Д.АРИУН

АНУ-ын Конгрессын гишүүн Марио Диас-Баларт  шинэ төрлийн коронавирусын халдвар авсан талаар улстөрчийн хэвлэлийн алба лхагва гаригт мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригийн орой тэрээр халуурч, толгой нь өвдсөн байна. Дараа нь тэрээр халдвар авсан нь батлагдсан байна. Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын улстөрч өөрөө цахим хуудастаа биеийн байдал сайн байгаа гээд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

Америкийн конгрессын гишүүдээс COVID-19-ын халдвар авсан эхний хүн нь Конгрессын гишүүн Марио Диас-Баларт болж байгаа аж. Харин халдвар авсан Конгрессын хоёр дах гишүүн нь Ардчилсан намын гишүүн, Юта мужаас сонгогдсон  Бен Макадамс бөгөөд түүний шинжилгээний хариу “эерэг” гарчээ. Амралтын өдрүүдээр түүний бие тавгүй байсан бөгөөд өөрөө ханиад хүрсэн хэмээн бодсон ч, дараа нь эмчид хандаж, шинжилгээ өгсөн байна. Лхагва гаригт гарсан шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагджээ. Тэрээр одоо өөрийн муждаа гэртээ сайн дурын карантинд байгаа талаараа сошиал хуудастаа бичсэн байна.

Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан Бразилийн төлөөлөгчид дундаас халдвар илэрсэнтэй холбоотойгоор  тэрээр коронавирусын шинжилгээ өгч, сөрөг хариу авснаа зарлаж байсан билээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 9300 давж, 152 хүн нас барж, тус улсад онц байдал зарлаад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn