Б.ТУУЛ

  Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрч, манай улсад “COVID-19” вирусын халдвар албан ёсоор бүртгэгдээд байгаа билээ. Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан ажиглалтад авч  шинжилгээнд хамруулаад байгаа юм. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу эхнээсээ сөрөг гарсан. Эхний 23  хүн коронавирусын халдваргүй гарлаа” гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Франц иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа” гэсэн мэдээллийг танилцуулсан юм. Манай улсад одоогоор коронавирусын халдвар авсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын зүгээс аймаг, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон ЭМЯ-наас хийсэн цаг үеийн мэдээллийг тоймлон хүргэе. 

ХӨСҮТ: Франц иргэний сэтгэл санаа тогтворгүй байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусын халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье.  Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Одоогоор нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна.

Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан,эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовсон байдалтай байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэж ярьж байна” гэх зэргээр санаа нь зовж, өөрийгөө буруутгаж, сэтгэл нь тавгүй байна. Хүний сэтгэл санаа тогтворгүй байх нь дархлааг улам бүр бууруулдаг. Тиймээс түүнд сэтгэл санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ. Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

ДЭМБ: Цар тахлын үед илүү хариуцлагатай ажиллахыг зөвлөв

ДЭМБ коронавируст халдвар цар тахлын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан “COVID-19”-өөс сэргийлэх, хянах, тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өчигдөр бас  хуралдлаа. Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, сүүлийн хоёр долоо хоногт коронавируст халдвар эрчимтэй тархсан, вирусын хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдэлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ. Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусыг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр титэмт вирусын халдвар авсан улс орны тоо 114 болжээ. Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь дөрвөн оронд гарч байна. Энэ дөрвөн орноос БНХАУ, БНСУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байгаа. Дэлхийн 81 оронд халдвар бүртгэгдээгүй” гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газар явуулын ажлын байртай боллоо

Нийслэл хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр үргэлжилж байна. Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц иргэний үйлчлүүлсэн бүх газруудад ЗӨСҮТ халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мөн тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулаад байна.  Мөн түүнчлэн нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва  нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байрыг өгөх шийдвэр гаргажээ. Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй ажиллаж буй  цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын  албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч байгаа юм байна. Компьютерийн иж бүрэн хэрэгсэл болон зургийн аппарат, гадна камер, сүлжээ цацах төхөөрөмж зэрэг ажлын байрны бүхий л шаардлагыг хангасан учраас албан хаагчид  Шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болжээ. Албан байгууллагуудын хувьд, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ихэнх байгууллага зайнаас цахимаар ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу зохих шаардлага хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэхээр болжээ. Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн албан байгууллага, аж ахуй нэгжүүд хандив тусламжаа өгсөөр байна.

ОРОН НУТАГ: Сайншанд хотыг ариутган халдваргүйжүүлж байна

Аймаг, орон нутгийн хувьд, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “COVID-19”-ын  өвчлөл илэрсэн учраас тус аймгийн Онцгой комиссоос ариутгалыг чанартай хийж гүйцэтгэх чиглэл өгч, холбогдох газруудыг бас ариутгаад байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар “Нян устгах гэрэл”-ийг үнэ төлбөргүй зөөвөрлөн ажиллуулж, ариутгал халдваргүйтгэл хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Аймаг орон нутагт архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх, гэмт  хэрэг гарах орчин нөхцөлд анхаарч ажиллах, бага насны хүүхэдтэй эхчүүдийг алсын зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээнүүдийг идэвхтэй авч ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2020.3.13  БААСАН  № 49 (6274)