Б.Туул

“Босох тэнхэл” хэмээх энэ номын зохиогчийг бидний ихэнх нь андахгүй сайн танина. Час улаан даашинзаар гоёчихоод, зах хязгааргүй энэ их далай тэнгис дээгүүр нар ширтэн зогсож буй энэ бүсгүй бол монголчуудын тухлан үздэг “Танайд хоноё” нэвтрүүлгийн зочин, багш, сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй Д.Бадамханд юм. Төрөлхийн хоёр хөл нь суумгай, хөгжлийн бэрхшээлтэй ч хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Салхич шувуу” ТББ-ын тэргүүнээр ажиллаж, өөртэйгөө адилхан хатуу хөтүүг туулж яваа олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, тэдний төлөө олон ажлыг нааштайгаар шийдвэрлэхэд тус дэм болж чадсан сэтгэлдээ галтай, зоримог бүсгүй юм. Тэрээр амсхийх завгүй 20 жилийнхээ ажлыг багцалж, асуудлуудаа нэгтгэж, “Босох тэнхэл” хэмээх нэгэн шинэ номыг уншигчдын гарт хүргээд байна. Зохиолч, сэтгүүлч Д.Бадамханд энэ номдоо ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхэлж, хатуу ширүүн салбар гэгддэг сэтгүүлзүйн салбарт хэрхэн ажиллаж, өөртэйгөө ижил олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллаж хөдөлмөрлөх, бусадтай адил сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж, ямар үр дүнд хүрсэн тухай олон сонирхолтой өгүүлэл, нийтлэл, аян замын тэмдэглэл бичжээ.
Хөгжлийн бэрхшээл хэмээх зовлон, осол гэмтэл хэнд ч хэлж ирдэггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд өгч, тэдэнд тулгамддаг ноцтой асуудлуудыг хөндөж, тэдний нийгмээс тусгаарлагдах байдал, адил тэгш оролцоо, халамж үйлчилгээ гээд олон зүйлийг бүтээлдээ дурдсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нийгмийн асуудал болчихоод байгааг хэлэх гэснийх биз. Зохиолч бүсгүй “Босох тэнхэл” хэмээх бодлын хүчээр дүүрэн номынхоо нээлтийг өнөөдөр хийнэ. Энэ номыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй олон нийтэд хүргэх зорилгоор хэвлүүлсэн нь дамжиггүй. Эрхэм уншигч та ч бас “Босох тэнхэл” номын гэрэл гэгээтэй санаануудыг сэтгэл, оюундаа буулгаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин