-Нийтийн аюулыг сөрж тэрбумтан, блогчин, загварын брендүүд нэгдэцгээв-

Д.ЭНХЭЭ

Загварын үйлдвэрлэл хийгээд түүний уламжлалт цаглабарт хурдацтай тархаж байгаа коронавирус мэдэгдэхуйц нөлөөлжээ. Бүх зүйл Миланд болдог загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байсан формат шоуг сүүлийн мөчид Жоржо Армани өөрчлөхөөр шийдэж, эцэстээ онлайнаар дамжуулж, эгнүүлэн тавьсан хоосон сандлын өмнүүр үзүүлбэр явж өнгөрөх болгосноор эхэлсэн. Үүний дараа үзүүлбэрүүдийг (Ralph Lauren, Gucci) цуцлах, аялах үзүүлбэрүүд (Prada, Versace), тэр бүү хэл загварын бүхэл бүтэн долоо хоногийн хугацааг ч хойшлуулж, шилжүүлэх тухай мэдээ ар араасаа цуврав. Токиогийн шоуг цуцалж, Шанхайн шоуг онлайнаар шууд дамжуулахаар хязгаарлав. Төвөгтэй асуудал тохиолдож байгаа хэдий ч тус үйлдвэрлэлийн төлөөлөгчид түүнтэй тэмцэх хүч тэнхээ, арга чарга олж, коронавирустэй тэмцэхэд тус дэм үзүүлж байгаа эмнэлэг, хүрээлэнгүүдэд юань, долларыг их хэмжээгээр бөөн бөөнөөр хандивлаж байна. Энэ үйл хэрэгт ялангуяа Италийн компаниуд онцгойрч байгаа аж.

Коронавирусын эсрэг тэмцэлд Жоржио Армани 1.25 сая евро хандивлажээ. Энэ мөнгийг COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах ажил эрхэлж байгаа Миланы гурав, Ромын нэг эмнэлэг, мөн Иргэний хамгаалалтын агентлагт шилжүүлэх юм байна.

Хятадын Улаан загалмай нийгэмлэгт нэг сая (144000 орчим доллар) юанийг Versace брэнд хандивласан. “Хүн бүр тусламжийн гар сунгах”-ыг албан ёсны мэдэгдэлдээ Донателла Версаче уриалжээ.

Хэвлэлийн тоймд мэдээлснээр үнэт эдлэл-цагны Bvlgari дэлгүүр Ром  хотын Lazzaro Spallanzani эмнэлгийн (тус эмнэлгийн эмч нар анх түрүүлж 48 цаг хүрэхгүй хугацаанд вирусыг тусгаарлаж чаджээ) судалгааны хэлтэст “их хэмжээний хандив” өгсөн байна. Нарийн тоог дурдаагүй боловч WWD хэвлэлийнхэн 100000 орчим доллар байх хэмээн таамаглажээ.

Dolce & Gabbana ч мөн тусламжийн мөнгөний тодорхой тоог нэрлэхээс зайлсхийжээ. Гэхдээ тэд Миланы Humanitas их сургуулийн явуулж байгаа коронавирусын судалгааны төслийг санхүүжүүлсэн гэдэг нь тодорхой болсон байна.

Коронавирусын эсрэг тэмцэлд Swarovski гурван сая орчим юань (450,000 орчим доллар) олгожээ.

Kering-ийн бүлэг компани Улаан загалмайн нийгэмлэгийн Хубэй мужийн төлөөлөгчийн газарт 7.5 сая юань (сая гаруй доллар) шилжүүлжээ. Kering-ийн бүрэлдэхүүнд багтдаг Gucci-гийн СЕО Марко Биццари Эмилия  нь  Романья хэмээх бүс нутгийн нэгдсэн эмнэлэгт нэг зуун мянган евро хувиасаа хандивлажээ.

LVMH-ийн бүлэг компани ч зүгээр суусангүй. Бернар Арногийн захирамжласнаар эм бэлдмэлийн хомсдлыг арилгахад нь 16 сая юанийг (2.3 сая доллар) Хятадын Улаан загалмай нийгэмлэгт хандивлажээ.

Хятадын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл худалдаж авахад нь зориулан 720000 долларыг Лореал, 290 000 долларыг Эстеэ Лаудер тус тус олгожээ.

Хятад улс болон Африкийн улс орнуудад COVID-19-ийн тархалттай хийх тэмцэлд БиллМелинда Гейтс нарын сангаас эхлээд 10 сая доллар олгосон бол энэ чиглэлийн глобал арга хэмжээнд зориулж 100 хүртэл сая долларыг хандивлахад бэлэн гэдгээ тус байгууллага мэдэгдсэн байна. The New England Journal of Medicine сэтгүүлд бичсэн эсээндээ Гейтс коронавирус цар тахал (пандемия) болж өргөжих магадлалтай тул “цаг алдаж болохгүй” хэмээн анхааруулжээ.

Хандивын Alibaba санг үндэслэгч Жек Ма коронавирусын эсрэг вакцин гаргаж авахад зориулан нэгдүгээр сарын сүүлээр нэг зуун сая юань (14.5  сая орчим доллар) олгосны дараа дахиж 10 сая юанийг нэмж олгон вирусын эсрэг хэрэгсэл худалдаж авахад зориулан Alibaba Global Direct Sourcing Platform хэмээх онлайн платформыг нээжээ. Үүнээс гадна Ма COVID-19-ийн судалгаа хийж байгаа Австралийн эрдэмтдийг дэмжиж хоёр сая орчим долларыг тэдэнд шилжүүлжээ.

Инфлюенсер Кьяра Ферраньи өөрийн нөхөр хөгжимчин Федезийн хамт коронавирустэй хийх тэмцэлд нэг зуун мянган евро нэмэрлэжээ. Энэ мөнгийг Милан хотын Сан-Рафаэль эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн нөхцлийг сайжруулахад зарцуулах юм байна. Хэдэн сая евро цуглуулж амжсан олон нийтийн хандив цуглуулах (краудфандингийн) компанийг ч хосууд мөн байгуулсан ажээ.

Эх сурвалж: www.polit.mn