С.САРУУЛ

Коронавирустай холбоотой цаг үеийн мэдээллийг албаныхан өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг буюу вирус илрээгүй гэж гарсан. Мөн хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдан хянагдаж байна. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн хяналтад ороод байж байна. Уг хүн нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Сөүл Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон. Мөн хоёрдугаар сарын 4-нд 23.00 цагт Сөүл Улаанбаатар чиглэлийн онгоцоор хоёр тохиолдол илэрч, ХӨСҮТ-ийн тусгай тасагт тандалт судалгаа, эмчилгээ, эмчийн хяналтад ороод байгаа. Шинжилгээний хариу маргааш /2020.02.26/ гарна. Японоос ирсэн оношлуураас 100 гаруй байгаа. Шинээр захиалсан 3000 оношлуурын 500 нь эхний ээлжид ирэх долоо хоногт ирнэ” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-т 2020 оны хоёрдугаар сарын 4-ны байдлаар шинэ коронавирусийн халдварын 20 мянга 630 тохиолдол бүртгэгдэж, 426 хүн нас барсан байна. Нас баралтын төвшин 2.1 хувьтай тэнцүү байна. Нийт тохиолдлын 99 хувь нь хятадад бүртгэгдсэн байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ, Малайз, Вьетнам, Герман зэрэг дөрвөн оронд зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. БНХАУ-ын Өвчин судлалын төвөөс 7711 тохиолдолд хийсэн дүнгээс харахад өвчлөл эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд хүйсийн харьцаа 1.2:1 хувьтай байна. Насны хувьд 87 хувийг 30-79 насныхан эзэлж байгаа бөгөөд халдвар нэг сартайгаас 97 насны бүх хүмүүсийг хамарсан. Нууц үе 6.1 хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарсан халдвар нь халдварын бүсээр аялснаас үүдсэн байгаа. Тиймээс халдварын голомттой бүс нутгаас ирсэн хүн 14 хоног өөрийгөө тусгаарлаж ажиглаж, дэглэм сахихыг зөвлөлөө” гэсэн юм
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Баярболд “Мэргэжлийн хяналтын газар нь 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос эхлэн өндөржүүлсэн байдалтай ажилласан. Энэ хүрээнд 47 эмнэлэг, 197 сургууль, 400 гаруй цэцэрлэг, 67 цахим тоглоомын газар зэрэг газруудад зөвлөмж мэдээлэл өгч ажилласан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байтал хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн. Хариуцлага алдсан нэгэнд нь торгуулийн арга хэмжээ авч хоёр зөрчлийг арилгуулсан. Цагаан сарын баяртай холбоотойгоор шалгалт явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл ахайн шаардлага хангаагүй 15 тэр төрлийн 1166 ширхэг буюу гурван сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn