Н.ДАЯН

Социализмын үеийн Монголын мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн утга билэгдэл төгөлдөр нь нэгтийн дэвсгэрт гэж хэлж болно. Түүнээс монгол зураачийн ур, ухаан мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг. Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхийг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүр гуайг дуудан шалгаж байсан гэдэг. Улсын мөнгөн тэмдэгтийн эх бэлтгэхэд түүнтэй хамт ажилласан Д.Цэрэнпил “Минжүүр гуай бийрээ босоо бариад хоёр хурууныхаа дунд эргүүлж байгаад зураас татдаг, дугуй цагаригийн дүрсийг маш нарийхан зурааснаас эхлээд бүдүүрүүлсээр яг л гортигоор татсан мэт дүрс гаргадаг хосгүй чадалтай. Ёстой хялгаснаас ч нарийн татна шүү дээ” гэж түүний зурах авьяасыг магтсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284