“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгоос цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар охин адууг хэрхэн хээл авахуулах мөн чанартай мал яаж бий болгох  талаар хүргэж байна.

Монголчууд эртнээс нааш малынхаа тоо толгойд биш чанар үржил шимд нь ихэд анхаарч ирсэн. Энэ бол малчин хүн малаа ямар насанд нь хээлтүүлэхээс их шалтгаална. Одоо бол залуучууд олон малтай, мянгат болохын төлөө өрсөлдөөд байна. Чанаргүй олон малтай байснаар бид бэлчээрийн даацгүй болж байна. Тиймээс малыг хээлтэх насанд нь хээл авахуулах нь чухал. Тухайлбал, адууг  шүдлэн байдас азарганд гаргалгүй, хязаалан байдас азарганд өгч хээлтүүлэх хэрэгтэй. Ингэснээр гарсан төл нь том товир болж эхийнхээ сүүг бүрэн хөхөж өснө. Одоо бол шүдлэн байдас унагалуулаад байгаа нь тийм сайн биш. Учир нь хээлтэх болоогүй насанд нь хээлтүүлчихээр гарсан төл нь туниа муутай, нас гүйцсэн ч шим тэжээл багатай байдаг.

Баруун аймаг зүүн аймгуудын адууны биеийн бүтцийг авч үзэхэд зүүн аймгийн адуу биеэр том, хурд ихтэй байдаг. Үүний учир нь юу вэ гэвэл баруун аймгууд гүүгээ саачихдагтай холбоотой. Харин зүүн аймгууд руу гүүгээ саах нь бага учир эхийнхээ сүүг бүрэн хөхөж байгаа тул бие галбирын хувьд өсгөлүүн байхаас гадна тал нутгаас хамаарч хурд төрөх нь элбэг байдаг. Хурдан болох адуу унаганаасаа өөр шинжтэй байх ба ийм унаганы эхийг зэлэнд барих шаардлагагүй. Бусад мал ч ялгаагүй. Хонийг гэхэд төлгөнд нь биш хязаалан хонь буюу сагил хонь төллүүлэх хэрэгтэй. Ямаа, үхрийг ч энэ насанд нь хээлтүүлэх нь чухал. Ингэж бид малынхаа үржил шимд анхаарч чадвал 1000 малын ашгийг 500 малаас хүртэх боломжтой юм.

А.Доржханд

Эх сурвалж: www.zms.mn