Бокаши савны бордоо

0
хуваалцах
29
үзсэн

Ц.БАЯР

“Мини шийдэл”, “Жорлонгоо өөрчилье”, “Нутгийн шийдэл” ТББ-аас нийтийн органик хог хаягдлын менежментийг боловсруулсан байна. 

Энэ удаад бид гэрийн нөхцөлд ногооны хальс болон бусад органик хаягдлыг Бокаши саванд хэрхэн бордоо болгох арга ажиллагааны талаар зааварчилгаа өгөхөөр “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлийн  зөвлөгөөг хүргэж байна. Бокаши бичил биетийн тусламжтайгаар хүнсний ногоо, жимсний үлдэгдэл буюу органик зүйлсийг исгэх тоног төхөөрөмж. Өөрөөр хэлбэл, Бокаши нь анаэроб бичил биетэд зориулсан орчин үүсгэх сав юм. Үүнийг гэрийн нөхцөлд органик хаягдлаа ялзмагжуулж бордоо болгох боломжтой. Ногоо, жимсний хальс, модны навч, зулгаасан зэрлэг өвс, хадсан өвс, хоолны үлдэгдэл зэрэг органик хог хаягдлыг шатаахгүйгээр, энгийн хогтой хольж орчныг бохирдуулахгүйгээр бордоошуулах замаар байгалд буцаан өгөхөд айл өрх төдийгүй  нийтийн үйлчилгээний газрууд, СӨХ маш чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Өдөржингөө ногоо, жимсний хальсыг нэг саванд цуглуулна. Мах өндөг хийхгүй, болсон хоолны үлдэгдлээс будаа, гурил, талх бага зэрэг хийж болно, бас лимон, сонгино, саримсны хаягдлыг маш бага байлгах буюу оруулахгүй байх нь дээр. Цуглуулсан ногооны хальсыг өдөртөө нэг удаа жижиглэн хэрчиж Бокаши саванд хийхэд бэлэн болгоно. Сав бэлэн биш үед хөшиглөсөн ногооны хальсаа уутлаад хөргөгчиндөө цуглуулж саваа бэлэн болохыг хүлээгээрэй.

Жижиглэсэн ногооны хальсыг Бокаши саванд хийнэ. Хөргөгчинд хадгалсан гялгар ууттай хальс, өдөртөө хөшиглөж бэлдсэн савтай хальсны аль аль нь сайн орц болно. Нэг удаагийн орц нь 1 кг-аас илүү байж болохгүй. Ийм учраас 1 кг орчим ногооны хальсыг багтааж чадах хэмжээний таваг юм уу, савыг байнга хэрэглэхээр сонгон авч тэрхүү саваараа хэмжиж хийж байх нь зохимжтой. Хэрэв илүү хэмжээний ногооны хальс гарвал дараагийн өдрүүдэд ашиглахаар бодож уутлаад хөргөгчинд хадгална. Шинэ саванд ногоо хийхэд үнэр гарахгүй, харин хоёр гурав дахь өдрөөс эхлэн исгэлэн үнэр гарна. Иймд ногоо хийх үедээ агаар сорогчийг ажиллуулбал өрөөнд үнэр тархахгүй. Агаар сорогчгүй бол салхивчаа нээж болохуйц орчинд энэ ажиллагааг хийх хэрэгтэй.

Шинэ орцыг нэмэхийн өмнө болон нэмсний дараа бичил биетээр баяжуулсан усаар тараан тавьсан ногооны гадаргууг шүрших буюу, эсвэл бичил биет агуулсан үртсийг ногооны хальсан дээр нэмж өгнө. Хамгийн тохиромжтой буюу агааргүй орчинд ажилладаг бичил биет агуулсан бэлдмэл нь Тамир брэндийн  бэлдмэл бөгөөд хоёр таглаа бэлдмэлийг 500гр усанд хийж найруулна. Мөн Тамир-бран брэндийн бичил биетээр баяжуулсан үртсийг нимгэн дэвсэж өгч болно. Бичил биетүүд агааргүй орчинд ажиллах учир энэ ажиллагааг маш түргэн гүйцэтгээд тагийг таглах ёстой. Агаартай орчинд удаавал бичил биетүүд үүргээ гүйцэтгэх чадваргүй болно.

Агааргүй орчин үүсгэгч тагийг таглана. Бокаши саванд байгаа ногооны үлдэгдэл агааргүй орчинд задарч исэх шаардлагатай учир агааргүй орчин үүсгэгч дотор тагийг таглангуутаа маш сайн дарж агаарыг шахан гаргаж өгнө.

Дараа нь гадна талын тагийг сайтар хааж, түгжинэ. Түгжээтэй савыг халуун дулаан газарт байрлуулна.  Хүйтэн газарт байрлуулбал бичил биетийн үйл ажиллагаа доголдох тул тасалгааны хамгийн дулаан хэсэгт Бокашиг байрлуулах нь зүйтэй. Ногооны хаягдал бага гардаг айлд Бокашиг хоёр хоног тутамд нээж байвал исэлт, суулт маш сайн явагдаж чадна. Ногооны хаягдал ихтэй хэрэглэгч бол 24 цагт нэг удаа нээж орцыг шинээр хийнэ. Харин өдөрт 1-ээс олон удаа савыг нээж болохгүй. Аль болох удаан хугацаагаар агааргүй, битүү орчинд байлгахыг зорих хэрэгтэй.

Савнаас хоёр хоног тутамд шүүсийг авна. Энэхүү шүүсийг  1:100 хэмжээгээр устай хольж ногоо, мод усалж болно.  Нэг сав дүүртлээ доторх ногоо, жимсний агуулгаас хамааран 500-800 гр шүүс гаргадаг.

Бокаши дүүрмэгц хоёр давхар тагийг сайтар таглаад 14 хоногийн хугацаагаар битүү байлгана. Савны таг, гадна талд тухайн савыг хэдний өдөр суллахыг бичиж тавина. Суллах хүртлээ өдөр бүр юм уу, өнжөөд шингэнийг цоргоор суллаж авна. Цоргоноос гарах шингэн нь өдөр ирэх тусам багассаар 14 дэх хоногт маш бага болно.

Бокашиг суллах өдөр болмогц түүнийг бордоошуулагч сав руу,  эсвэл бор шороо руу суллаж болно. Бордоошуулагч саванд хийсэн Бокашины хаягдал нэг сарын дараагаас шороо болж хэрэглээнд орох боломжтой бол бор шороонд хутгаад орхисон Бокашигийн хаягдал нь гурван сарын дараа хэрэглээний хар шороо болно. Гэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгалд энэ хугацаа заримдаа илүү урт байж болно.

Бордоошуулагчаас гарсан хар шороо, бор шороотой хольж үүсгэсэн хар шороо аль аль нь үржил шимтэй хар шороон хөрс болж чаддаг.

Бокаши, бордоошуулагч савыг Мини Шийдэл хоршооноос авч болно.

 Утас 75072020

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.20  БААСАН  № 54 (6279)