МАХН,  Монголын либериал намтай хамтран ажиллана

0
хуваалцах
146
үзсэн

Ц.БАЯР

МАХН, Монголын Либерал нам хамтран ажиллахаар болж, өнгөрсөн баасан гаригт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.  Санамж бичгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Монголын Либериал  намын УЗ-ийн дарга Б.Даваа

сүрэн нар байгууллаа.  Хоёр нам ард түмний эрх ашгийг хамгаалах, улс орноо хөгжүүлж,  залуучуудаа өндөр боловсролтой болгох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, байгалийн баялгийг ард түмний дундын өмчид шилжүүлэн хөгжлийн хөшүүргэ болгох, төр засгийг авлигаас ангид байлгах зэрэг үзэл баримтлал дор нэгдэж буйгаа зарласан юм. 

Нөгөө талаар шударга ёсыг сэргээн тогтооход хэт олон улс төрийн нам байх нь хүч, боломжоо тарамдуулах тул нэгдэж тэмцэх нь Монголын ард түмэнд тустай хэмээн үзсэн байна. Улмаар МАН,  АН-ын 30 орчим жилийн тасралтгүй ноёрхлыг эцэс болгохын тулд Монгол Улс хоёр намын боловсон хүчний оюуны хүч, үнэт зүйл, гишүүд  дэмжигчдийн итгэл үнэмшил ард түмний хүсэл, хүлээлтийг үндэслэн хоёр намыг нэгтгэх нь зүйтэй  гэдгийг санамж бичигт дурдсан байна.  

Мөн энэ үеэр хоёр намын нэгдэх үйл явцыг хуулийн дагуу зохион байгуулахыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б. Тулга, МЛН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашзэвэг нар хариуцан  намын тус тусын болон хамтарсан их хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр тохиролцов.

Намууд “Шударга бол  Эвтэй, Эвтэй бол Хүчтэй” гэсэн эрхэм зарчмыг удирдлага болгон “Монголын улс төрийн намуудын нэгдэх хөдөлгөөн”-ийг өрнүүлж,  ард түмнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэн дээдлэх Монгол хүний авьяас чадварыг бүрэн нээн хөгжүүлж, улс орноо дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд богино хугацаанд багтаан оруулахын тулд улс төрийн намууд нэгдэхийг уриалж байгаагаа санамж бичгээр тунхаглав.

Санамж бичиг байгуулах үер МАХН-ын дарга Н.Энхбаяр цахимаар холбогдож баяр хүргэж  үг хэлсэн юм.

Тэрээр “Нийт монголчууддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Манай нам, Засгийн газрын коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлыг зөв гэж үзэж байгаа. Би тусгаарлалт, ажиглалтад 21 хонож байна. Миний биеийн байдал сайн байна. Гэхдээ зөвхөн тусгаарлах, хориглох, аргалах байдлаар энэ хориг арга хэмжээг авч болохгүй. Эдийн засаг хүндэрч жижиг дунд бизнесийнхэн хүнд байдалд орж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Эрдэмтэд санаа зовж эхэлсэн байна. Энэ байдалд Монголбанк, Засгийн газар  арга хэмжээ авахгүй, хангалтгүй ажиллаж ард түмнийхээ хүсэл сонирхлыг үл хүндэтгэн  алгуурлаж байгаад харамсаж байна. Удахгүй сонгууль болно. МАН, АН нам булхай, луйвраар өнгөрсөн сонгуульд  ялсаар ирсэн. Яагаад ялдаг гэвэл эдгээр хоёр намын анхан шатны бүтцэд ажилладаг нөхдүүд сонгуулийг өөрсдийн талд өгсөн болгож иргэдийн саналыг худалдан авч саналын хуудас руу хийдэгт байгаа юм. Ард түмний үнэнээр өгсөн саналыг өөрсдийн талд бичсэн саналын хуудсаар  солих аргаар УИХ-ын суудлыг авсаар ирсэн. 2016 онд энэ аргаараа 80 гаруй хувийн суудал дангаар авсан. Тиймээс энэ шударга бус сонгуулийн эсрэг улстөрийн намууд нэгдэн нийлж үйл ажиллагаагаа эрчимжүүлж ялалт байгуулахад үр дүнтэй байна” гэсэн юм.

 Монголын Либериал намын УЗ-ийн дарга Б.Даваасүрэн “Манай нам оюуны өндөр чадамжтай хэсгийн төлөөлөл тэр утгаар шударга ёсны төлөө тууштай тэмцэж эв нэгдлийг эрхэмлэдэг МАХН-тай нийлж хүсэл зорилго руугаа дөхөх  алхмаа нэг шатаар ахиулах нь манай нийт ард түмний эрх ашигт нийцэх учиртай. Тиймээс манай нам нэгдэх санаачлагыг ийнхүү санамж бичгээр байгуулж байна. Нэгдэнэ гэдэг манай нам хүчээ зузаатгаж байгаа гэсэн үг юм. Тиймээс улс төрийн намууд нэгдэж нийлэх нь эв нэгдэлтэй, хүчтэй болох учиртай” гэлээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.30  ДАВАА  № 60, 61 (6285, 6286)