“Зууны мэдээ” сонин “Хөгжим, хэмнэл” булангаараа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн “Өчигдрийг хайрла” номонд орсон ХХ зууны поп хөгжмийн амьд домог болсон Битлз хамтлагийн алдартай 35 дуу хэрхэн бүтсэн болон дууны үгийг орчуулсныг цувралаар хүргэж байна.

LET  IT  BE  

Энэ дууг зохиосны 50 жилийн ой болж байна. Битлзийн нэрийн хуудас болсон гурван хит дууны нэг. Пол Маккартни энэ дуугаа 2003 онд Владимир Путинд зориулан Кремльд дуулж, хатан хаан Элизабетын 86 насны ойгоор 2012 онд мөн өргөжээ. Аялгуу ундрангуут сэтгэл эзэмдэн зүрх огшоод эхэлнэ. Ийм гоё дууг хүмүүст хүргэхэд хөгжмийн ямар зэмсэг нь  бусдаасаа түрүүлэн сонгогдсон болоо. Хаан хуурын даралтнаас эгшиглэх аялгуу юутай гайхалтай. Түүнийг аргил гитар чимж, бөмбөрийн цохилт хорших нь гайхамшиг. Жорж Харрисоны хуруунууд гитарын чавхдас дээгүүр гоцлон бүжихийг үзэгчдийн нүд үл гүйцнэ. Эндээс уянгалан цойлох аялгууг та нар юу гэж бодно. Тэр чигээрээ тансаг. Дээр нь Жон Ленноны жигдхэн дэргээнт аргил хэмнэл. Дууны дахилт дээр цахилан орж ирэх цангийн чимээ, бөмбөрийн нүргээнтэй хосолно. Ийнхүү бид уянга эгшгийн эрхэмсэг хан хүү “Let It Be”-г сонсож байна. 

Энэ дуу эхлэнгүүт л бидэнд, манай дөрвийн өөр нэгэн аялгуу санаанд орж ирдэг. Тэр нь Жон Ленноны гоцлон дуулсан “Don’t Let Me Down” дуу. Жон энэ дуугаараа өөрийн сэтгэлийн дуудлагаа ил шулуухан илэрхийлсэн шиг Маккартни “Let It Be” дуундаа тун аядуу намуухан ч гэлээ зүрхний  хэмнэлээ тодоор нээн зурагласныг бид мэдэрнэ. Анд нөхөрлөлийн билэгдэл болсон энэ дөрвийн нэг гоё дүр төрх үзэгчдийнх нь сэтгэлд  тод үлджээ. Дөрвүүлээ толгой нийлүүлэн зогсоно. Залуус мөр мөрөө түшин толгойгоо элгэмсгээр нийлүүлцгээжээ. Голд нь Пол их л таатай сэтгэл дүүрэн инээмсэглэнэ. Баруун мөрийг нь түшин Жон жаргалтай нь аргагүй зогсоно. Хажуунаас нь налсан Ринго, Жоны хацарт нь хацраа наажээ. Жорж Полын зүүн талаас нь налсан байна. Энэ дүр төрх мөнх үлдсэн. Ингэж л үерхэж нөхөрлөх юмсан хэмээн бидний үеийнхэн бага залуудаа мөрөөддөг байлаа. Хөндлөнгийн ямар ч хар хор үл салгах үнэнч нөхөрлөл бүхэн тийм л байг. Аяа, Let It Be... Маккартни, Леннон хоёрын зохиогчийн эрхтэйгээр Битлз хамтлаг 1970 онд бүтээсэн рок поп төрлийн энэ дуу нь “Rolling Stone” сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг дууны жагсаалтад тогтмол дээгүүр жагссаар өнөөг хүрлээ. Let It Be нэртэй цомог нь 2004 онд Грэммийн тэргүүн шагналын алдрын танхимд залагджээ.

Дуу зохиох үед хамтлагийн дотоод уур амьсгал сайнгүй байснаас Маккартнигийн сэтгэл тавгүй байв. Нэг шөнө түүний зүүдэнд бурхан болсон ээж нь ирж “Хүү минь чамд  хэчнээн хэцүү байсан ч сэтгэлээ битгий зовоо. Тэр бүгдийг зүгээр л байгаа чигээр нь орхи. Бүү анзаар. Бүх юм сайхан болно” гэжээ. Ээжийнх нь энэ үг Маккартнийг  “Let It Be” дууг зохиоход хүргэсэн бодит үнэн. Хүн бүрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлэл өөр хэдий ч биднийг сайхан сэтгэл, эв нэгдэл, хайр, нөхөрлөл нэгтгэдэг. Хүмүүсийн зүрх сэтгэл ямагт хайраар бялхаасай. Өөр хоорондоо огтхон ч бүү сөргөлдөөсэй. Элдэв саад байгаа ч гэсэн гэгээн ирээдүйдээ өөдрөгөөр итгээрэй хэмээн энэ дуу хүмүүсийг уриалж байна. Үүнийгээ ч зохиогчид нь баталсан нэгэн баримтыг дэлгэе. Жон Ленноныг сэтгэцийн гажигтай шүтэн бишрэгчдээ буудуулж нас барсны дараа Пол Маккартни өөртэйгөө тун таарамж муутай байсан Йоко Оног ойлгож эхэлжээ. Энэ эмэгтэйн дотоод сэтгэлд байгаа гунигт ээдрээ өөрт нь ч бас адилхан байгааг Пол олж мэдэрсэн нь гайхмаар. Хоёулангийнх нь сэтгэл дотор нэг л бул хар чулуу тээг болоод байсныг тэр ухаж илрүүлжээ. Пол ийнхүү Йоког зөвөөр таньж нээснээр түүнд туслахыг хичээж эхэлсэн. Энэ сэтгэл нь одоо ч хэвээрээ. “Let It Be” энэ тухай л дуулдаг. Сэтгэл санааг уужруулж урам хайрлана. Сонссон хүний сэтгэлийг хөдөлгөдөг. “Let It Be” тухайн үеийн ЗХУ-д сонсгосон Битлзийн анхны дуу нь. Тэр үед пянзны нүүрэн дээр нь “Англи ардын дуу” гэж бичсэн байсан гэдэг. Битлз гэдэг нэр коммунист нийгэмд хориотой байснаас болоод тэр. Тэрхэн үедээ харамсмаар түүх ч одоо үнэндээ аль ч ард түмний дунд ямар ч саадгүй  түгснийг нь зөгнөжээ.

https://www.youtube.com/watch?v=nt9uBlRuBPw

LET IT BE  

Lennon, McCartney    

When I find myself in times of trouble

Mother Mary comes to me

Speaking words of wisdom

Let it be

And in my hour of darkness

She is standing right it front of me

Speaking words of wisdom

Let it be, Let it be, let it be, Let it be, let it be

Whisper words of wisdom

Let it be 

And when the broken hearted people

Living in the world agree

There will be an answer

Let it be

For though they may be parted there is

still a chance that they will see

There will be an answer

Let it be, Let it be, let it be, Let it be, let it be

yeah, there will be an answer

Let it be

Let it be, let it be, Let it be, let it be

Whisper words of wisdom

Let it be

БОЛОХ Л ЮМ БОЛЖ БАЙНА

Зүдрэхийн цагт минь, Ээ бурхан минь Та

Зүүдний холоос хүрээд ирэх юм.

Болох л юм болж байна гэж хатуужил хайрлана.

Өмнөх зам минь харлаад ирэхийн цагт

Өөдөөс хараад зогсож байх юм, Ээ бурхан минь Та.

Болох л юм болж байна гэж тэвчээр хайрлана. 

Ээх, болох л юм болж байна, болж байна, байна.

Өөрчилж бид чадахгүй гээд л ухаан хайрлана

Зүрхээ авсан хүмүүс хорвоод амьдраад л байна.

Ингэх л ётой байж дээ гээд, хөөрхий хөөрхий гэнэ.

Салсан бүхэн уулзах л болно, заавал уулзана.

Санаагаар болдоггүй хорвоо доо гээд гэмшил хайрлана.

Үүл нөмөрсөн харанхуй шөнө өнгөрнө

Үүрийн гэгээ гийнэ, өдөржин гийгүүлнэ шүү

Үнэний жамтай хорвоо гээд урам хайрлана.

Сэтгэлийн гүнд аялгуу эгшиглэнэ.

Сэргээж Та минь дуулан дуудна, Ээ бурхан минь Та.

Болох л юм болж байна гээд ухаан хайрлана.

Дууны үгийг орчуулсан Ж.Оюунцэцэг    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.24  БААСАН  № 16 (6241)