Н.ДАЯН

Нягтлан бодогчоос Ардын жүжигчин болсон хүн бол Нямын Цэгмид гуай. Түүний дэлгэцийн анхны дүр нь Монголын анхны уран сайхны “Монгол хүү” киноны ноён бол хоёр дахь нь “Сүхбаатар” уран сайхны кино. Тэрээр энэ кинонд кино эхлэхэд гардаг өгүүлэгч өвгөн, ядуу өвгөн, мөн Богд хааны дүрийг кинонд анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд Богд хааны дүрийг бүтээж “Ардын Богд” хэмээх алдрыг хүртсэн. Монголын урлагийн хоёр Цэгмидийн нэг Нямын Цэгмид гуайн тухай болон хөрөг зургийг та бүхэн Монголын театрын музейн “Хөрөг зураг” танхимаас үзэх боломжтой. Монголын театрын музей 1996 онд зураач Н.Орхонд захиалгаар зуруулж сан хөмрөгтөө мөнхөлсөн хэмээн Бүртгэл мэдээллийн санч Б.Сангарагчаа ярьж байлаа. 

Монголын театр хөгжлийнхөө түүхэнд авьяас билэгтэн олныг төрүүлсээр ирсэн одоо ч олон авьяаслаг залуусын замыг чиглүүлэх гэрэл болсоор байгаа. Үүний нэг нь Ардын жүжигчин Н.Цэгмид юм. Тэрээр 1910 онд Булган аймгийн Могод сумын Сайхан хулж хэмээх газар малчин ард Нямын гэрт төржээ. Арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. Тэр үед Ардын нам, Засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллажээ. Түүний анхны дүр “Самъяа ноён” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Самъяа ламын дүрд тоглосон нь ирээдүйн ардын жүжигчин болох эх үүсвэр болсон байна.

ЗХУ-аас уригдаж ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч Ц.Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо гэсэн комисс хотын сургууль, соёлын газруудаар явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүссэн хүмүүсийн дунд санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтад тэнцсэн ч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй. Харин Засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүслээр уран сайхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай танилцсан нь түүнд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хажуугаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагтай танилцжээ. Тэрээр Цагааны Цэгмэд, Д.Ичинхорлоо, С.Гэндэн, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Д.Найдан, жүжигчин Д.Сэдэд, Г.Доржсамбуугийн хамтаар Улсын хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга, кино үйлдвэрийн даргын албан тушаалыг хашсанаас гадна 1933-1966 оны хооронд Улсын хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа 23 жүжиг найруулж олны хүртээл болгосон чадварлаг найруулагч байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.2  ДАВАА  № 39, 40 (6264, 6265)