Д.АРИУН

Америкийн жүжигчин, кино од Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон нар короновирусын халдвар авсан нь тодорхой болсон байна. Энэ талаар Холливудын жүжигчин өөрөө инстаграм хуудсандаа бичсэнийг ишлэн олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Том Хэнкс бичихдээ, “…Рита бид хоёр одоо Австралид байна. Бидэнд ядрах, ханиад хүрсэн шинж тэмдэг илэрч байсан бөгөөд заримдаа бие өвдөж байсан. Рита заримлаа бага зэрэг халуурсан. …Биднийг  короновирусын шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь эерэг гарлаа. Эмнэлгийн зөвлөмжүүдийг дагаж, тусгаарлагдах болно. Шаардлагатай хугацаанд дахин шинжилгээ өгнө…” гэсэн байна.

ABCnews-ийн мэдээлж байгаагаар, Холливудын нэрт жүжигчин нь Warner Broc компанийн шинэ бүтээл болон Элвис Преслигийн тухай шинэ киноны зураг авалтын ажлаар Австралид ирээд байсан аж. Компанийн зүгээс мэдээлэхдээ студийн өөр нэг ажилтан мөн халдвар авсан, Австралийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэсэн байна.

Том Хэнкс нь үзэгсчдийн сайн мэдэх, Форест Гамп, Цэрэг Райныг аварсан нь зэрэг олон кинонд тоглосон билээ..

Шинэ төрлийн короновирусын халдварыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хүлээн зөвшөөрч зарлаад байгаа бөгөөд 110 гаруй орны 120 мянган хүн халдвар авч, тэдгээрээс 4000 нь нас бараад байгаа юм.

Халдвараас сэргийлэхийн тулд гараа сайн угааж, ариутгаж, амны хаалт байнга зүүж, олон хүн цугласан газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn