Б.БАЯРЖАВХЛАН

Улсын хэмжээнд өнөөдөр 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлагдсан иргэдээс ирж буй санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн:“Монгол Улс дөрвөн удаагийн тусгай хуваарьт нислэгээр 986 иргэнээ эх орондоо авчирлаа. Дөрөв дэх удаагийн нислэг өнгөрсөн шөнө Истанбулаас 252 иргэн, 15 албаны хүн, нийт 267 хүнийг авчирлаа. Тэднийг Зүч зочид буудал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Бага Баян цогцолбор, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Мөн агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан байгаа. Төлбөрөө төлсөн иргэдийн гадаад пасспортыг буцаан олгоно” гэв.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Тусгаарлах байранд эд материал, хоол хүнс оруулах 225 дуудлага ирсэн. Иргэдийн санал хүсэлтийн дагуу 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Оруулах боломжтой эд материал, эм, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг УОК баталсан. Тусгаарлах байранд байгаа халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй иргэд болон УОК-ын заавар зөвлөмжийг дагахгүй, дур мэдэн шийдвэр гаргаж байгаа доод түвшний удирдлагуудад хатуу хариуцлага тооцно” гэлээ. Мөн тусгай хуваарьт нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг каргод 14 хоног байршуулж байгаа. Гэвч ачаан дотроосоо юм авна гэж танил талаараа яриулах иргэд олон байна. Гэхдээ энэ нь боломжгүй гэдгийг анхаарууллаа.

Мөн авто замын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг, нийт 11 боомтоор орж гарсан дөрвөн орны 987 зорчигч, 557 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ. Үүнээс 332 монгол иргэнийг тусгаарласан байна. Эх орондоо ирэх иргэдийг Алтанбулаг, Цагаан нуур боомтоор улсын хил нэвтрэхийг УОК-ын шуурхай штабаас зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn