Т.САЙХАН

АН-аас Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан хүмүүсийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлалт гуйхыг эрх баригч намын дарга У.Хүрэлсүхээс шаардаж мэдээлэл хийлээ.  “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг Монгол банк 2019 онд гаргасан.  Улмаар дампуурсан банканд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банканд хадгалуулж байгаад алдсан гэдэг нь баримтаар тогтоогдсон гэв.

Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.  Шүүхээс тэднийг яллагдагчаар тооцон, 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн бөгөөд тэднийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцоод байгаа юм.  АН-ын гишүүн,  хуульч  Х.Тэмүүжингийн зүгээс тэднийг энэ хэрэгт ямар ч буруугүй, 2016 онд албан тушаалаа өгсөн хүнд тохироогүй байгаа нь хуулиа барихгүй, онилсон, чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн хардлагыг төрүүлж байна гэдгийг онцолж байв.

 Эх сурвалж:www.polit.mn