Б.ОЮУНЗУЛ 


Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын одоогийн Гагарин хот ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Эцэг эх нь хамтралын ажилчид байв. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг. Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. Гагарин Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. 1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисгэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна. Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий Гагарин сонгогджээ.

 

1961 оны 4 сарын 12-нд Гагарин Восток-1 гэж алдаршсан хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг оросоор Кедр байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон байна. Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай холбоотой. Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байжээ. Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал гаргажээ. 2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарласан байна.


1866 онд. АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жексоны санаачилсан хуулийг дэмжих уриалгыг конгрессын гишүүдэд илгээв.
1871 онд. Регби спортын анхны олон улсын тоглолт Шотланд-Английн хооронд болж Шотландчууд ялалт байгуулжээ.
1899 онд. Тухайн цаг үедээ анх удаагаа Филипинийн цэргийн хүч Марилао голын эрэгт Америкийн цэргийн хүчтэй тулав.
1938 онд. Хятад-Японы хоёрдугаар дайн: Тайежүаны тулаан эхлэв. Энэ тулаан Хятадын ялалтаар өндөрлөсөн билээ.
1980 онд. Норвегийн газрын тос олборлогч Александер Л.Киланд далайн олборлох тавцан осолдож 123 хүн амиа алдав.
1981 онд. Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөни өрнөжээ. Жагсаалд 12 сая Польшчууд оролцсон байна.
2009 онд. Индонезийн Ситу Гинтунг нэртэй далан нурж улмаар хиймэл нуур хот орсоноор 99 хүн амиа алдав.
2014 онд. Филиппиний засгийн газар тус улсын хамгийн том Муслим шашны хөдөлгөөн болох Моро Исламын чөлөөлөх фронттой гэрээ байгуулж хурцадмал байдлыг намжаажээ.
Эх сурвалж www.zms.mn