С.САРУУЛ

Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусын халдвар бизнесийн салбарыг уналтад оруулж байна. Гэсэн ч дэлхийн алдартнууд томоохон компаниуд Covid19-ийн тэмцэлд дэмжлэг үзүүлж мөнгө хандивласаар байна. Тухайлбал, Жоржио Армани 1.25 сая евро,  Versace нэг сая юань, Swarovski гурван сая орчим юань,  БиллМелинда Гейтс нарын сангаас эхлээд 10 сая доллар зэргээр сая саяар нь хандивлаж байна. Жек Ма коронавирусын эсрэг вакцин гаргаж авахад зориулан нэгдүгээр сарын сүүлээр нэг зуун сая юань олгосны дараа дахиж 10 сая юанийг нэмж  Alibaba Global Direct Sourcing Platform хэмээх онлайн платформыг нээжээ. Мөн COVID-19-ийн судалгаа хийж байгаа Австралийн эрдэмтдийг дэмжиж хоёр сая орчим долларыг тэдэнд шилжүүлжээ.Түүнчлэн спортын алдартнууд ч хандив өргөсөөр байгаа юм.

Тэгвэл Covid-19-тэй хийх тэмцэлд Монголын олны танил эрхмүүд болоод ТОП аж ахуйн нэгжүүд хэдийг хандивласныг хүргэе. Улсын онцгой комисст өнөөдрийн байдлаар 211 иргэн 41 сая төгрөг, 71 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 373 аж ахуйн нэгж байгууллага тэрбум төгрөг, 290 сая төгрөгийн материаллаг эд зүйл хандивлажээ. Нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн хандив цуглаад байна.
Алдартнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөг, Дархан аварга Г. Өсөхбаяр амны хаалт, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах 30 сая төгрөг 1500 ширхэг амны хаалт хандивласан бол  “Хурд” хамтлаг “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтынхоо үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг  Улсын онцгой комисст хүлээлгэж өгөв.  Тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм.

Харин үндэсний хэмжээний томоохон аж  ахуйн нэгжүүдийн хандивын аян үргэлжилсээр байна. Тухайлбал, үүрэн холбооны “Юнител” групп 50 сая төгрөгийг бэлнээр, 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернетийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт буюу нийт 100 сая төгрөгийн хандивыг өгчээ.

“Мобиком” ХХК-аас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивласан бол “Скайтел” ХХК-аас  60 гаруй сая төгрөгийн үйлчилгээний эрх бэлэглэлээ. Тус 60 гаруй сая төгрөгийн үйлчилгээгээр улсын хэмжээнд 24 цагаар ажиллаж байгаа  алба хаагчдад Соёмбо 92 үйлчилгээг хоёр сарын хугацаанд тарифыг нь тэглэж, үнэ төлбөргүй болгож байгаа юм.

Үндэсний оператор Жи-мобайл компани онцгой үеийн харилцаа холбооны хэрэглээг хариуцан ажиллахаар болжээ. Түүнчлэн үндэсний ууган үйлдвэр СҮҮ хувьцаат компани 20 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа. Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүний дархлааг дэмжих, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн аарц, ааруул нэрийн бүтээгдэхүүнүүдийг хүнсний хэрэгцээнд нь зориулах юм.

Мөн Эко автомашин импортлогчдын холбоо”-оос шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж “Nissan vanette” загварын автомашин,  “Петровис” групп  15 сая төгрөгийн өртөг бүхий шатахууны талон, Дацан трейд компани 10 сая, Ачит-Ихт компани 100 сая, МИАТ компани 10 сая, Монлайн 20 сая, ХАС банк 60 сая , ХААН банк 100 сая, Баян айраг экплорэйшн 40 сая, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 150 сая, Богд банк 20 сая, Жем  интэрнэшнл 22 сая,  ӨМӨЗО Гэгээн тал ГХО компани 50 сая, Хартарвагатай компани 50 сая төгрөг хандивласан байна. Өчигдөр /2020.03.19/ Францын  “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг тус улсын Элчин сайд нь уламжиллаа.

Эх сурвалж: www.polit.mn