Б.САРУУЛ

Энэ удаагийн “Өөрөөс эхлэх амьдрал” буландаа цахим ертөнцөд “Гэрэл түгээгч”, хэлний өндөр мэдлэгтэй, хит номуудын эзэн болох Ж.Наранаг урьж ярилцлаа.

 

-Таны зохиол, бүтээлүүдээс уншдаг хүний хувьд ямар айл байх бол. Эмх цэгцтэй, бүх юм нь тодорхой тийм айл байх гэж төсөөлж байлаа. Төсөөллөөр байна шүү. Гэртээ хүлээн авсанд баярлалаа?

-Орост “Миний гэр, миний цайз” гэсэн үг байдаг. Тэгэхээр хамгийн тав тухтай өөрөөрөө байх, хэнээс ч хамаарахгүй орчин хүний гэр орон шүү дээ.

-Та амьдралыг бүтээх мөн чанарыг юу гэж хардаг вэ. Таны амьдралд хамгийн зөв эргэлт буюу эхлэл юу байсан бэ?

-Хүн хүртээмжтэй, сахилга баттай, хариуцлагатай амьдрах ёстой л гэж боддог. Үүнийг өөрөөсөө л эхэлнэ. “Өөрөөс эхлэх амьдрал” гэдэг чинь надад ямар нэгэн ачаа ирж байвал би даах л ёстой. Тэрийг дааж гарахгүйг мэдсэн бол өгөхгүй. Сэтгэлээ жолоодож чадвал “Өөрөөс эхлэх амьдрал” илүү гэрэлтэй байна.

-Та бид хоёрыг илүү дотно болгох орон зай номын бүтээл байсан. Анх “Ханзны хатан хаадын хилэнц”-ийг уншаад Нарана гэж ертөнц хэн бэ гэдгийг төсөөлсөн. Энэ романыг ярихаар танд сайн, муу олон зүйл санагдаж байгаа байх. “Хужаа Нарана” нэр автлаа сайн муугаар их хэлүүлсэн дээ?

-Эрлийзээрээ мөн ч их дуудуулсан даа. Их хэцүү байсан шүү дээ. Хүн болгонд би эрлийз биш гээд л. Сүүлдээ бүр Live хийж үзсэн. Хэн ингэж хүмүүст өдөр, шөнөгүй доромжлуулж байдаг юм гээд боливол болино. Хамгийн гол нь бодит явдлаас сэдэвлэсэн гэдгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд хүрээд байдаг юм. Түүнээс биш би өөдөө харж байгаад XIII зуунд тийм хатан байжээ гэж зохиогоод биччихвэл хүрэхтэй үгүйтэй. Сүүлд гаргасан Балжмаахан жишээ нь би буриад зон олон тэр дундаа ээжийнхээ талыг бичсэн.

-Хайрлаж бичсэн зүйл хүмүүст хүрэхдээ илүү дотно мэдрэмжийг төрүүлдэг юм болов уу гэж Оросын жүжигчид, дуучдын тухай номуудыг уншиж байх үед бодогдсон?

-Тэр жүжигчний номыг уншсан хүмүүсийн надад хэлж байгаа нэг сонирхолтой юм нь “Ямар сонин юм бэ. Би Алла Пугачёвагийн тухай мэднэ гэж бодож байсан чинь юу ч мэддэггүй юм байна гэж уншсан хүн болгон хэлэхээр сонин байгаа биз. Хувийн зүйлийг нь бичиж байгаа шүү дээ. Түүнээс биш эрдэм шинжилгээний ажил бичээд тэр дууг тийм зохиогчтой тэдэн онд тэгж дуулаад, концерт дээр тэгээд... Тэр бол сонин биш. Тэр бол зүгээр л тоо томъёо. Энд тэндээс хуулалт, тэрэн шиг амархан юм байхгүй.

-Та хувь хүний хөгжлийн тухай бичиж анх гарч ирсэн. Хувь хүний хөгжилд юу байдаг вэ?

-Хүний амьдралын эргэлт. Азтай эргэлт байсан уу, азгүй эргэлт байсан уу. Тэр эргэлтэд хажууд нь хэн байсан бэ. Яг тэр хэн байснаас шалтгаалаад хүний амьдрал сайн, муу тал руугаа алга урвуулж байгаа юм шиг өөрчлөгддөг юм билээ. Айхтар гоё явж байсан, мандаж байсан сайхан залуу, алдар хүнд, цол шагналын дээдийг авсан хүн пар гээд л унаж байгаа байхгүй юу. Уначихаад боссон уу, үгүй юу бас сонин. Зарим нь босно, зарим нь босохгүй. Тэгэхээр энийг уншсанаар хүн өөрийнхөө амьдралыг эргэцүүлж бодно. Чи хэчнээн хөөрхөн, авьяаста, одтой бай энэ бол зүгээр л тухайн цаг үеийн чиний оршин буй тэр оршихуй. Жишээ нь манай энэ гэр бол цоо шинээр миний охин бид хоёр хоёулхнаа бүтээсэн хэн нэгний тусламжгүйгээр хоёр эмэгтэй хүний үхтлээ зүтгэж байж босгосон орон гэр маань энэ. Би бол жирийн нэг охинтойгоо амьдарч байгаа энэ улсын нэгэн иргэн.

-MN25-ын Балдорж гуайн өөрөө хөтлөөд явуулдаг байсан танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээний оролцогч “ялагч” гэдгээр тань таныг хүмүүс их мэддэг юм билээ. Тэр гоё дурсамжаасаа хоёулаа яръя л даа.

-Яг хорин жилийн өмнөх юмыг чи ухаад гаргаад ирлээ. Бас л сонин түүх шүү энэ. Эдүгээгээс яг хорин жилийн өмнө буюу 2000 онд шүү дээ. Миний ээж бүртгүүлчихсэн байсан. Би өөрөө бол бүртгүүлнэ гэж байхгүй ш дээ. Ээж маань Монголд яг Оросынх шиг. Чи ингээд л Оросын юм таагаад л суудаг юм чинь Монголынх ингээд гарч байна. Тархи толгойгоо сориод үзчих хүү минь. Тархин доторх өөрийнхөө багтаамж, оюун ухаанаа хүмүүст дэлгээд харуулчихад буруудах юу байх вэ дээ. Магадгүй чамайг өөр маягаар харж байсан хүмүүс чамайг дахиад өөр маягаар харах ч юм билүү гээд тэгж орсон түүхтэй. Тэгээд эцэст нь яасан гэхээр 36 хүн оролцсон 6 удаагийн нэвтрүүлгээс нэг, нэг ялагч гараад 6 хүн хоорондоо шовхоо үзсэн. Хэн хамгийн супер нь юм бэ гэдгийг харуулах гэж байгаа байхгүй юу. Үүнд би орсон, ялсан. Улаанбаатар-Москва-Улаанбаатарын онгоцны тийзээр, мөнгөөр шагнуулаад бөөн юм болсон. Тийм гоё, гоё юм болж байлаа.

-Балжмааханыг уншихад буриад зоны хэллэгүүд ороод ирж байгаа юм. Тэгэхээр хэлний авьяастай бүсгүй юм байна гэдгийг таны зохиол бүтээлээр чинь дамжуулж олж мэдсэн шүү?

-Миний ижий буриадаар ярьдаггүй хүн байсан юм. Өөрөө цэвэр халх дуудлагатай. Яагаад гэхээр эмээ “Та нар хэл амнаасаа болж байж амьтанд гадуурхагдуузай. Эсэргүүний үр сад гээд сүйд болно шүү. Хэлмэгдэлтийн үе чинь аюултай. Тэгэхээр халхаар цэвэр ярьж сурна” гэсэн. Гэтэл хар аяндаа цаанаасаа далдаас хэн нэгэн надад хэлж өгч байгаа юм шиг урсгалаараа буриадаар бичигдээд байсан. Үндэс, язгуур, яс, цус чамд байгаа л бол хэл соёлыг ямар нэг байдлаар эзэмших ёстой гэж боддог.

Ерөөсөө “улс үндэстэн хэл, соёл нь л байгаад байх юм бол тэр үндэстэн оршин тогтноод байдаг”. Хэл соёл байхгүй болчихвол тэгээд л дуусаа.

-Хэлмэгдүүлэлтийн олон арван зохиол бүтээлүүд дундаас таных амьдрал, ахуйг түлхүү харуулсан юм шиг санагдсан.

-Монгол эрэгтэй зохиолчид, дэлхийн ч гэсэн ер нь өөр байдаг. Эрэгтэй зохиолчид аливаа зохиол бүтээлээ глобал, ерөнхий бичдэг. Удирдагч нарын тухай тэдний шийдвэрийг нарийвчлан бичдэг хэдий ч энэ шийдвэрийн ард авгай хүүхний өдөр тутмын амьдрал ахуйд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг хөшигний цаана хэвээр л үлдсэн байдаг.

Тэдний хараагүй өнцгийг  нь би олж харснаараа л өөр байх. Тэгээд би түүнийг нь мэддэг байсанд хамгийн гол нь байгаа юм. Яагаад вэ гэхээр ээж, нөгөө хөгшчүүл надад ярьчихдаг. Манай буриад хөгшчүүл чинь их ярина шүү дээ. Ёстой ингээд, хоёр тугалтай үнээгээ өгөхгүй гээд сүүлэн дээр нь гишгээд гээд л үзүүлж ярина. Буриадууд чинь бас сүртэй ярина шүү дээ. Тэр нь ерөөсөө арилахгүйгээр үлдчихдэг юм байна.

1936 онд манай эмээгийн дүү “Хаартны” хэргээр орохгүй юу. Хутга шөвөг болоод. Тэр 10 жил суугаад 1946 онд гарч ирж, нутагтаа цор ганц “бүдүүн эр хүн” болж байсан гээд бод доо. Аймшигтай байгаа биз. Тэр хүн 1936 онд суугаагүй байсан бол 1938 онд бас л ачигдах байсан байгаа байхгүй юу. Түүний цаана үлдсэн авгай, хүүхнийг хэн анхаарсан юм бэ, хэн ч анхаараагүй. Хэн ч хэлээгүй. Хамгийн аймшигтай нь манай эмээ үхэн үхтлээ нөхрөө хүлээсэн. Тэр үед одооных шиг ийм байгаагүй.

Нөхрийг чинь буудсан ч гэж хэлээгүй. Тэгэхээр тэр амьдралыг сонссон учраас, ээж, ааваасаа мэдэрсэн, хамаатны хөгшчүүлээсээ сонссон. Би тэрийг илүү гаргаж бичих, надад тэр өнцөг бүрэлдсэн байх гэж би бодож байна. Хүмүүс буриад эмэгтэйчүүд ингэж босож ирж байж, хүүхдүүдээ ингэж амьд үлдээж байж гэдгийг мэдсэн юм чинь миний энэ одооны энэ зовлон ч ёстой юм биш байнаа” гэж уншсан ямар нэгэн хэцүү амьдралтай эмэгтэй зориг орохыг би таашгүй шүү дээ.

Үүний хамгийн сүүлчийн мессеж, хэлэх гээд байгаа санаа маань өвөөгийн хэлснээр “Аз жаргалыг бусдын нутгаас бүү хай.”

 Хүний төрсөн нутаг шиг ээлтэй, ахуй, орон хаана ч байдаггүй юм байна. Бид тэндээ байсан бол гэж харамссан байдаг байхгүй юу. Үр ачдаа үүнийг л захиж хэлээрэй. Бүгдэд хэлээрэй гэсэн байсан. Хаана төрсөн хүн, тэндээ л жаргалтай. Түүнийхээ төлөө өөрөө зүтгэ, хөдөлмөрлө. Ердөө л энэ. Түүнээс бусдын нутгаас аз жаргал, тухайн үед байж болох юм. Гэхдээ л эцсийн эцэст ясаа тавих нутаг чинь төрсөн нутаг шүү гэдгийг сүүлийн роман дээр үзүүлсэн. Манайхан чинь Англи, Америкт оччихсон гоё байгаад байна шүү дээ. Үнэхээр тэнд жаргаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэд дахиад 10 жилийн дараа, дахиад 20 жилийн дараа яг тэр хэвээрээ тэндээ байх уу, үгүй юу бид тааж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бид нар хэдийгээр эндээ шахцалдаж байгаа, тавгүй байсан ч гэсэн бид нар л Монголыг хөгжүүлнэ шүү дээ. Бид нарын өмнөөс хөгжүүлэх амьтан олдохгүй. 30 жил хүлээлээ. Одоо байхгүй юм байна.

Таны ярианаас “Амьдрал бол роман” юм. Тэр роман дээр сайнаар бичигдэх үү, муугаар бичигдэх үү, биднээс шалтгаална. Өөрөөс эхлэх юм байна гэдгийг илүү гүнзгий ойлголоо. Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284)