Хурдан адууны уяаг зөв тохируулаарай

0
хуваалцах
59
үзсэн

А.ДОРЖХАНД

“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой хийсэн цуврал ярилцлагаа хүргэж байна. Энэ удаа хурдан морины уяаг хэрхэн тохируулах талаар хүргэж байна.

Хурдан морины уяа цаг үеэ дагаад өөрчлөлт орж байна. Үүнийг хүмүүс ихэвчлэн тэжээл гэж ойлгоод байгаа нь ташаа ойлголт юм. Хуучны морины уяаг жаахан өөрчлөөд нэг үгээр хэлбэл ажлыг нь хөнгөлөөд “Ханагар давхилтай уяаг” гаргаж авсан юм. Биднийг залуу байхад агсан уухиа морьд их байлаа. Уралдахаар явахдаа хүүхдээ авч давхиад аль эсвэл уралдаж ирэхдээ хадуурдаг байсан. Энэ  бол уяа нь буруу байгаатай шууд холбоотой. Хурдан морийг уяхад юуны түрүүнд тэр адуунд байгалиасаа төрмөл хурдан чанар заяасан байх хэрэгтэй. Тэрнээс хурд суулгана гэж байдаггүй. Аливаа зүйлийн уг суурь хамгийн чухал. Харин үүнийг цааш нь уяач яаж уяахаас л бүх зүйл шалтгаална. Тиймээс “Ханагар давхилтай уяагаар морийг уяхдаа эхлээд хөлсөлдөг.

Ингэж хөлслөхдөө дандаа хатирч ергөж явна. Ингэснээр морь хөлгүй болдоггүй мөн бие нь сайхан хөнгөрдөг. Уяж байгаа  хугацаандаа 9-10 хөлс авна. Энэ дундуур мориндоо мөн давхил хийнэ. Энэ давхилаар 11-13 удаа давхиулна. Ингэхдээ өмнө нь мориныхоо хүнд бие нь дээр их жинтэй хүн унаад цогиж явдаг байсан учраас амархан хөлгүй болдог байсан. Мөн халуун наранд уралдаж ирсний дараа их гишгүүлдэг байлаа. Учир нь уяж байгаа адуундаа цагийн тулгууд хүнд ачаалал өгснөөр амьсгаа нь задрахгүй их гишгүүлдэг байсан нь морийгг амархан ядраадаг.

Одоо бол  уралдаж ирсний дараа их амьсгалыг нь задалж алхуулах шаардлагагүй болсон. Нэг үгээр хэлбэл хөнгөн уяатай болсон. Ойрхон ойрхон ажил хийнэ гэдэг нь хүнээр бол биеийн тамирын дасгал хийж амьсгалыг нь задалж байгаа юм. Уралдах газрын зайг 25 км гэж байгаа. Үүний гуравны нэг нь бага сунгаа юм. Энэ нь 8-9 км газар гэсэн үг. Ийм газар хэд дахин ажил хийж давхиулснаар адуунд амь хурд суух буюу хурдаа хадгалж сурдаг. Түүнээс тар их хийснээр адуу хурдалдаг юм биш. Миний энэ уяагаар олон залуус сайн наадаж улс, аймгийн цолонд хүрч байна. Уяач хүн адуугаа хайрлаж, алсаас зөв зөөлөн ажил хийж байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.zms.mn