Ц.БАЯР

Реки бясалгалын “Гэрэл” төвийн багш  мастер Ц.Нарангэрэлтэй реки бясалгал хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцлаа.

-Реки бясалгал манай оронд хөгжөөд 20 гаруй жил болж  байгаа гэх боловч ач холбогдлын талаар иргэд төдийлөн сайн ойлгохгүй байгаа тухай ярьж байна?

-Монголд реки бясалгал хөгжөөд 23 жил болжээ. Реки гэдэг үгийн утга нь ре гэдэг нь даян дэлхий, ки гэдэг нь агаар хүч гэсэн утгатай. Нийлүүлээд даян дэлхийн агаар, энерги эрч хүчийг идэвхжүүлэх бясалгал. Ямар ч шашинтай хүн, нас хүйс, яс үндэс хамаарахгүйгээр эмгүйгээр эрүүлжих юм. Хүний бие сэтгэлийг давхар эрүүлжүүлдэг. Ангаах ухаан хүний махан биеийг эмчилдэг бол реки бясалгал нь бие, сэтгэл, оюун ухааныг зэрэг эмчилдэг онцлогтой. Эрүүл нийгэм  бий болгож  ядуурлыг буруулах гэж ярьдаг. Тэгвэл реки бясалгалыг хийснээр хүний оюун ухаан, сэтгэл санаа амар амгалан болж бусдын төлөө энэрэн нигүүсэж, байгаль дэлхийгээ хайрладаг болдог. Ялангуяа, бага насны хүүхдийг бясалгалд  явуулснаар хувь хүн болж төлөвшихөд нөлөөлдөг. Мэдээллийн эрин зуунд амьд харьцаа багассан. Тэгэхээр бясалгал хийснээр  хэсэгхэн хором, минутыг өөртөө зориулж амар амгаланг бий болгодог. Бие  сэтгэл нь тайвширснаар хүний биеийн эсүүд хэлбэржиж булчин шөрмөс нь сулларч байгалиас заяаснаараа эрүүлжиж гайхалтай амар амгаланг мэдрүүлдэг.

-Манай өсвөр үеийнхнийг илүүдэл жинтэй буюу таргалалттай байна гэж эрүүл мэндийн статистик мэдээнд онцолсон байсан. Реки бясалгалын гол зорилго таргалалтын эсрэг байх аа?

-Таргалалт олон янзын зүйлээс шалтгаалдаг. Манай рекикийн багш нар эхлээд хүний гэрлэн бие ба аура, долоон хүрд, далд ухамсар, зөв хоололт, хөдөлгөөний ач холбогдлын талаар ярьж өгдөг. Түүнчлэн бясалгал хийхийн зэрэгцээ үндсэн иогийн дасгалуудыг хийдэг. Далд ухамсар гэж хүн юу бодно, юу хүснэ түүгээрээ амьдардаг. Зөв бодол хүнийг зөвд чиглүүлж, сайн талаас нь харах гэхчлэн ярьж өгдөг. Таргалалт залхуугаас болж үүсдэг. Ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэж, явган явахаас илүүтэй машин унадаг. Бясалгалд сууснаар энэ бүгдийг ойлгож өөрийгөө танин мэддэг. Хүн эхээс төрж өсч том болдог шиг бясалгалыг бага багаар дасгаж өөртөө зуршил болгодог. Суга таягтай, хорт хавдартай ирсэн хүмүүс бясалгал хийгээд 20 хоноход л үр дүн нь харагдаж 2-3 жилийн дараа өвчин нь илаарширч эдгэрсэн жишээ дурдвал олон бий.

-Монголд реки бясалгалын хэдэн төв ажиллаж байна вэ?

-Бясалгалын багш нарын тоог гаргах боломжгүй. Хэдэн зуугаараа байгаа. Эхэндээ аймаг бүрт төвүүд олноор нээгдэж байсан. Харин сүүлийн үед тоо нь цөөрч байгаа. Энэ нь манай төвүүд ашгийн төлөө биш учраас урсгал зардал өндөр байдагтай холбоотой. Жишээлбэл, би компанийнхаа дэргэд байр гаргаад хичээлээ явуулах гэхээр татвар нэхдэг. Тэгэхээр байр, цахилгаан, түрээс гээд зардал ихтэй. Бусдын төлөө хийж буй ажил гэдгийг ойлгодоггүй. Ашиг орлого их гэж ойлгодог. Үүнээс болж төвүүд хаагдсаар байна. Нөгөөтэйгүүр зар сурталчилгаа хийхийг хориглодог номтой. Зар сурталчилгаа бүрийн ард эдийн засгийн сонирхол байдаг. Үүнийг зарим нь буруугаар ашиглах явдал гарна. Тиймээс сурсан, мэдсэнээ дор бүрнээ амаар дамжуулж, бие сэтгэлээрээ хүргээрэй гэсэн дүрэмтэй. Амнаас ам дамжин манай бясалгалын зар хүрдэг.

-Та өнөөдөр хэдэн шавьтай бэ?

-Би 300 гаруй шавьтай. “Гэрэл” төвөө нээгээд дөрвөн жил болж байна. Манай шавь нарын 200 орчим нь Баянхонгор аймгийнх. Баянхонгороос ирсэн нэг хүн бие нь эдгэрэхэд бие биедээ дамжуулсаар олон болсон байх жишээтэй. Саяхан Увс аймгийн миний нэг шавь “Үсчний нэг өрөөгөө бясалгалын өрөө болгосон. Хүн ирэх нь бага л байна” гэж ярьж байсан. Хаа сайгүй нэг иймэрхүү байдалтай л байгаад байх шиг байна.

-Бусад оронд бясалгал хэрхэн хөгжиж байна. Төрөөс нь хэр дэмждэг юм бол? 

-Бусад улсад байраар хангах, хөнгөлөлт үзүүлэх, татвар, түрээсийг нь чөлөөлж өгөх байдлаар дэмждэг. Манайх ядаж сар бүр 10 мянган төгрөг татварт өгөх байдлаар дэмжиж болох юм шиг санагддаг. Эрх мэдэл бүхий хүний нөмөрт энэ ажлаа хийхгүй бол одоо ч их хэцүү болсон. Гэтэл бид ямар нэгэн нам, хэн нэгэн хүний эрхшээл, хярьяалалд байх ёсгүй. Яагаад  гэвэл хүний эрүүл мэндийн төлөө тэр нам, энэ нам гэж ялгарлах боломжгүй. 

-Та хэзээнээс энэ бясалгалаар хичээллэх болов. Залуучууд хэр сонирхдог юм бэ?

-2009 онд би элэгний С вирусын идэвхижил өндөр, багтраа, астамтай байсан. Тэр үед миний есөн сартай зээ охин хоёр сар дараалан уйлаад, эмнэлгээр яваад тархины даралт гээд эм зөндөө уулгасан ч зүгээр болоогүй. Тэгээд элэгний Бадамжав эмч нэг сувилал нээж бид хандив өргөсөн. Тэгэхэд эмч надад “Алтан чагнуур” гэдэг сонин өгөв. Сонингоо уншиж байсан чинь Юмсүрэн гэдэг эмчийн  “Хүүхдийн уйлалтыг зогсооно, био энергээр эмчилнэ гэсэн” гарчигтай ярилцлагыг хараад шууд холбогдсон. Охинд минь долоо хоногийн зайн энергийн эмчилгээ хийгээд уйлахаа больсон. Үүнээс хойш зайнаас энерги өгөх эмчилгээг сонирхож багшдаа шавь орж эмнэлэгт нь хэвтсэн. Их багш болон Монголд реки бясалгалыг анх оруулж ирсэн Цагаадай багшаас олон зүйлийг сурч өөрийнхөө өвчнийг анагаасан. Бариулах, бясалгах, хооллолт, иогийн дасгалыг элэгний эмчилгээтэй хамт хийлгэснээр үр дүнд хүрч эрүүлжсэн. Юмсүрэн эмчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эдгэрсэн  хүн дахиж ирдэггүй. Тухайн хүнийг үзээд ямар нэгэн эм тан өгдөггүй болохоор хүмүүс ойлгодоггүй нь харамсалтай байдаг. Манай хүмүүс цаг хугацаа, хүлээх гэсэн зүйлийг тэвчдэггүй. Хурдан хүрэх үр дүнгийн талаар асуугаад байдаг. Тухайн хүн муу зуршил, өвчин эмгэгээ хэдий хэрийн хугацаанд олсон байна тэр хэрээр тодорхой хугацааны дараа үр дүн нь харагддаг. Гэхдээ өвчний явц, тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалан харилцан адилгүй. Хамгийн гол нь итгэл, найвар, хүчин зүтгэл, тэвчээрээс л хамаардаг. Залуучууд далд ухамсар, бодлын хүчний талаар ярихад илүү их сонирхдог. Хүн юу бодно. Түүнийгээ тарьж ургуулдаг. Далд ухамсарын талаар сүүлийн үед их ярьж байгаа. Бодсон болгон биелэлээ олдог эрин зуунд бид амьдарч байна.

-Энергийн эрч хүчээ юунаас олж авдаг юм бэ?

-Суурь судлалыг нээж, авшиг цэнэг буюу ван өгнө. Түүгээрээ тогтмол бясалгал хийснээр өөрөө олж авдаг юм. Хүйтэн биед  хүрэхэд гар хална. Хүнтэй ярилцаж байхад зургаа дахь мэдрэхүй их хөгжинө. Хүн бүхэнд зургаа дахь мэдрэхүй байдаг. Үүнийгээ бясалгалаар л олж авдаг хүч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь сайн хөгжсөн хүн тухайн хүний зовиуртай байгаа бүх өвчнийг хараад мэддэг. Хүн эхээс зургаа дахь мэдэрхүйтэй төрдөг. Харин долоон наснаас хойш тэр хүний идсэн хоол, агаарын бохирдол, уур бухимдлаас болж мэдрэмжээ алддаг. Бясалгал хийснээр  төрөлхийн зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлдэг. Зарим үед Эрдэнэт рүү машинаар биш, воганаар явмаар мэдрэмж төрдөг. Гэтэл замд ямар нэгэн муу зүйл болсон байх жишээтэй. Муу мэдрэмжийг сануулах, сэрэмжлүүлэх байдлаар өгдөг. Гайхалтай гоё мэдрэмжийг ч төрүүлнэ. Тэгэхээр реки бясалгалын энэ гайхамшигтай мэдрэмжийг би ганцаараа мэдрэх биш бясалгал хийж буй бүх хүнд нээлттэй.

-Тэгэхэээр хотжилт, агаарын бохирдол, нийгмийн бухимдал нь  хүний зургаа дахь мэдрэмжийг сааруулдаг учраас муу зүйлүүд их болж байгааг үгүйсгэхгүй гэсэн үг үү?

-Муу үйл явдал олон хүчин зүйлээс шалтгаалах байх. Гэхдээ хүн амар амгалан, тайван, уур бухимдалгүй, бие эрүүл, ажил үйлс нь бүтэмжтэй байхад гэнэтийн болон муу үйлүүдээс тойроод л гарах нигууртай. Яагаад гэвэл өөрөө зургаа дахь мэдрэмжээ хөгжүүлж тогтмол бясалгал хийснээр тэр бүгдээс зайлж, сэргийлж чадах чадвартай. Тухайлбал, сэтгэл гутралтай хүнд зайны энерги явуулах, хорт хавдартай хүнийг эмчилхэд бие зарайж дотор муухай оргиж ирдэг. Гэхдээ агаарт гарахаар зүгээр болчихдог. Харин нөгөө өвчтөн маань хоолоо иддэг болж сайжирдаг. Хэлэхээр хэр баргийн хүн ойлгохгүй. Харин биед нь мэдрүүлэхээр ойлгодог. Би хэдийгээр дэлгүүр ажиллуулж, түүхий эдийн наймаа хийдэг хэрнээ бясалгалаа хэзээ ч орхидоггүй. Миний  бие сэтгэл, оюун ухаан, энерги хань, үр хүүхдүүдэд маань нөмөр болж явдаг учраас багш нартаа үргэлж талархаж явдаг. Энэ утгаар олон хүнийг зөв замд нь оруулж, эргэлзээ, бухимдлыг нь тайлж өвчин эмгэгтэй нэгнийг өвчнөөс нь салгаж туслах зорилгоор 10 жил энэ бясалгалаа хийсээр явна.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)