Р.ОЮУН

“Доктор Баатар” брэндийг үүсгэн байгуулагч, “Оточ Одь” ХХК-ийн ерөнхий захирал, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор П.Баатарыг “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийн зочноор урилаа.

 

-Таньтай уулзсаных Монголын уламжлалт идээ, ундааны талаар яриагаа эхэлмээр санагдлаа?

-Монголчуудын уламжлалт идээ, ундааны соёл эрт дээр үеэс байсан, хэдэн мянган жилийн түүхтэй. Хүний биед байгаа дархлаагаа дөрвөн улирал, таван махбодь, зургаан цагтаа тааруулж ирсэн уламжлал, заншил ард түмний дунд байсан. Тэр дундаа лам хүн сайхан цайны жоруудтай байлаа. Энэ олон жорны нууцыг би багшаасаа тодорхой хэмжээгээр сурсан. Би Багшийн дээд сургуульд байхдаа Цэвээнбазар гэдэг ламын гэрт амьдардаг байлаа. Би энэ хүнтэй 12 жил хамт байсан. Энэ лам хужир, хонины шимт дөрвөн яс, булууны ясыг гуулин данхныхаа талаар нь хийгээд дээрээс нь сүү хийж 2-3 сар чанахад яс нь шар ногоон өнгөтэй болсон ч чанаж уухдаа 360 удаа самардаг байсан юм. Үүний үр дүнд Цэвээнбазар гуай 96 наслахад 32 шүд нь бүгд байсан. Гашуун, гошуун, амтлаг, чихэрлэг цай нь хүний биеийн дотоод хүч, хий цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс тухайн хүний бодисын солилцоонд хэрэгтэй эрдэс бодис, долоон тамир, хий, шар, бадганы элемент, таван махбодь, 21 билиг чанартай цайг монголчууд идээ, ундаа, цаг агаартаа тохируулж хэрэглэдэг байсан. Тухайлбал, Баянхонгор аймгийн Дамбий ламын ээж манатай цайг 40 жил ууж 90 гаруй насалсан. Эмийн ургамлыг олон зүйлтэй нийлүүлж ууж байсан туршлагууд бий. Манай говь хужир ихтэй болохоор загасгалтай цай уух дуртай. Ер нь нутаг нутгийн цай өөрийн гэсэн онцлогтой байдаг.

-Таны багш лам байсан гэлээ. Мөн таныг 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны говийн ес дэх үеийн маарамба гэж сонссон. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбоотой байх нь ээ?

-Тийм ээ. Би хамрын хийдийн гэсгү лам. Нямаев, Гарваев гэдгийн улааны шашин талын гэсгү лам гэсэн үг. Яагаад лам болсон юм бэ гэхээр таны асуудаг жүд дамжлагыг авахад заавал лам багшийн шүтэн барилдлага, амьтны тусыг бүтээхийн тулд багш шавь хоёрын хоорондын оюун ухааны, сүнсний, бие сэтгэлийн үнэт тангараг байх ёстой. Түүнээс бодь сэтгэлгүй, амьтны тусын нинжин сэтгэлгүй, номлолгүй, сэтгэлээсээ юманд хандахгүй бол жүд номонд оршиж цааш уламжилж ирдэггүй. Тиймээс багш намайг лам бол гэснээр 1990 онд лам болж Хамрын хийдийн гэсгү болсон. Жүд номыг шууд нэг өдрийн дотор бүгдийг нь хийхгүй. Энэ хүнд асрахуйн болон бодь нинжин сэтгэл байна уу, тухайн хүний сэтгэлийн мөн чанарыг шинжиж цаашид олон түмэнд чинь сэтгэлээсээ үйлчилж чадах нь уу гэдгийг олон хоног намайг дагуулж явж, өөрөө зааж өвлүүлж өгсөн. Нас барахынхаа өмнө сүнсний байдлаар чихэнд минь шивнэн хэлж, мөн ном судраараа өгч байсан. Тиймээс жүд дамжлага буюу багшийн тангараг, алдрыг дуурсгаж явна. Ийм шавийг дээр үеийн лам нар гэрийн сургалтаар шавиа болгож авдаг уламжлалаараа явсан. Би ес дэх үе нь, олон жил болоход жүд ном дундаа тасраагүй. Одоо би 10 дахь жүддээ эрдэнийн эмийг хийх ёс, эм таних ёс, аливаа ажилд үнэнч, шударга байх, эмээ багш нарын өгсөн  жүд ном, судрын дагуу шүн жороо бэлдэх маягаар 1986 оноос хойш өнөөг хүртэл эмнэлгийнхээ үйл ажиллагааг чадлынхаа хэрээр багш нарынхаа зааж сургаснаар явуулж байна.

-Миний хувьд би тийм эрдэм чадалтай хүн биш. Багш нарынхаа дэргэд хумсын чинээ өчүүхэн амьтан.

-Мэдээж маарамбыг сонгоход хэцүү байдаг байх. Таныхаар маарамба гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Амаргүй юм билээ. Миний хувьд би тийм эрдэм чадалтай хүн биш. Багш нарынхаа дэргэд хумсын чинээ өчүүхэн амьтан. Багш маань маарамба сонгох талаар ярих их дуртай байсан. Учир нь Дамчаа маарамба 28 хүүхдийг сонгон авч. Анагаах ухааны дөрвөн үндэс номонд мод тарих ёс гэж байдаг. Тэр ёсонд эрүүл, дүр урвасан, өвчтэй хүний мод гэж анатоми шиг зураг бий. Өвчин нь өөрөө урвасан хүний мод гэж байна. Өвчтэй байгаа хүнийг эмнэх модны 224 навч зураад түв, монголоор цээжилдэг. Энэ нь хүний биед байгаа анатоми юм. Энэ хүнийг эрүүл явуулах уу, шээс, нүд, өтгөн, хөмсөг, нүүрийг нь хараад ямар өөрчлөлт байна гэдгийг энэ модон дээр бичсэн байдаг. Тэгээд багш нь 28 хүүхдээ хэр цээжилснийг нь шалгахад манай багш 224 навчийг үнсэн самбар дээр түвдээр бичиж, цээжээр уншуулахад бүгдийг нь зөв бөглөсөн гэсэн. Тэгсэн багш нь “Энэ хөндлөн толгойтын эрдэм нь 60 жилийн дараа гарах золиг юм. Бусад нь яах вэ ойр зуурын гүрэм ном хийгээд нас ч наслахгүй, жүдээ цааш нь дамжуулахгүй юм байна” гэдгийг таван настай байхад нь хэлсэн гэдэг.

Дээр үеийн багш нар шавийгаа бэлдэхдээ билгийн нүдээр 60-70 жилийн дараа өөрийнх нь нэр алдар, буяныг нь бусдад түгээж чадахаар бол багш, шавь болдог байж. Миний багшийг уг нь Дорж гэдэг ч олны түмний хайрласан нэр нь Одь. Багшийн маань багш нь Балиа буюу Өндөрийн Дамчаа юм. Багш нар маань эхнэргүй байсан болохоор 2-3 нэртэй байсан. Жүд дамжлага хэмээх шавиа олж авна гэдэг өдрийн одноос хүн шүүрэхтэй адил юм гэж багш маань хэлж байсан. Үүнийг авч, дааж явах, цаашид хөгжүүлж дараагийн үедээ уламжлуулж өгөх нь амаргүй ажил.

-Монголд хэдэн маарамба байдаг юм бол?

-Би алдарт маарам­буудын тухай ном бичиж байгаа. Одоо маарамба гэж бараг байхгүй. Маарамба гээд дамжаа барьсан хүн байхгүй. Харин оточ хүн цөөхөн бий. Уламжлалт анагаах ухааны эмч бол байна. Өвдсөн хүнийг эмчилдгийг уламжлалт анагаах ухаан гэж байгаа юм. Агаар, ус, бие сэтгэл, ургамал, байгаль дэлхий, энерги, од гариг эрхэс гэсэн ухааныг тэжээн тэтгэж байгааг тэжээхүйн ухаан буюу дээд эрүүл мэнд  гэж ойлгодог.

-Та 10 дахь үедээ жүдээ өвлүүлсэн гэсэн. Хэнийг сонгосон нь их сонирхол татаж байна?

-Би хоёр охиндоо 10 дахь үеийн жүдээ, үйлдвэрээ, эмийнхээ баталгааг өвлүүлсэн. 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жүд дамжлага, тархинаас тархинд шилжин үе дамжин ирсэн мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй байдлаар Монгол орондоо эмийн ургамлын үрийн санг бий болгож бүтээгдэхүүний гол түүхий эдүүдийнхээ ДНК-г АНУ-д шинжлүүлж 100 хувь органик гэрчилгээний болзлыг хангаж чадлаа. Өмнө нь энэ бүгд баталгаагүй байсан. Тиймээс шинжлэх ухааны баталгаагүй үлдчих вий гэж бодоод цай, эмийн үйлдвэр барих, бүтээгдэхүүн, уламжилж ирсэн эм тан, хүний биеийг сэргээдэг жүдлэн шүнгийн нарийн жоруудыг баталгаажуулж код авч, улсдаа бүртгүүлж гэрчилгээжүүлэн жижигхэн эмийн үйлдвэртэй болсон. Найман үеийн багш нарынхаа оюун ухааныг төрдөө бүртгүүлж 10 дахь үедээ өвлүүлсэн нь багш нарынхаа оюуныг дамжуулж буй буянтай ажил юм.

-Таныхаар эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Уламжлалт анагаах ухаан болон тэжээхүйн ухааны үүднээс тайлбарлавал хий, шар, бадгана гэсэн гурван гэм, долоон тамир, гурван хир таван махбодь, сэтгэл зүй тэгш хэмтэй, тэнцүү хэмжээнд байвал эрүүл хүн гэж хэлнэ. Хий, шар, бадганыг гурван элемент гэж ойлгож болно. Шар нь халуун, бадгана хүйтэн, хийн нь шар, бадганы алинтай нь ч сүлэлдэж, хаана ч явж болдог элемент юм. Долоон тамир гэдэг нь тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал зүйл дээр нь гурван хир гэдэг нь хөлс, шээс, өтгөн. Эдгээр зүйл бүгд тэнцүү, хэвийн хэмжээндээ байвал үүнийг эрүүл хүн гэж үзнэ.

-Монголчууд эрүүл биетэй байж чадаж байна уу?

-Одоогийн хүмүүсийн  дархлаа бол ууж, идэж байгаа зүйлээс шалтгаалж байна. Монголчуудын хувьд өглөө өлөн дээрээ амтлаг зүйл идвэл их сайн. Харин өдөр гашуун амттай зүйл идэж, уувал их сайн. Орой гошуун буюу перц, цагаан гаатай хоол идэх хэрэгтэй. Ингэж ууж, идээд байвал дээр ярьсан хий, шар, бадгана элемент хорогдохгүй нөхөгдөж урт насална. Гэтэл манайхан эсрэгээрээ буруу хооллож, ундаалж байна. Амтлаг хоол халуун чанартай болохоор шөнө шингэдэггүй учраас унтаж чаддаггүй. Тэгсэн хэрнээ өглөө хоосон яваад өдөр их идэхээр хий, шар, бадгана нь тэнцвэрээ алдаж өвчин үүсэх нөхцөл, шалтгаан болдог. Ингээд долоон тамир нь гажаад, таван махбодь нь гэмтэхээр дархлаа сулардаг. Тиймээс зөв хооллох хэрэгтэй.

Багш маань өглөө өлөн элгэн дээрээ хар ус уухыг бөөр гэмтээдэг гэж хэлдэг байсан. Хэрэв буцалсан ус уумаар байвал мөнгөн аяганд буцалгаад дээрээс нь алтан бөгж хийгээд уудаг. Алт, мөнгөнөөс гарсан хүчил, шүлт нь хүний биед насыг уртасгагч зүйлд ордог. Зогсоо зайгүй ус уух нь ходоодны галыг гэмтээдэг. Шингэн зүйлийг хоолны өмнө, хоолтойгоо хамт, хоолны дараа уух гэсэн арга байдаг. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос болдог.  Бүх юм хэмжээтэй. Тухайлбал, ходоодыг дөрөв хуваавал гуравны нэг нь хоосон, гуравны нэг нь шингэн, гуравны нэг нь хоол, гуравны нэг нь хүчил, шүлт байх жишээтэй. Дэлхий нийтээр хиймэл аргаар гаргасан бүтээгдэхүүнээс татгалзаж байгалийн нар сар, ус, хөрс, шимийг өөртөө шингээсэн цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон. Бага насны хүүхдүүдэд өглөө бүр өндөг, загасыг олон өдөр идүүлбэл тэр хүүхэд тухайн амьтныхаа араншингаар ууртай болдог. Энэ хоолыг нас, биед нь тохируулж өгөх ёстойг монголчууд дээр үед сайн мэдэж байсан.

Насанд хүрээгүй хүүхдэд чөмөг, нугас, тархи өгдөггүй. Кофе байнга уудаг бол цөс тунгалаг цөв, цус, мах, яс, долоон тамир нь нэг талдаа хорогдоод, нөгөө талдаа хий, шар, бадганыхаа тэнцвэрийг алддаг. Монгол хүн чинь шарын орон, гал махбодьтой. Гадаадын хүн усан махбодьтой байх жишээтэй. Үүнийг зөв ялгах хэрэгтэй. Тухайлбал, халуун ногоог энэтхэг, түвдүүд идэхгүй бол болохгүй. Амт нь халуун боловч биед орохоор сэрүүн чанартай. Тиймээс идээ, ундааг монголчууд амтаар, эрдмээр, чадлаар, шингээлтийн арга дээр ямар үйлдэл үзүүлэхээр нь идэж, уудаг. Хаврын цагт сайхан сүүтэй, борцтой, будаатай хийцтэй цайгаа, өвлийн улиралд аарц, цагаан идээгээ иддэг. Мөн зургаан цаг, дөрвөн улиралдаа тохируулдаг нь монголчууд дархлаагаа цай, ундаа, хоолноосоо авдаг байсантай холбоотой.

-Таны хийсэн анхны бүтээгдэхүүнүүд “Доктор Баатар” брэнд боллоо шүү дээ. Энэ талаар?

-Би бүх багшаа алдаршуулсан. Манай эмнэлгийн дэргэд эрдмийн зөвлөл бий. Энэ зөвлөл хуралдаад “Оточ Одь” эмнэлгийн уламжилж ирсэн жүдлэн, шүнгийн нууц жорууд болох хүний биеийн дархлааг сайжруулах, насыг уртасгаж, тамиржуулах 400 гаруй жорын судар номуудаа өгөхөд “Доктор Баатар” брэнд болгоё гэсэн. Мөн хүмүүс хорт хавдар өвчний сүүлийн шатанд орсон үедээ эмнэлэгт ханддаг. Харин хорт хавдрын хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх явдал юм. Тиймээс 400 гаруй жилийн өмнөөс уламжлан ирсэн жоруудаараа, байгалийн ургамлын плантаци дээрээ тарьсан ургамлуудаараа урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүлжүүлэх цай, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа.

Тухайлбал, нянгийн ургамлуудаар гар ариутгагч саван, олон төрлийн цай хийлээ. Хүнд хамгийн чухал нь дархлаа байдаг. Дархлааны системээ сайжруулахаар хүний нас уртасч, гажсан эсүүд, идсэн хоол, стресс, энергийг нөхөн сэргээх цай уувал тайвширч, цусны эргэлт нь сайжирснаар хүний биеийн бланс тэнцвэржинэ. Мөн эсийн гажиж байгаа зүйлүүдийн махбодийг тэгшитгэснээр хүн урт наслах боломжтой. Тэгэхээр “Доктор Баатар” брэндийн онцлог нь жүдлэн юм. Ер нь үйлдэл нь гурван том тогтолцоогоо өөрөө нөхөн сэргээгээд байхаар гадаадынхан ч их сонирхож байна.

-“Доктор Баатар” брэндээ цаашид хэрхэн хөгжүүлэх вэ. Нэр төрлийг нь нэмэх үү?

-Хамгийн гол нь чанар. Чанартай зүйл хийсэн байхад өнөөдөр хүмүүс мэдэхгүй ч ирээдүйд ойлгож тогтмол хэрэглэх болно. Чанартай байх гол үндэс нь түүхий эд чанартай байх явдал. Бид намар үрээ бэлдэхээс эхлээд хавар тарих, зун арчилж ургуулах, намар хураах, өвөл номхотгох гээд жилийн дөрвөн улирал ажиллаж байж ганц цай хийж байна. Тиймээс их үнэ цэнэ, хөлс хөдөлмөр, судалгаа шинжилгээ шаардсан ажил. Дээр нь чин сэтгэл, чин сүжиг шингэж, ууж идэж байгаа хүн нь итгэж байж эмт чанарыг үүсгэж эрүүлжүүлнэ. Таны ууж байгаа ургамал бүхэн амьтай. Тухайлбал, манайх уушги цэвэрлэх цайндаа орчин үед нянгийн томуу, томуу төст өвчин их дэлгэрдэг болохоор ханиалга, бактерийн гаралтай уушгины өвчнийг дарах ургамал нэмж хийсэн гэх мэтээр сайжруулалтыг жил бүр хийж байгаа. Ялангуяа, хүнс, технологийн их сургууль, Оросын Томскийн болон Буриадын их сургууль, Япон, Солонгост миний цайг судалж байна. Шинэ технологи, дэвшил хийх санаатай байгаа. 

-Монголд хүмүүсийг эмчлэх олон төрлийн ургамал ургадаг. Эднээс энэ нь ийм өвчинд сайн гэдэг шүү дээ?

-Олон төрлийн ургамлын ихэнх нь буруу эмнэж байгаа. Хоёроос дээш ургамал эм болно. Тухайлбал, тэхийн шээг бөөрөнд сайн нь үнэн ч хэтрүүлж хэрэглэвэл элгийг хатууруулна. Монголд байгаа ургамлыг бүгдийг нь сайн гэж хэлж болохгүй. 5692 нэр төрлийн ургамлыг Ганжуур, Данжуур номонд хүний биед сайн гэж бичсэн байдаг. Амт, эрдэм, чадал нь хүнд очиж үйлчилдэг болохоос ганц ургамлын чадлаар очиж хүнийг эмнэдэггүй.

-Хаврын улиралд халгай сайн байдаг гэдэг. Танай брэнд бүтээгдэхүүнд мөн халгайгаар хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг?

-Ер нь халгай нялх байхдаа буюу тав, зургадугаар сарын хооронд витамин С ихтэй байдаг. Энэ нь дархлааг сайн дэмжиж биеийг цэвэршүүлэх үйлдэлтэй байдаг. Баруунд бол хаврын цэвэрлэх ундаа гэж нэрлэдэг. Өвөл идсэн өвс, ногооны хорыг дархлаа арилгана. Мөн өвөл идсэн махны хорыг жүр үр гэдэг нь арилгана. Ууж байгаа усны хор арилгах эмнүүдээ бүтээгдэхүүн болгосон байгаа. Хаврын улиралд Монголоос бусад Хятад, Солонгос, Японд ногоо иддэг. Ногоог тарихад хиймэл бордоо ашигладаг. Тэгэхээр ногоо чинь өөрөө үл зохилдох чанартай. Бидний мах ч гэсэн үл зохилдох чанартай. Тухайлбал, үхрийн махыг удаан хадгалбал эм, хонины махыг удаан хадгалж идвэл хор болно. Энэ хороо тодорхой хэмжээний цай, ургамлын үйлдлээрээ, хоолоороо засчихна. Халгайтай шөл, хуушуур, бууз гэх мэт дархлалыг дэмжиж хорыг тайлах бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг.  Одоо манайхан сармис сайн гээд идэж байгаа нь буруу. Дан сармис идээд байвал цус өтгөрнө. Үүнийг цагаан гаатай хольж идвэл цус шингэрнэ. Дандаа арга билгээр зохицуулагдаж байдаг идээ, ундаа, ургамал байдаг болохоор манайх ганцхан халгайгаар цай хийдэггүй.

-Цаг үетэйгээ холбог­дуулаад коронавирусын үед монголчууд үүнээс хэрхэн сэргийлэх вэ. Юу идэж, уух нь зохимжтой талаар та зөвлөгөө өгөхгүй юу?

-Коронавирусын талаар уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн мэргэдийг Эрүүл мэндийн яам хүлээж авахад нь өөрийн гэсэн эмчилгээний арга зүйгээ барьсан байгаа. Мөн хамтраад багаараа яамнаас зөвлөмж гаргаад үүний дагуу бүгд нэгдэж, хамтран ажиллая гэснийг яам хүлээж авсанд баяртай байна. Өвчин үүсэх шалтгаан, гарал үүсэл, явцын талаар би 2-3 боршур бичсэн. Зөвшөөрвөл, зарчмын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, уламжлалт анагаах ухаанаар энэ ямар өвчин юм бэ. Уламжлалт анагаах ухаанаар бадгана, хий хоёр хорогдоод ирэхээр хүний биеийн дархлаа унаад маш нарийхан барбадай гэдэг хижиг л дээ. Энэ нь уушги, улаан хоолой, ходоодоор дамждаг. Мөн арьсны сүвээр дамждаг жижигхэн нүдэнд үл харагдах хор юм. Энэ хор гуурсан хоолойгоор дамжаад бадганыг гэмтээгээд цусанд ордог. Тиймээс гадаад, дотоодын мэдээллээс аваад үүнд таарсан цай, эм, утлага, угаалгыг хийсэн байгаа.

1932 оны үед  энэ хор манай багш нартай таарч байсан юм билээ. Ганц энэ ч биш 18 нян, хижиг байдгаас уушгийг барьсан нян, халдварт өвчин. Тархийг барьсныг нь дагзсүмбээ гэнэ. Гэдэс барьсныг нь гэдсэн три бөгөөд эдний нэг төрөл шүү дээ.  VIII Богд хүртэл зарлиг буулгаж байсан. Зэвүүн цаг ирэхэд миний номыг бариарай. Тэнд өвчин томуу, ийм халдварт хижиг, олныг хамарсан гай ирэхэд утлага, эм, танг хийсэн юм. Жүд задиа ламаас авч хийхэд болно гэснийг миний багш надад айлдаж байсан. Тэгэхээр үүнийг олон жилийн өмнө өвгөд маань харж байсан байна. Тиймээс иргэд маань дархлаагаа дэмжиж, зөв хооллож, гараа ариутгаж, цагаан идээ, гашуун, гошуун буюу халуун амтлаг зүйлийг оройдоо идчихээд байхад өдөр алдсан дархлааныхаа энергийг засаад хоол, цайгаа зөв цагт хооронд нь үл харшилдуулахгүй идэх нь чухал. Хамгийн гол нь бие, сэтгэл тайван, стресст орохгүй байх хэрэгтэй. Үүнийг Монголын ард түмэн ялаад гарч ирж чадна. Яагаад гэхээр ном, жүд нь байна. Ард түмний өөрийнх нь дархлаа байна. Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмжөө сайн бариарай. Аливаа өвчин сэтгэлтэй их холбоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.27  БААСАН  № 59 (6284)