- Онцлох ярилцлага-

Р.ОЮУН

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Та Монголын анхны олон улсын мастер шатарчин Т.Үйтүмэнтэй хамт нэг шигшээ багт байсан гэсэн. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 1963 онд Завхан аймгаас өсвөрийн шатрын улсын аваргад оролцохоор ирсэн үеэс агуу шатарчин Т.Үйтүмэнг харж байсан. 1968 онд улсын шигшээ багт намайг тамирчнаар авахад Үйтүмэн улсын гурван удаагийн аварга, спартикадын аварга, олон улсад нэр танигдсан байлаа. Тэр үед Н.Намжил багш бид багш байсан ч би Үйтүмэнд шавь орж хичээл заалгаж байсан. Тухайн үед Үйтүмэн Монголын шатарчдын нэг номероос гадна шатрын онолын мэдлэгийг төгс эзэмшиж өөрийн болгосон, өөрийн гараатай, хамгаалалттай, зэвсэгтэй болчихсон шатарчин байв. Надад өөрийнхөө бэлтгэл хийдэг дэвтрүүдээ үүнээс харж бэлтгэлээ хийж бай гэж өгсөн. Тэнд нь Испанийн нээлттэй хамгаалалт гэдгийг тэмдэглэж өгсөн. Тэр үед компьютер гэж байдаггүй, ном ховор учраас Е4-ийн эсрэг нээлттэй хамгаалалтыг цагаанаас төгсгөл хүртэл нь бичсэн агуу хөдөлмөрч хүн байсан. Одоо бодох нь ээ Е4-ийн эсрэг бүх хувилбарыг тэмдэглээд гарын авлага болгон бичсэн. Г4-ийн эсрэг хуучин энэтхэг хамгаалалтыг хүний хожсон, хожигдсон өргүүдийг түүж бичсэн байсан. Тиймээс би Т.Үйтүмэнг багшаа гэж хүндэтгэдэг. Хоёрдугаарт, 1968 онд шигшээд ороод хамт олон жил тамирчин байхаас гадна нэг багштай байлаа. Үйтүмэнгийнхээ зан чанар, хувийн соёл, шатрын төлөө яаж зүтгэдгийг хажууд нь байсан учраас сайн мэднэ.

-Хувь хүний хувьд ямар хүн байсан бэ?

-Т.Үйтүмэн 1939 оны арванхоёрдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 10 жилийн сургуульд байхдаа Бүдээхүү гэдэг багшаар шатар заалган сайн тоглодог болсон. Хотод шилжиж ирээд 1963 онд шатрын загалмайлсан эцэг гэх Н.Намжил багшийн шавь болж улсын шигшээ багийн тамирчин болж дэлхийд танигдсан. Хүний хувьд жинхэнэ монгол, хөдөлмөрч хүн байсан.

-Үйтүмэн гуайн амжилтаас дурдвал?

-Ганц шатар биш, олон улсын цолтон гэж байгаагүй. 1965 онд олон улсын мастер гэдэг цолыг Монгол Улсаас анх удаа бүх спортыг төлөөлж дэлхийгээс авч байснаараа Монголын болон дэлхийн шатрын түүхэнд Монголын шатрын шонг татсан гэж хэлж болно. Тухайлбал, атрын шон татсан атрын анхныхан гэдэг шиг Үйтүмэн дэлхийд Монголын шатрыг олон улсын түүхэнд анхны олон улсын цолыг нь авсан агуу тамирчин хүн. Үүнээс гадна Монгол Улсын гурван удаагийн аварга, спартикадын гурван удаагийн аварга, Монголд болсон жижиг тэмцээнүүдийг эзэгнэж байсан. 1970 онд дэлхийн шатрын тэмцээнд 60 орны тамирчин оролцоход нэг ч хожигдолгүй алтан медаль хүртэж байсан. Олимпод жин жинд нь медаль өгдөг шиг шатраас Монголын олимпод анхны алтан медаль авсан түүхтэй. 1973 онд намайг Москвад сурч байхад Ботиникийн нэрэмжит олон улсын тэмцээн болоход гайхамшигтай өргүүдийг тоглож тухайн үед гайхуулж байсан Вагенаныг хожсон өрөг нь олон номонд бичигдсэн байдаг. Үүгээрээ тэр тэмцээний гайхамшигтай өргийн шагналыг авч байсан гээд яриад байвал их. 1971 онд ДАШТ-д оролцох 24 шатарчинг шалгаруулаад дэлхийн аваргад өрсөлдөх эрх өгдөг байхад 18-д нь шалгарч дэлхийд Монголын нэрийг дуурсгасан хүн. Тухайн үед гадаадынхан Чингисийг мэддэг, Монголыг Үйтүмэн гэдэг шатарчнаар мэддэг байсан. Гадаадад сурч байсан, шатрыг дэмжиж, сонсч байсан хүмүүс 1971 онд 24 их мастерыг цувуулж бичээд өнөөдөр хэн хэнтэй яаж тоглов гэсэн дэлгэрэнгүй өргийн хүснэгтийг хөтөлж байхад Үйтүмэн дөрөв дэх өрөг дээрээ АНУ-ын дэлхийн агуу их шатарчин Фишертэй тэнцээд 3.5 хожилтойгоор энэ тэмцээнийг хошуучилсан нь төрийн өндөрлөгүүдийн анхааралд өртсөнийг дурсан ярихад бахархалтай байдаг.

-Тухайн үед дэлхийд 18-д багтана гэдэг том амжилт шүү?

-Одоо цувуулаад бичвэл дэлхийд 500 гаруй их мастер, 10-20 мянган шатарчин байна. Ингээд эрэмбэлэхэд 18-д шалгарсан хүн гэдэг бол тухайн үед ч, одоо ч нэг номер. Хойшид ч олон жил нэг номер байх энэ хүний амжилтыг эвдэх тун бэрх. Бид хоёрын багш Намжил одоо байсан бол 105-тай хүн байх байлаа. Монголын шатрын төлөө насаараа ажилласан багшид маань 1998 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон өгсөн. Мягмарсүрэнд Монгол Улсын анхны гавьяат тамирчин цол олгосон. Хэрэв Үйтүмэн тэр үед байсан бол анхны гавьяат болох байсан. Намжил багш маань байсан бол анхны гавьяат дасгалжуулагч цолыг авах байсан. Энэ хүмүүсийг төлөөлж 1998 онд олон улсын мастер Мягмарсүрэн гавьяат тамирчин, би 2003 онд анхны гавьяат дасгалжуулагч болсон нь түүхэнд үнэтэй шагнал юм. Тухайн үед энэ хоёр сайхан хүн төр, засгаар үнэлүүлж чадаагүй. Энэ үнэлгээ нь одоо амьд, ажлаа хийж яваа Мягмарсүрэн бид хоёрт ирснийг билэгшээж хүндэтгэж явдаг. Булган сүүлтэй шагнал байгаа юм.

-Өнөөдөр шатрын спорт хэр хөгжсөн гэж харж байна вэ?

-Миний ачааг үүрэх өсвөрийн шатарчдаас дэлхийн аварга болсон хүмүүс бий. Өнөөдөр Монгол Улс 13 их мастертай, дэлхийн аварга, олон арван дэлхийн нэртэй шатарчид, 13, 14-тэй охид хөвгүүд улсын аварга болж байна. Монгол Улсын гурван сая хүнээс 600 мянган хүн энэ спортыг мэдэж, тоглож байна. Мөн багаараа, сургуулиараа, сумаараа шатар тоглодог болжээ. Улсаас нэг их юм харахгүй, хүний хүүхдийг сургаж өгснийхөө хариуд хөдөлмөрийнхөө хөлсийг бэлэн авдаг систем бий болсон байна. Төр, засгаас шатрын спортыг муугүй анхаарч ордон барьж, шигшээ багийг нь байгууж өгөх гэж байна. Гадаад руу уралдаан тэмцээнд явахад нь компаниуд зардал мөнгөн дээр нь ивээн тэтгэж байна. Энэ бол сайн эхлэл. Гэхдээ аймаг, суманд даага түрүүлүүлээд машин авдаг. Харин шатарчдыг шагнал авахад хөхиүлэн дэмжих ч юм уу урамшуулах систем дутмаг. Гэхдээ хүний оюуныг үнэлэх үнэлэмж бага багаар дээшилж байна. Цаашид гурав, 10 км яваад ирсэн даагыг үнэлэх биш дэлхийд нэрээ гаргасан хүмүүсийг үнэлэх үнэлэмж өндөр болно гэдэгт итгэлтэй байгаа. Үйтүмэнгийн үргэлжлэл сайхан юм. Олон улсын мастер цолыг анх 1965 онд авч байсан бол одоо олон улсын цолыг тоолохгүй их мастеруудыг тоолоход гарын 10 хуруунд багтахгүй болсон нь бидний эхэлж байсан агуу их хүмүүсийн үргэлжлэл Монголоос төрсөн. Төр, засгаас бодлогоор нь дэмжээд явбал Монголд дэлхийн аварга ойрхон байна. Одоо ч хүнийг компьютерээр бэлтгэдэг болж дээ.

-Та залуучуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?

-Би 1975 онд Москвад анхны биеийн тамирын дээд сургуулийг төгсч ирсэн болохоор сэтгэл зүй, сурган, хүмүүжил, бэлтгэл сургуулилтынх нь төлөвлөлтийг хийж өгч болж байна. Хөгшин хүн гээд надаас асуухгүй л бол би өөрөө яваад байх зовлонтой юм. Ер нь тамирчдыг өндөр онол, тактикийг нь хэлж өгөхөөс гадна тэр хүн чинь робот биш учраас амарч сэргэдэг, бэлтгэл хийж ачаалал авдаг, уралдаан тэмцээнд орж алдаа, оноогоо дүгнэдэг. Юунаас болсон гэдгээ мэддэг ахмадуудаараа үнэлж цэгнүүлж, ярилцах хэрэгтэй. Морь хараад шинждэг улс биш ч гэсэн олон жилийн туршлага байна. Энэ сарын 7, 8-нд Т.Үйтүмэнгийнхээ 80 насны ойн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ивээл дор зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь Т.Үйтүмэн гэж ийм хүн байжээ гэдгийг таниулж, алдаршуулах юм. Ийм алдартай хүмүүсээ таниулаагүй нь бидний буруу. Тухайлбал, Самбуу дарга төрийн тэргүүний нэг байхдаа шатрыг хөгжүүлэхэд их нэмэр болсон ч түүнийг одоо таних хүн алга. Ийм хүмүүсийг үнэнээр нь ярьж, мөнхжүүлэх хэрэгтэй юм байна. Монголын нэрийг дэлхийд гаргасан хүмүүсээ мартахгүй, хойч үедээ залгамжлуулах нь зүйтэй. Манайд ганц Үйтүмэн биш улсын аварга, олон улсын цолтой, хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй, их юм хийсэн олон алдартан бий. Үүнийг бид бас алдаршуулж, түүхэнд тэмдэглэж үлдээх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn