Б.ТУУЛ

Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг дүүрэг бол Сонгинохайрхан. Тус дүүргийн 157 мянган оршин суугч энэ оны эхний сард эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгээ энэ сарын 30-нд хүлээж авах гэж байна. Жишиг эмнэлэг үүдээ нээж, үйлчилгээгээ эхэлснээр нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлэх юм.

Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барина

Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг эмнэлгийн барилгын ажлын явцтай  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцсан юм. Эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна гэдгийг салбарын сайд дуулгав. Тэрээр “УИХ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатны жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт барьж буй  энэ эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ийм жишиг эмнэлэг барина. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно. Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургааг, 10 аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой” гэлээ.

Нэгдсэн эмнэлэгт жилд 10 мянган хүн хэвтэж эмчлүүлнэ

Өнөөдрийг хүртэл нийслэлийн есөн дүүрэг ийм жишиг эмнэлэггүй байсан. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг жишиг эмнэлэгтэй болж байгаа аж. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор тус дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүртээмж сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв. Энэ жишиг эмнэлгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж 14.5, АХБ-ны хөнгөлөлттэй зээл 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр барьж, иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Шинэ эмнэлэгт ажиллах 180 гаруй хүнийг мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй сургасан байна. Хүчин чадлын хувьд жилд дунджаар 10 мянган хүн хэвтэж эмчлүүлэх, 47 мянган хүн амбулаториор үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг албаныхан онцолж байв.

Азийн хөнгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барина гэдгийг дээр дурдсан. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, есөн сургууль барихаар болжээ. Жишиг эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Биднийг очиж танилцахад барилгын ажлын гүйцэтгэл ерөнхийдөө дуусч байв. Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн. Энэ сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж буйг гүйцэтгэгч “Вамед инженеринг” компанийн инженер хэлж байлаа.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.16  ПҮРЭВ  № 10 (6235)