Ч.ЗОТОЛ

Монголын Үндэсний музей  цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн дээжээс түүвэрлэн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон үзэгчдэд цувралаар толилуулж эхлээд байна.  Энэхүү мэдээллийг  Polit.mn сайт уншигчдадаа товчлон хүргэж байгааг хүлээн авна уу.

Энэ удаа танан хөөргийг онцолсон байна.  Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх танан хөөрөгний өндөр 8 см, өргөн 3.3 см, зузаан  нь 2.4 см, 70 гр  жинтэй. Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ. Хөөрөгний ур хийц, үнэт чулуу, эрдэнийн чимэг, шүрэн толгой зэргээрээ бусдаас ялгаран, эдлэж буй эзнийхээ бэл бэлчинг ч илэрхийлдэг билээ. Энэхүү танан хөөрөг нь жижгэвтэр хэмжээтэй, чамин хийцтэй, дээд хэсгээрээ сувдан цагаан солонгорсон, доогуураа хүрэн бор өнгөтэй, нэг талдаа цэцэг навчин хээ товойлгосон, алтан нуухтай, шүрэн толгойтой, есөн  эрдэнэ шигтгэжээ.

Эх сурвалж: http://nationalmuseum.mn