Д.Онон: Адууг дааган цагаас нь сургах хэрэгтэй

0
хуваалцах
50
үзсэн

А.Доржханд

“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононгоос цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар эргэх дөрвөн улиралд морийг хэрхэн зөв унаж, эдлэх талаар хүргэж байна.

Адууг унаж эдлэх, уяахаас эхлээд адуугаа зөв сургах хэрэгтэй юм. Үүний тулд дааган цагаас нь сургах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бүдүүн насанд нь сургахаар ардаг, догшин, муу зантай болох нь илүүтэй байдаг. Ингэж сургахдаа эхлээд хазаар, чөдөр үзүүлж шил толгойг нь мэдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхэд замаар хөтлөх буюу 250 метр газар явуулж зүгшрүүлээд дараа нь хүүхэд унуулахад тохиромжтой байдаг. Эмнэгийг анх сургасан хүний байр байдал тухайн адуунд нь ч нөлөөлдөг. Хөөрүү, яаруу зантай сургасан хүний адуу үргэж бусгасан, муу зантай болох талтай байгаа нь ажиглагддаг. Ингэж зүгшүүрүүлж сургасны дараа зөв унаж, эдлэхэд сургадаг. Үүнд уяа, унаа мориных ч бай аль нь боловч өвлийн унаа, эдэлгээ их чухал. Анхны цас орсны дараахан буюу арваннэгдүгээр сарын сүүлээс эхэлж унадаг. Тохомны хөлсийг тогтохоо байтал унана.
Яагаад вэ гэвэл морины хөлс их хортой. Нэг ёсондоо тохомны ард морины хондлой дээрх нарийн шороог байхгүй болтол унана гэсэн үг юм. Өвөл нь сайн унаж, эдэлсэн морийг хавар ханш нээсний дараа унахад хий хуй зохихгүй гаднаас өвчин эмгэг тусахгүй болдог. Урьд өвөл их хүйтэн байдаг байсан учир хээлтэй гүү ойрхон зуур унахад ууранд нь дулаацдаг байлаа. Зун нь морины хор гаргана гэж гүү унадаг. Намрын хайлган цагаар морийг ширүүн унаж огт болохгүй. Зөөлхөн гамнаж унах хэрэгтэй. Энэ цагт ганц адуу зөөлхөн унахаас гадна бүх малыг урин цагт авсан тарга хүчийг нь тогтоодог учиртай. Өвөл, хаврын уралдаан яагаад бидэнд хэрэгтэй вэ гэхээр хурдан морины зуны онгойлтод их тустай юм. Иймээс адууг эргэх дөрвөн улиралдаа адуучин хүн сайн эдэлж тохируулж унах нь чухал.