоо монгол бичигт оруулж, монгол зургийн аргаар 108 адууны хөрөнгө бүтээж буй аж. Гадуур нь эртний судар шиг  модон шогол  хийж байгаа гэнэ. Авсан айл өрх авдар дээрээ залж болно. Аль эсвэл бүгдийг нь жаазлаад өлгөж ч болох аж.

 

“ХАЛЗАНГИЙН УНАГА ХААНА  Ч УРАЛДАНА”

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, яруу найрагч С.Амартайван нарын шинэ номын нээлтийн үеэр.

Тэрээр адууны шастиртаа 1925 онд  амьдарч байсан түүхт хүн, Өвгөн ноён Хардэл жанжин бээс Пүрэвжавын домогт хүрэн азарганаас өгсүүлээд  алдарт уяач Д.Цэвэгмидийн их саарал, түүний төл Бөгөн хул азарга, түүний удам Хэнтий аймгийн Галшар сумын уяач  А.Банзрагчийн Улс, хувьсгалын 50 жилийн ойгоор тасархай түрүүлсэн хавчиг саарал  азарганы хөргийг мөнхөлжээ. Хурдны  өлгий  хэмээгддэг  Сүхбаатар нутгийн шандаст хүлгүүдийн дээд үе өвгөн ноёнтой холбогддог учраас шаштирын эхэнд ийнхүү оруулжээ. Өвгөн ноёны Элбэг хээр хэмээх азарганы домог бий. Эрт цагт Байшинтын дивиз гэж байхад аргал, түлээ бэлдэх алба үүрэг хүлээсэн  иргэд Хэнтий аймгийн нутгаас 300-400 км-ээс аргал  бэлдэхээр тэр нутгийнханд нь хурдан удмын адуу аваачиж өгч албаа ацагладаг байж. Тухайн үед аргалын ацагт ирсэн Далиу ногоон хэмээх азарга Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан чиглэлийн хурдан угшлын дээд өвөг юм. Энэ дотор “Халзангийн унага хаа ч уралдана” гэж ярьдаг удамт хүлгүүдийн түүх бас бий. Тэгвэл Халзан сумын хүн зон нь ч гэсэн дэлхийн дэвжээнд авьяас чадал, оюун ухаан, хоолойн цараараа уралдаж яваа нь бас гайхалтай. Энэ нутгаас холгүйхэн Уулбаян сумын Хоолой гэдэг газарт Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ  төрсөн бол, Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн Халзан сумын нутагт мэндэлсэн юм. Тэгвэл энэ цагийн дэлхийн дуучин, сонгодог урлагийн нэгэн  гайхамшигт төлөөлөл, Монгол Улсын гавьяат жүжигчин   Э.Амартүвшин Халзан сумын нутагт төрж,  Хатавчийн хийдийн туурин дээр дуулж өссөн түүхтэй. Э.Амартүвшин аавын  талаараа алдарт дуучин Ч.Шархүүхэнтэй төрөл бол  эрхэм хоёр дуучин манай нийтлэлийн баатартэй эгч, дүүсийн хүүхдүүд   ажээ. Мөн олон түмэнд “Монгол багш” хэмээн хүндлэгдсэн лхаарамба Д.Жавзандорж тэдний удмаас төрсөн  шашны зүтгэлтэн юм.

Манай нийтлэлийн баатрын аав  Д.Жагдар Сүхбаатар аймагт стастикийн алба байгуулахад анхны даргаар томилогдон ажилласан. Тухайн үед аймгийн  статистикийн товчооны даргын ажлыг 1960-1973 он хүртэл хашиж, 1974 оноос Улаанбаатар хотод ирж Сатистикийн төв газрын боловсон хүчний даргаар ажилласан. Ээж Л.Сугар нь  Сүхбаатар аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний салбарын анхны шанг таталцсан мастеруудын нэг. Сүүлд эдийн засагчаар суралцаж, ня-бо хийж байгаад гавьяаны амралтаа авчээ. Иймд тэрээр сүүлийн жилүүдэд  өвөг дээдсийн нутаг, аав ээж хоёрынхоо төрж өсч гэр бүл зохион амьдралаа  эхлүүлсэн Халзан сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн  ажилд хүчин зүтгэх болсон. Нутгийнхаа дүү нартай хамт гар сэтгэл нийлэн ажиллахад сэтгэл хөнгөрч, ухаан сийрэгжээд сайхан болчихдог хэмээн тэрээр ярьж байна.

Ж.Ганболд хоёр хүүтэй. Амьдралын сайн муутай учирч, давж туулсан жирийн нэг эр хүн.  2000-аад онд анхны ханиасаа салсан ч хоёр хүүгээ  өөрөө өсгөсөн. Хүүхдүүдээ өсгөх гэж бүдрэх үе байсан ч бор дарс эргүүлж доош орсон уу, гэвэл үгүй. Хоёр идэхгүй  ч хоосон хонохгүйн төлөөх тэмцэлд тэр  бууж өгсөнгүй. Хөвгүүд нь даруу төлөв учраас түүнийг зовоолгүй өсч өндийж том нь банк  санхүүгийн чиглэлээр, бага нь барилгын салбарт ажиллаж, өдгөө өрх тусгаарлан амьдрал зохион өнөр бүлийн эзэд болсноор Ж.Ганболд дөрвөн сайхан ачтай өвөө болжээ. Амьдрал баян, тэр дотор  олон юм бий. Түүнийг зөв, буруу гэж зааглахаас илүү бурууг нь зөв болгох гэж амьдарвал илүү утга учиртай. Зөвийг нь буруу болгоод байвал яахин амьдрах билээ. Хүн ерөөс ухаарч амьдарвал сайхан.  Хөгшин, залуу ялгаагүй хүн бие биеэ хүндэлж, үгээ бодож хэлж явбал хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас бүх зүйл гэгээн сайхан болохын эхлэл болж байдаг хэмээн тэрээр хэлсэн. “Амьдралын тойрог”-ийн эзэн маань одоогийн хань Ч.Саруултайгаа сүүлийн 10-аад жил хамт амьдарч байгаа гэнэ.  Түүний гэргий  үйлэнд уран, зах зээлийн үеэс оёдолчин, эсгүүрчин гээд олон чиглэлээр ажиллаж ирсэн. Өдгөө гэрийн эзэн хөөргөө урлаж, гэргий нь ханийнхаа гаргаж өгсөн зураг эсхизээр уран хатгамалын гайхамшиг зүү ороож чимэглэсэн торгон  даалин урлаж сууна. Даалин бүхэн бас өвөрмөц онцлогтой. Зэрэг зиндаа, ёс төрийг илэрхийлж байдаг. Энэ онцлогийг тэрээр чадамгай гаргаж урлаж байгаа аж.

Монгол өв уламжлал, ур ухааныг нэгэн цогц болгож залуус, хойч үедээ өвлүүлэхэд сэтгэл чилээн, хийж бүтээж суугаа уран бүтээлчийн “Амьдралын тойрог” гэхээс илүүтэй ухааны тойргоор уншигч олноо аялуулахад ийм байна.  Эцэст нь тэмдэглэхэд “Амьдралын тойрог”-ийн зочин маань “Өв соёлыг хүнээс хол зүйл гэж ойлгуулж болохгүй. Заавал юм бүтээхийг ч бас хэлэхгүй. Өв соёл дэргэд байдаг. Нүүдэлчдийн ахуйгаар дамжиж ирдэг  эд. Би түүнийг дамжуулахын тулд зурж байна, чулуугаар хөөрөг хийгээд танилцуулж байна. Ингэснээр гүүр болох үүргээ гүйцэтгэж байгаа юм. Гүүр биш гэхэд тэр гүүрний нэг банз ч болтугай болохыг зорьж  яваа юм. Өв соёлоо өөрөөсөө хол гэж бүү бодоорой, чиний дэргэд байгаа. Аав ээж, өвөө эмээгийнхээ үгийг сонсч байгаарай” гэснийг тэмдэглэе. Монгол хүн бүр эрт эдүгээгээс энэ цагийг хүртэл  нүүсээр  ирсэн нүүдэлчдийн соёлыг нүүдлээс нүүдэлд ачиж тээж дараа үедээ хүргэж өгөх хүндэт үйлсийн эзэн байгаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.30  ДАВАА  № 60, 61 (6285, 6286