Б.ЭНХТУУЛ

Хорт хавдрын өвчлөл, нас баралт манай улсад цочирдом тоон мэдээлэлтэй явдаг. 2018 оны өвчлөлийн байдлыг харахад жилд 6000 гаруй хүн шинээр хорт хавдартай хэмээн оношлуулж, 4000 гаруй хүн хорвоог орхисон гэх судалгаа мэдээлэл байдаг. Тэгвэл энэ өвчлөл залуужсаар, хүүхэд багачуудын дунд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөл олон асуудал дагуулсаар байна. Энэ тухай “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

-Хорт хавдартай тэмцэх дэлхий нийтийн өдрийг тэмдэглээд бид 20 жил болж байна. Энэ хугацаанд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгоог  сайжруулах тухай ярьсаар ирсэн. Харин хүүхдийн хавдрын асуудлаар төдийлөн дуугарч байсангүй. Томчууд, хүүхдүүдийн өвчлөл адил төстэй болоод тэр үү?

-Харин ч эсрэгээрээ,  насанд хүрсэн хүмүүст хавдрын өвчлөл элбэг тохиолддог. Харин хүүхдэд ховор тохиолддог. Монголд хүүхдийн хавдар жилд 100 орчим тохиолдол бүртгэгддэг. Хавдрын өвчлөлийн хувьд томчуудтай харьцуулахад нэр төрлийн хувьд ч ялгаатай байдаг. Жишээ нь, насанд хүрсэн хүмүүст элэг, ходоод, уушгины, умайн хүзүүний хавдар гол төлөв бүртгэгддэг. Эдгээр нь хувь хүний зан үйлтэй холбоотой үүссэн байдаг.Мөн бидний идэж ууж байгаа хоол хүнс, амьдарч буй орчин нөхцөл, агаар ус, байгаль орчин нь хавдрыг үүсгэх эх үүсвэр болж байдаг. Харин хүүхдийн өвчлөлийн хувьд шалтгаан нь тодорхойгүй, нэр төрөл нь хүртэл өөр байдаг.

-Хавдраас айх хэрэггүй, эрт илрүүлэх тусам эмчлэгдэх боломжтой гэж эмч нар хэлдэг.  Эмчилгээний хувьд адилхан биз дээ. Ер нь хүүхдийг хорт хавдраас яаж сэргийлэх ёстой юм бэ?

-Хүүхдийн хавдрын эмчилгээ үр дүн сайтай байдаг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Хожуу шатанд оношлогдвол эмчлэгдэх магадлал ховор байдаг. Хүүхдийн хавдрын тухайд  мөн адил эрт илрүүлбэл эмчилгээ авахдаа сайн, эмчлэх бүрэн боломжтой. Томчууд хавдраар өвчиллөө гэж дуулаад найдваргүй юм шиг ойлголт төрж байдаг бол хүүхдэд харин ч эсэргээрээ боломж өндөр байдаг гэдгээрээ ялгаатай.  Мөн бас нэг ялгарах зүйл нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Аль болох эрүүл зан үйлтэй байснаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Харин хүүхдийн хавдрын хувьд урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй.

-Яагаад?

-Хорт хавдар чухам юунаас болж үүсээд байна вэ гэдгийг одоогоор дэлхийн шинжлэх ухаанд нотолж тогтоосон, нарийн тодорхойлсон зүйл алга байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бид хавдраар өвчилсөн шалтгааныг нь мэддэг. Элэгний хавдар В,С вирус, ходоодны хавдар хеликобактери, давсны хэрэглээтэй холбоотой. Ихэнх хавдар таргалалт, тамхи, агаарын бохирдол гэсэн хүчин зүйлээс хамааралтай байдаг бол хүүхдийн хувьд тодорхойгүй байдаг. Гэхдээ хэд хэдэн судалгаа бий. Ялангуяа, хүүхдийг эхийн хэвлийд байхад нь гадны ямар нэг нөлөөллөөс үүдэлтэй гэж үздэг. Мөн удамшлын шинж чанартай хавдар тусдаг гэж үздэг. Гэхдээ энэ бүх хавдар удамшихгүй, тодорхой төрлийн хавдрууд удамшдаг гэдгийг тогтоочихсон.

-Жишээ нь, ямар төрлийн хавдар удамшиж байна вэ?

-Нүдний хавдар. Эцэг эхийнх нь хэн нэг нь нүдний хавдраар өвчилж байсан бол хүүхдэд удамшдаг. Хавдрын генүүд бас идэвхжих юм бол хүүхдэд хавдар үүсдэг гэж үздэг. Түүнээс гадна гадны нөлөө мөн сөрөг нөлөөтэй.  Жишээ нь Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд олон хүн цацраг идэвхт бодисын нөлөөлөлд өртсөн. Энэ бүс нутагт амьдарч байсан хүмүүс ялангуяа, хүүхдүүдийн дунд бамбайн булчирхайн хавдар огцом нэмэгдсэн. Энэ хавдар нь ионжуулсан бодистой холбоотой гэдгийг тогтоосон байдаг. Үүнээс гадна зарим химийн эмчилгээний эмийг удаан хугацаанд хэрэглэвэл эргээд хавдар үүсгэх эрсдэлтэй. Мөн зарим химийн эмчилгээний бодис, пестицид нь химийн бодистой харьцдаг хүний хүүхэд хавдраар өвчлөх тохиолдол бий. Мөн ээж нь вирусын гаралтай халдвар авахад хүүхдэд бас хавдар үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн зарим дархлаа дарангуйлагч эм хүртэл хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. Энэ мэтчилэн шалтгааныг нь тодорхойлох гэсэн олон судалгааг хийж байна.

-Түрүүнд та яриандаа манай улсад хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг гэж байсан. Зонхилон тохиолддог ямар хавдар байдаг вэ?

-Хүүхдийн хавдрын өвчлөл насанд хүрэгчдийнхээс огт өөр дүр зурагтай байдаг. Тухайлбал, тархины болон нүдний хавдар, мезотел бол зөвхөн хүүхдүүдэд тохиолддог. 0-14 насны  хүүхдэд зонхилон тохиолддог нь цусны хавдар байдаг. Цусны хавдар 51, мезотел, зөөлөн эдийнх 13.5, тархины 10.4, нүднийх 4.2, ясных 3.1, бөөрний хавдар 3.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд зургаан төрлийн хавдар зонхилон тохиолдож байна. Жилд 100 орчим хүүхэд хавдартай гэж оношлогддог. Түүний тал хувь нь цусны хавдар байдаг.

-Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэхэд ямар арга хэмжээ авдаг вэ. Эмчилгээ, оношилгоонд хэр дэвшил гарч байна?

-Монголд төдийгүй дэлхийн олон оронд хүүхдийн хавдрын асуудлуудыг ярьсаар байна. Дэлхийн түвшинд 2018 оноос хүүхдийн хавдрын тулгамдсан асуудлуудыг идэвхтэй ярьж эхэлсэн. Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрт тусгасан гол зүйл нь хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж хөгжиж буй болон хөгжсөн оронд маш ялгаатай байна. Хөгжиж буй ядуу буурай оронд хүүхдийн хавдрын тохиолдлын 20 хувийг эмчилж байхад хөгжсөн оронд 80-90 хувийг нь эмчилж байна. Иймээс 20 биш 60-аас доошгүй хувийг нь эмчлэх зорилт тавьсан гэж ойлгож болно. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд энэ зөрүүг арилгая. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмжийг одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлье. Ингэснээр бид нэг сая хүүхдийг хавдрын өвчлөлөөс аварч, эмчлэх боломжтой гэсэн том зорилгыг өмнөө тавьсан.

-Манай улсын оношилгоо эмчилгээ олон улсад ямар түвшинд үнэлэгддэг вэ?

-Хүүхдийн хавдрын амьдрах чадварыг харахад бас янз бүр байдаг. Жишээ нь манай орныг харахад таван жилийн амьдрах чадварын тоон үзүүлэлт олон улсад доогуур ордог. Гэтэл ЭХЭМҮТ-ийнхөн манай хүүхдүүдийн амьдрах чадвар 70 хувьд хүрсэн, маш сайн гэж үнэлдэг. Тиймээс энэ тоон үзүүлэлтүүдийг  харахад аль алинд нь асуудал байгаа нь ажиглагддаг. Мэдээж манай эмч нар сайн ажиллаж байгаа. Гэсэн ч бид олон улсад одоо байгаа тоон мэдээллийг харахад  Монголынх Африкийн орнуудтай ижил түвшинд байгаад байдаг. Иймээс тоон мэдээллийг олон улсын стандартын дагуу бүртгэж, нэгтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

-Ер нь том хүн, хүүхэд хавдраар өвчиллөө гэхэд амьдрах чадвар, эрсдэлийг нь яаж тооцдог юм бэ. Их л сэтгэл эмзэглүүлсэн тоо дуулдаад байдаг?

-Насанд хүрсэн хүмүүсийг аваад үзэхэд 65 насандаа хавдраар оношлогдлоо гэж үзье. Тэр хүн 80 наслах хүн хавдар тусвал 15 жилийн амьдралаа алдана гэсэн үг. Тэгвэл хүүхэд 15 насандаа хавдраар оношлогдлоо гэхэд тэр хүүхэд 70 орчим жилийн амьдралаа алдаж байна гэж үздэг. Түүнээс гадна хавдраас болж нэг ч гэр бүл санхүүгийн эрсдэлд өртөх ёсгүй гэж үздэг. Ялангуяа, сүүлийн үед хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын аян их явдаг болсон байна. Энэ нь Монголд зарим төрлийн хавдрыг эмчилж чадахгүй байгаатай бас холбоотой байх. Нөгөөтэйгүүр манай эмчилгээний арга хүмүүст гологддог учраас хөгжингүй орны эмч нараар эмчлүүлэх сонирхол өндөр байдагтай холбоотой байх.  Ямартай ч  төр, засаг гэж байдаг бол нэг ч гэсэн гэр бүлийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах ёстой. Ингэхийн тулд тодорхой төрийн бодлого байх шаардлагатай. Нэг ч гэр бүл хүүхэд нь хавдраар өвдсөний улмаас санхүүгийн бэхшээлтэй байдалд орж, ядууралд өртөх ёсгүй. Эх орондоо эмчлүүлэх боломжгүй тохиолдолд хүүхдээ гадаад улс руу эмчилгээнд авч явахын тулд улсаараа хандив гуйж, санхүүгийн хүнд байдалд орох ёсгүй юм. Гэтэл манай улсад нөхцөл байдал хүнд тусдаг. Хүүхэд нь хавдар туслаа гэхэд эцэг эх нь ажлаасаа гардаг. Хөдөө орон нутагт амьдардаг бол нэг нь гэрээ сахиж үлдээд нөгөө нь хүүхдээ эмчлүүлэхээр олон сар эмнэлгээр явдаг. Энэ мэтчилэн нийгмийн асуудлыг ардаа дагуулж явдаг. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг сайжруулах нь тансаг хэрэглээ бус, хүүхдийн үндсэн эрх юм. Хавдартай хүүхдүүд илүү сайн эмчлэгдэж, илүү удаан амьдрах ёстой. Гэтэл манайд хавдартай хүүхдийн асуудал улаан бурхан, сүрьеэ гэх мэт олон төрлийн халдварт өвчинтэй адил яригддаггүй, ихэнхдээ анхаарлын гадна үлддэг. Бидэнд хавдартай гэр бүлийн нийгмийн асуудлууд, хавдрыг даван туулсан хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах зоригтой алхмууд хэрэгтэй байна.

-Эмчилгээ оношилгоо, хавдартай хүүхдийн нийгмийн асуудлыг цогцоор нь яаж шийдвэрлэх вэ. Таны бодлоор?

-Хүүхдийн хавдрын эмчилгээний тусламж үйлчилгээ болон эмийн чанарыг сайжруулахад хамгийн түрүүнд бид бодлогын баримт бичигтэй болох ёстой.  Үүнийг хэрэгжүүлснээр хүүхдийн амьдрах чадварыг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Гэтэл манайд бодлогын бичиг баримт байдаггүй. Хавдрын асуудал ярихаар насанд хүрсэн хүний тухай ойлголт тусгагддаг. Насанд хүрсэн хүний хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээний чанарыг сайжруулах тухай ярьдаг.  Харин хүүхдийн хавдрын эмчилгээг хэрхэн сайжруулах, яаж олон улсын түвшинд хүргэх, эрт илрүүлэг, эмч нарын мэдлэг, мэдээлэл, чадавхийг хэрхэн нэмэгдүүлэх, хүн амын дунд энэ талаарх ойлголтыг яаж нэмэгдүүлэх талаар огт тусгаагүй. Тусгагдах нь битгий хэл ярьдаггүй. Дандаа анхаарлын гадна үлддэг гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)