Т.САЙХАН

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг  түр зогсоох хүрээнд 662 сүм хийдийн удирдлагуудад захирамж хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд ч байжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь албан ёсны бүртгэл байхгүй. Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Зарим сүм хийд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байгаа аж.

Иймд тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn