Ц.БАЯР

Автотээврийн үн­дэс­ний төвөөс шинэ коронавирусын  дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмснээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна. Зорчигч тээврийн төв болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн нэвтрүүлэгчээр сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байв. Мөн даатгалын компаниудтай хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өчигдөр  зохион байгууллаа.

Орон нутгийг зорих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргаж байгаа юм. Тухайлбал, ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгийн, Увс, Завхан, Дархан, Өвөрхангайн чиглэлд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол ачаалал ихтэй өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн урсгалын тоо 6000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээл­лээ. Хот хоорондын ний­­тийн тээврийн хэрэгслээр нийт 36500 зорчигч үйлчлүүлсэн байна. Долоон аймагт 24 цагийн ажиллагаатай зам дундын хяналтын пост ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөн зохион байгуулж байгаа гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний улиирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэллээ. Хэдийгээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаар­ласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгд­сэн ч одоогоор харь­цангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажил­лагаа хэвийн болжээ. Харин  ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул энэ өдрүүдэд  нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөв­лөж, бэлэн байдалд ажил­лана гэдгийг албаныхан хэллээ.

АТҮТ-өөс жилд 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2.6 сая хүн хот хооронд зорчдог. Цаг агаар болон замын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээг даатгалын байгууллагуудтайгаа ийнхүү хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)