Ташуур моринд урам, цочроо өгөх зориулалтай

0
хуваалцах
61
үзсэн

А.Доржханд

“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn  сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Манлай уяач Г.Батчулуунаас  цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар ногт зангидах тухай мөн ташуурыг хэрхэн хийдэг талаар  ярилцсанаа  хүргэж байна.

-Монголчууд адуундаа хазаарнаас гадна ногтыг зангидаж хэрэглэдэг. Адууг хазаарлахаас өмнө  зэлэнд унага байхаас нь ногтолж сургадаг. Унаганд суран ногт хийдэггүй байсан ба тэмээний ноосыг томж хийнэ. Сураар эхэлж хийдэггүй учир нь нялх унагыг хатуу сураар хамрын халаадаггүй учиртай.  Ногт нь хазаартай нэгэн ижил шил, хацар, хамар, сагалдарга, эрүүний гогцоо, цулбуур гэсэн хэсгээс бүрдэнэ.  Хазаар, ногтны шилний зангилаан хэмжээ нь мухар тохой, харин хамрын хэмжээ нь нэг атга эрхий  барим байдаг. Хамгийн гол зүйл болох хөтөлгөө буюу цулбуурыг  нэг алд, нэг дэлэм байхад зохимжтой гэдэг. Ногтны хамравч нь цулбуураар тохируулагдах ба шилийг нь ч мөн гүйлгэж болох гогцоотой хийж болдог.  Зүүн аймаг руу дан ногт хэрэглэдэг бол баруун аймаг руу  ногтон дээрээ давхар хазаарладаг. Ногтыг эмнэг догшин адууг хөтлөх мөн адууг адуунд ижилсүүлэхэд тухайн адуугаа ногтоор холбож ижилсүүлнэ. Уналганы биш зориулалттай адуунд л хэрэглэдэг ба адуучин хүний  ажлыг хөнгөвчлөх  тоног хэрэгсэл гэж хэлж болох  юм.

-Ташуурыг гоёлын, хурдан морины мөн хүүхдийн, уурганы морины гэж ангилдаг. Ташуурыг баримаар хэмжих ба сондгой тоогоор хэмжих ба 3-11 барим хүртэл байна. Учир нь монголчуудын бэлгэдэлтэй холбоотой. Жаргал зовлон жаргал гэж байгаа учир тэгш тоотой ташуур гэж байдаггүй. Хурдан морины ташуурыг гурван баримаар хэмжиж хийх ба хөнгөн зөөлөн модоор буюу бургасаар ихэвчлэн хийнэ.  Нэг барим мод байх ба сагалдарга мөн сур нь нэг нэг барим байдаг. Учир нь их урт суртай байх нь уралдаж буй мориныхоо цавыг ороолгох гэмтэй. Бургасаар хийх ба яргай, зандан мрдоор хатуудна гэж үздэг. Одооны сураар сүлжиж хийсэн ташуурууд хурдан моринд их зохимжтой биш. Монголчууд ташуурыг мориндоо урам, цочроо өгөх гэж хэрэглэдэг. Олон удаа морио ороолгох нь тийм ч зохимжтой үйлдэл биш юм. Харин гоёлын ташуур нь 9-11 барим байх ба мод нь хулс бол яргай гэсэн олдоц ховортой модоор хийдэг. Гоёлын ташуурын хоёр талыг мөнгөлж,  аман хүзүү зангидна. Эдгээр модыг авахад ч нарийн учиртай хэмээдэг. Яргай мод нь элбэг ургадаггүй бөгөөд авахдаа ургадаг уулнаас нь гуйж, аргадаж үр хүүхэдгүй ганц бие хүн авдаг учиртай. Хэрэв гэр бүлтэй хүн авбал модныхоо оронд нэгийг нь авдаг гэж хууччуул ярьдаг.

Уурганы морины ташуурыг хийхдээ мод нь ганц барим харин сагалдарга нь гурван барим, сур нь гурван барим буюу нийт долоон барим байдаг. Учир нь уургач морь бол уяа морьтой ижилхэн хөнгөхөн байдаг. Ташуурын сурыг үхрийн арьсаар хийдэг.

Эх сурвалж: www.zms.mn