Ц.БАЯР

Өнөөдөр/03.27/ МАХН, Монголын Либерал намууд нэгдэж байгаагаа зарлаж харилцан ойлголцлын санамж бичгийг “Үндэсний мэдээллийн төв”-д байгуулав. Санамж бичгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Монголын Либериал  намын УЗ-ийн дарга Б.Даваасүрэн нар төлөөлж намын бусад гишүүд байлцан  байгуулав.  Хоёр нам ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах, улс орноо эрчимтэй хөгжүүлж,  залуучуудаа өндөр боловсролтой болгох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, байгалийн баялагийг ард түмний дундын өмчид шилжүүлэн эрчимтэй хөгжлийн хөшүүрэг болгох , төр засгийг авлигаас ангид байлгах зэрэг асуудлаар ижил төстэй байр суурь баримталдаг учраас ийнхүү  нэгдэх шалтгаан болсноо  онцлоод байна. Шударга ёсыг сэргээн тогтооход хэт олон тооны улс төрийн нам байх нь хүч, боломжоо тарамдуулах тул нэгдэж тэмцэх нь Монголын ард түмэнд тустай хэмээн үзсэн байна. Улмаар МАН ба АН-ын 30 орчим жилийн тасралтгүй ноёрхлыг эцэс болгохын тулд Монгол Улс дахь улстөрийн намуудын нэгдэх хөдөлгөөнийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж тус хоёр намын боловсон хүчний оюуны хүч, үнэт зүйл, гишүүд  дэмжигчдийн итгэл үнэмшил ард түмний хүсэл, хүлээлтийг үндэслэн хоёр намыг нэгтгэх нь зүйтэй  хэмээн үзсэн гэдгээ санамж бичигт дурдсан байна. Түүнчлэн нэгдэх үйл явцыг хуулийн дагуу зохион байгуулахыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б. Тулга, МЛН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашзэвэг нар хариуцан  намын тус тусын болон хамтарсан их хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр тохиролцов.  Мөн “ Шударга бол  Эвтэй, Эвтэй бол Хүчтэй” гэсэн эрхэм зарчмыг удирдлага болгон “Монголын улс төрийн намуудын нэгдэх хөдөлгөөн”-ийг өрнүүлж ард түмнийхээ ашиг сонирхолыг хүндэтгэн дээдлэх Монгол хүний авьяас чадварыг бүрэн нээн хөгжүүлж, улс орноо дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд богино хугацаанд багтаан оруулахын тулд улс төрийн намууд нэгдэхийг уриалж байгаагаа санамж бичгээр тунхаглав. Монголын Либериал намын УЗ-ийн дарга Б.Даваасүрэн “ Манай нам оюуны өндөр чадамжтай хэсгийн төлөөлөл тэр утгаар шударга ёсны төлөө тууштай тэмцэж эв нэгдлийг эрхэмлэдэг  МАХН-тай нийлж хүсэл зорилго руугаа дөхөх  алхамаа нэг шатаар ахиулах нь манай нийт ард түмний эрх ашигт нийцэх учиртай. Тиймээс манай нам нэгдэх санаачлагыг ийнхүү санамж бичгээр байгуулж байна. Нэгдэнэ гэдэг манай нам хүчээ зузаатгаж байгаа гэсэн үг юм. Тиймээс улстөрийн намууд нэгдэж нийлэх нь эв нэгдэлтэй, хүчтэй болох учиртай” гэсэн юм.  Тус санамж бичиг байгуулах үер МАХН-ын дарга Н.Энхбаяр видео лайваар холбогдож баяр хүргэж  үг хэлсэн юм.

Тэр хэлэхдээ  “ Нийт Монголчууддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье.  Манай нам, Засгийн газрын коронагийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлыг зөв гэж үзэж байгаа. Би тусгаарлалт, ажиглалтад 21 хонож байна. Миний биеийн байдал сайн байна. Гэхдээ зөвхөн тусгаарлах, хориглох, аргалах байдлаар энэ хориг арга хэмжээг авч болохгүй. Эдийн засаг хүндэрч жижиг дунд бизнесийнхэн хүнд байдалд орж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Эрдэмтэд санаа зовж эхэлсэн байна. Энэ байдалд Монголбанк, Засгийн газар  арга хэмжээ авахгүй, хангалтгүй ажиллаж ард түмнийхээ хүсэл сонирхолыг үл хүндэтгэн  алгуурлаж байгаад харамсаж байна. Удахгүй сонгууль болно. МАН, АН нам булхай, луйвараар өнгөрсөн сонгуульд  ялсаар ирсэн. Яагаад ялдаг гэвэл эдгээр хоёр намын анхан шатны бүтцэд ажилладаг нөхдүүд сонгуулийг өөрсдийн талд өгсөн болгож иргэдийн саналыг худалдан авч саналын хуудас руу хийдэгт байгаа юм. Ард түмний үнэнээр өгсөн саналыг өөрсдийн талд бичсэн саналын хуудсаар  солих аргаар УИХ-ын суудлыг авсаар ирсэн. 2016 онд энэ аргаараа 80 гаруй хувийн суудал дангаар авсан. Тиймээс энэ шударга бус сонгуулийн эсрэг улстөрийн намууд нэгдэн нийлж үйл ажиллагаагаа эрчимжүүлж ялалт байгуулахад үр дүнтэй” гэсэн юм.

Эх сурвалж:  www.polit.mn