Д.ЭНХЭЭ

Францын үнэртэн гоо сайхны Lancôme брэнд шинэ үнэртэн Idôle-ийн  сурталчилгаанд дуучин, жүжигчин Зендаяг сонгожээ. Залуу од Холливудын толгодын оройгоор хүлэг морьтой дүүлэн давхиж байгаагаар зураг авахуулжээ. Шинэ үеийнхний тод төлөөлөл болж чадсан бүсгүйн хувьд бэлгэ дэмбэрэлтэй зураг болсон аж. Зендая залуучуудын “Бүжиглэхийн хүслэн” цувралд оролцож, “Ододтой хийсэн бүжиг” шоунд хоёрдугаар байранд орж байсан. Гэхдээ энэ жилийн хувьд залуу бүсгүйн карьер шинэ төвшинд гарчээ. Түүний оролцсон “Эйфория” цуврал хит болж дараагийн улирал руу сунгажээ.

Idôle, Lancôme-ийн шинэ үнэртний сурталчилгааны зураг авалтын үеэр

“Агуу шоучин эр” кинонд Зендаятай хамт Хью Жекман, Зак Эфрон нар тоглож олон шагнал хүртсэн. Тийм болохоор Lancôme-ийн сурталчилгааны  шинэ  дүр төрх болон оддын багт уригдах санал зүй ёсоор бялуун дээрх интоор болсон гэж хэлж болно. “Elle” сэтгүүлийн сурвалжлагч түүнтэй Парист шинэ үнэртэн Idôle-ийн танилцуулгад зориулсан үдэшлэгийн өмнөхөн буюу өнгөрсөн аравдугаар сард уулзаж ярилцсан байна.

Энэ төслийг удаан хугацааны турш маш хатуу чанд нууцалж байсан бөгөөд надтай ярилцахын өмнө Зендая юуг ил гаргаж болох талаар удирдагчаасаа тун нухацтай асууж тодруулсан. Надад бол бүгдийг ний нуугүй дэлгэж болно гэдэгт итгэмэгцээ тэр чин сэтгэлээсээ баярлан инээд алдаж, баяр бахадлаа барьж ядан, минутад зуу зуун үг урсгасаар ярьж эхэлсэн.

-Таны хувьд Lancômeийн их гэр бүлд багтана гэдэг юуг өгүүлэх вэ?

-Энэ бол гайхалтай. Америкт Lancôme бол Эйфелийн цамхагтай нэгэн адил Францын бэлгэ тэмдэг. Энэ брэндийг би байнга л мэддэг байсан юм шиг санагддаг. Тэрээр хосгүй гайхалтай хуучны дэгжин тансаг эмэгтэйчүүдийг санагдуулдаг. Таны хэлсэнчлэн энэ бол зүгээр нэг компани төдийгүй чухамхүү нэгэн цул гэр бүл. Гэр бүлийн бүх гишүүнтэй танилцах боломж удахгүй надад олдоно хэмээн найдаж байна. Одоохондоо би зөвхөн хосгүй сайхан сэтгэлтэй Лупита Нионго хэмээх бүсгүй, бас Тейлор Хилл нартай л уулзсан.

-Шинэ үнэртэн танд ямар санагдав?

-Үнэхээр тансаг. Би түүнийг бүтээж гаргаж авахад бага боловч оролцсон. Компанийн төлөөлөгчид надад ноотыг сонсох боломж олгож, төгсгөлийн зохиомжийн талаар миний санаа бодлыг асуусан. Миний санаа бодлыг сонсож хүлээж авсан нь үнэхээр сайхан санагдсан. Харин үнэртэн бүхий сав (флакон) бол үнэхээр итгэхийн аргагүй. Анх би түүнийг хараад: “Wow. Урьд нь огт хараагүй юм байна” гэж бодсон. Үнэртний савалгааг бодож олно гэдэг унадаг дугуй зохион бүтээхтэй адил юм шиг санагдсан. Гэхдээ л Lancôme түүнийг шинээр харж чадсан. Хэрэв би алдаагүй бол энэ бол үнэртний түүхэн дэх хамгийн нимгэн сав (флакон). Гартаа барихад хэчнээн гоё гэж санана.

Idôle шинэ үнэртэн хэнд зориулагдсан бэ?

-Бүгдэд. Түүнийг хэрэглэхэд насны хязгаар байхгүй. Миний хувьд энэ бол аз жаргалын үнэр. Ямар нэг зүйлтэй гэхээсээ дурсамжтай холбогдсоноороо энэ үнэр илүү хүчтэй. Тиймээс миний хувьд тэдгээр дурсамж үнэхээр чухал.

-Зураг авалтын талаар өгүүлээч?

-Үнэнийг хэлэхэд маш нягт шахуу ачаалалтай байсан. Бие махбодийн хувьд ч яггүй хөлөрсөн. Хоёр өдрийн турш морины нуруун дээр, тэгээд өглөөнөөс орой болтол ямар ч өө сэвгүй харагдах гээд оролдоод үзээрэй. Хосгүй туршлага.

ФОТО:ROSS ANGELES Lancôme © 2019

Эхэндээ би сандарсан. Шинэ бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулж байгаа эрч хүч, сэтгэл санааны баяр хөөрийг үзэгчдэд үггүйгээр яаж хүргэх вэ. Lancôme-ийн төлөөлөгчид болон найруулагч Ману Коссу нарын хамт зохиол болон нарийн ширийн зүйлийг бүгдийг нэгд нэгэнгүй удаан нухацтай ярилцаж хэлэлцсэн. Маш хүчтэй видео болсон шүү.

-Зар сурталчилгааны бичлэгийн гол санаа юу вэ?

-Аль нэг замыг сонгонгоо бидний хэн маань ч ирээдүйгээ өөрөө бүтээж бий болгодог. Ямар ч эмэгтэй санасандаа хүрч чадна. Гол нь өөрийнхөө хүчинд итгэх. Миний тоглосон дүр бол мөрөөдөлдөө хүрэхийн тулд дүүлэн хурдалж, оргилд гарч, өөрийгөө хэн болохыг харуулан нотолдог. Энэ дүрийг бүтээхээр ажиллаж байхдаа би өөрийнхөө айдастай нүүр тулансан ч сандарч тэвдэлгүйгээр урагшилж байгаа шинэ үеийнхний хүсэл тэмүүллийн талаар бодож байсан.

-Хүчтэй, өөртөө итгэлтэй байхад чинь танд юу тусалдаг вэ?

-Харин энэ талаар таны гайхшийг төрүүлж чадахгүй байх. Гэхдээ дуртай ажлаа хийх, өөрийнхөө бүтээсэн дүрээр бахархах боломж л гэж хэлэх үү дээ.

Idôle, Lancôme  ФОТО VALENTIN ZOLOTUKHIN

-Гоо сайхны талаар таны ойлголт?

-Түүнийг олж тодорхойлох хэрэгтэй. Хүн бүхэнд өөрийн үзэл бодол бий, юу сайхан, юу муухай талаар өөрийн бодлоо хэн ч бусдад тулгаж чадахгүй.

-Бүгд л таныг Met Gala болон улаан хивсэн дээр гарч ирэхийг хүлээж өөр хоорондоо хэлэлцдэг. Тэр үед өмсөх гоёлоо та хэрхэн сонгодог вэ?

-Энэ бол миний хувцасны загвар сонгогч Лоу Роучийн гавьяа. Намайг 14 настай байхаас бид хамтдаа байгаа. Энэ залууд итгэж болох юм байна гэдэг бодол шууд төрсөн. Тэр бусдыг дуурайлгүйгээр өөрийн хэв маягаа эрж олоход намайг сургасан. Бидэнд баримталдаг хатуу дүрэм журам, хориг саад гэж байдаггүй. Хувцас сонгож байхдаа бид хөгжилдөж, эрсдэл гаргахаасаа айж эмээдэггүй. Ердийн үед би гоёж гангарахыг хүсдэггүй. Өдрөөс өдөрт нэг л янзаар хувцаслаж чадна.

-Хамгийн тааламжтайгаар өнгөрүүлдэг өдрөө дүрслэн яриач?

-Ханатлаа унтана, олон ангит цуврал үзнэ. Заримдаа гав ганцаар байна гэдэг маш сайхан шүү.

-Парист танд юу таалагддаг вэ?

-Энд хуучны сайхан барилга их. Гудамжаар нь алхаж, эргэн тойрноо ажиглангаа нарийн ширийн зүйлийг олж харах боломжтой. Энэ бүхэн ингээд оршиж байна гэж бодоход итгэмээргүй. Заримдаа киноны зураг авалтын талбай дээр байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.

Эх сурвалж: www.polit.mn