Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандаж уриалга гаргасан.  Энэ дотроос коронавирусын халдвартай холбоотойгоор 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулъя гэсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.  Тэгвэл Ерөнхийлөгчийн уриалгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  ХЗДХ-ийн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарын байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулж болно

 

-Төрийн тэргүүн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан уриалга гаргалаа. Нэгдүгээрт,  төсвийн тодотгол хийх асуудлыг хөндсөн. Зарчмын хувьд зөв. УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийг хэмнэх уриалгыг нь ч дэмжиж байна.  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахтай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж болно.  Манайд санал өгөх 2.1 сая гаруй иргэн бий. Тиймээс эрдсэлт нөхцөлд сонгууль хийж, хөл хөдөлгөөнд оруулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ-аар хэлэлцэж, онцгой нөхцлөөс хамаарсан шийдвэрийг гаргах байх.  Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд ч холбогдох зохицуулалтууд бий.   Өвчлөл намжих үед буюу Орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийг зохион байгуулж болно. Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтэд халдвар гараад байна. Цаашид цаг минутаар өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй.  Олон улс орон эдийн засаг, улс төрийн хүнд нөхцөл байдалд байна.  Зарим нь эхнээсээ сонгуулийн үйл ажиллагаагаа цуцлаад эхэлсэн. Тэгэхээр нөхцөл байдлаа дүгнэж, сонгуулийг хойшуулах асуудлыг ярих нь зөв. 

 

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: Цар тахлаар далимдуулж Үндсэн хуулийн бус дэглэм тогтоох яриа байж болохгүй

 

-Ерөнхийлөгчийн уриалгад дурдагдсан 1, 3, 4 дэх  арга хэмжээг бүрэн дэмжиж байна. Харин 2, 5, 6-д дурдагдсан зүйлс Үндсэн хуульт ардчиллаас ухарсан, илт Үндсэн хуулийн бус удирдлага санал болголоо.  Тухайлбал зургадугаар хэсэгт хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэжээ.  Түүнийгээ уриалгадаа ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм гэжээ. Мөн тавдугаар хэсэгт аливаа асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах гэжээ.  Энэ бүхэн нь   эргэлзээ, болгоомжлол төрүүлж байна. Төрийн бүх эрх мэдэл тэнд төвлөрнө гэсэн үг.  Цар тахлын дэгдэлтээс шалтгаалж сонгууль хойшлох шаардлага гарахыг үгүйсгэхгүй.  Дэлхийн 198 онд халдвар дэгдэж цаг үеийн байдал хэцүү байна. Гэхдээ цар тахлаар далимдуулж Үндсэн хуулийн бус удирдлага, ардчилал, хүний эрхийн баримжаагүй дэглэм тогтоох тухай асуудлыг Төрийн тэргүүн нь гаргаж болохгүй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284