Спортын 10 баян клубын эзэн

0
хуваалцах
40
үзсэн

Х.ОЮУНБОЛД

Спортын ертөнцөд олон клуб байдаг. Эдгээрээс хамгийн баян 10 клубыг эзэмшдэг хүмүүсийн талаар “As.com” цахим хуудаст бичсэнийг сонирхуулж байна.

1.Мукеш Амбани

Газрын тос, байгалийн хийн бизнес эрхэлж хөрөнгөжсөн крикетийн том шүтэн бишрэгч, Энэтхэгийн хамгийн баян, хинду шашинтан. Тэрээр Мумбай хотын лигийн “Индиан индиан” крикет багийн эзэн юм. Мөн 2013 онд байгуулагдсан энэ улсын хамгийн чухал хөлбөмбөгийн дивиз Энэтхэг супер лигийг бий болгосон аж. 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй түүнийг “Форбес” сэтгүүл 59.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэсэн тооцоог гаргаснаар дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 19-т нэр нь бичигдсэн байна.

2.Стив Балмер

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” багийн эзнээс гадна NBA-гийн хамгийн баян хүн аж. “Микрософт” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2014 он хүртэл хашсан, бизнесмен. Тэрээр энэ багаа хоёр сая ам.доллараар өмнөх эзэн Доналд Стерлингээс худалдан авчээ. “Форбес” сэтгүүлийн тодорхойлсноор 2017 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 21-д бичигдэж байсан тэрээр 41 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

3.Матешиц Дитрих

Австрийн тэрбумтан, ред булл энергийн ундааг үйлдвэрлэдэг компанийн эзэн. Тэрээр хөлбөмбөгийн “Нью-Йорк Ред буллс”, “РВ Лейпциг”, “РВ Сальцбург”, Формула 1 автомашины уралдааны “Ред булл Расинг”, “Ред Булл Торо Россо Хонда” багийг эзэмшдэг байна. Түүнээс гадна “Ред булл” спортын загварын эзэн аж. 18 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй ажээ.

4.Хассо Платтнер

Германы бизнесмен Хассо Платтнер АНУ-ын хоккейн “Сан Хосе Шаркс” багийн ихэнх хувьцааг эзэмшдэг байна. 13.5 тэрбум хөрөнгөтэй бөгөөд шинжлэх ухааны салбарт их хөрөнгө оруулалт хийдэг хүн гэж хэвлэлүүд онцолж байжээ.

5.Роман Абрамович

2004 оноос “Челси” багийг удирдаж эхэлсэн. Цэнхэрүүд Прьемер лигийн аварга цолыг таван удаа хожсоноос гадна Английн хөлбөмбөгийн цомын тэмцээний таван удаагийн аварга. Мөн аваргын лигт хожсон Лондон хотын ганц баг ажээ. Харин түүнийг энэ клубээ зарахыг бодож байж магадгүй гэсэн цуурхал тараад байгаа юм. Тэрээр 12.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

6.Дэвид Теппер

АНУ-ын бизнесмен хоккейн “Питтсбург Стеелерс” багийн хувьцааны таван хувийг эзэмшдэг. Тэрээр 2018 оны тавдугаар сард “Каролина Пантерс” багийн эзэн болсон аж. Дэвид Теппер нь 11.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, буяны ажил үйлсийг санхүүжүүлдэг байна.

7.Филипп Ансшутц

АНУ-ын бизнесмен хөлбөмбөгийн дээд лигийг үүсгэн байгуулагч, хоккейн “Ла Кинг”, хөлбөмбөгийн “Ла Галакси” багийн эзэн. Мөн “Лос-Анжелес Галакси”, “Хьюстон Динамо” гэсэн олон багийг бий болгосон аж. Түүнээс гадна “Лос-Анжелес Лакерс”, “Лос-Анжелес Кинг” баг болон “Арена О2” цэнгэлдэх хүрээлэнгийн хувийг эзэмшдэг байна. “Форбес” сэтгүүлээс 2010 онд түүнийг долоон тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолж АНУ-ын баян хүмүүсийн жагсаалтын 34-т нэрийг нь бичжээ. Тэрээр одоо 10.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

8.Михайл Прохоров

ОХУ-ын тэрбумтан, улс төрийн идэвхтэн Михайл Прохоров. Тэрээр “Нью Жерси Нетс” багийг худалдаж авсан. Ингэснээр мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцөд сагсан бөмбөгийн багийн эзэн болсон АНУ-ын иргэн биш анхны гадаад иргэн болсон. Михайл Прохоров нь 8.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. ОХУ-ын баячуудын жагсаалтын есдүгээрт, дэлхийн баячуудын жагсаалтын 58-д бичигддэг. Өнгөрсөн зун хүртэл “Бруклин Нетс” сагсан бөмбөгийн багийн эзэн байсан. Тэрээр клубынхаа хувьцааны 51 хувийг 2350 сая ам.доллараар Жозеф Цайд худалдсан аж.

9.Микки Арисон

Израиль, Америк бизнесмен бөгөөд 1995 оноос сагсан бөмбөгийн “Miami Heat” багийн эзэн болсон. Найман тэрбумын хөрөнгөтэй тэрээр “Карнивал” корпорацийн захирал, эхнэр Маделен Арисон, хоёр хүүхэдтэйгээ Флорида мужид амьдардаг байна. Одоо 70 настай аж. Түүний хүү Ник Арисон сагсан бөмбөгийн энэ багийг удирдаж захирлаар нь ажилладаг.

10.Стэн Кронке

АНУ-ын иргэн, бизнесмен, хоккейчин, 72 настай. Бүгд найрамдах намын улстөрч. Тэрээр америк хөлбөмбөгийн “Ла рамс”  хөлбөмбөгийн “Арсенал,”Колорадо Рапидс” клуб, сагсан бөмбөгийн “Денвер Нуггетс” болон “Колорадо Аваланче” гэсэн таван өөр клубыг эзэмшдэг. Стэн Кронке  8.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.3  МЯГМАР  № 41 (6266)