Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай  холбоотой өргөн  сэдвээр  TV-9 телевиз   шууд нэвтрүүлэг  зохион явуулдаг. Ээлжит хэлэлцүүлэгт МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, эдийн засагч, судлаач Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцож “Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу” гэсэн сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчдын хэлсэн онцлох эшлэлийг  хүргэж байна.

С.Ганбаатар:Оюутолгой  бол  зууны  луйвар

-Оюутолгойн  гэрээг анх байгуулах гэж байхад “Бид өдөр бүхэн сая ам.доллар алдаж байна”  гэж С.Баяр яаруулж  байлаа. Монголчууд ч ашиг хүртэнэ гэж итгэсэн.

-Гэрээ хийх явцад түүн  дотор Монголд  ашигтай юу ч алга гэдгийг бид  зөндөө хэлсэн. Гэвч зарим нь  биднийг “Жаргах замын саад” гэж  хардаг байсан.

-Оюутолгойн баялгаа өгөөд ажилтай болно, ядуурлыг арилгана, цэцэрлэг, сургууль барина гэж хүлээж байлаа. Гэтэл юу ч алга. Тэр үед Монголын өр хоёр тэрбум байсан бол одоо 30 тэрбум болжээ.

-Оюутолгой ашиггүйг хэлж тэмцсэн олон хүн бий. Зарим нь бурханы оронд явжээ.  Энэ гэрээ зууны, мянганы том луйвар болсон шүү.

-2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын үед, тухайн үед  Ерөнхийлөгчөөр  Н.Энхбаяр  ажиллаж байхад УИХ-аар орж зурахад бэлэн байсан гэрээн дээр бид 400 тэрбум ам.долларын баялгаа өгч, 34 хувийг авна, таван жилийн дотор зэсийн үйлдвэр барина гэж заасан байсан.

-С.Баярын 2009 оны гэрээгээр бид 34 хувийг  худалдаж аваад сууж байгаа.

Г.Ганбат: Монголчууд  “Рио Тинто”-гийн   боол болсон

-“Рио Тинто” компанийнхан монголчуудын нүүрийг харах эрхгүй болсон. Монголчууд энэ луйварчдад аль эрт дүнгээ тавьсан.

-Оюутолгойн гэрээ монголчуудын язгуур эрх ашигт нийцээгүй. Иймээс  үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилж байна.

-Монгол Улс үндэстэн дамнасан том компанийн колони болж, ард түмнээ  түүний  боол  болгочихлоо.

-Өнгөрсөн 10 жилд нэг нэгийгээ түлхэж унагааж, барьцалдан тэмцэлдэж, гурван Ерөнхийлөгч, зургаан Ерөнхий сайдын нүүрийг үзлээ.

-Монголын төр “Рио Тинто”-гоос болж тогтворгүй болсон.

-Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойтой холбоотой явж ирсэн.

-2008 оны сонгуульд гарах магадлалтай хүмүүст мөнгө тараасан хуйвалдааны  мэдээлэл дуулддаг. Тэгээд  таван иргэний амиар “Стандарт бус” Засгийн газар байгуулсан.

Ц.Ганхуяг: Бид хонио чононд алдсан мэт боллоо

-Оюутолгой бол “Эрдэнэт”-ээс тав дахин том орд. Энэ бол манай үүц. Гэтэл ашиглаад 10  жил өнгөрөхөд Монголын эдийн засаг дээрдсэнгүй.

-Манайхан гадны хүн хараад бурхан шиг шүтдэг байсан нь алдаа байсан нь Оюутолгойгоос харагддаг.

-“Рио Тинто”-гийнхон  хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болсон. Бидний хонь  чонын аманд орчихлоо.

-Дубайн гэрээ байгуулагдахаас өмнө монголчууд 2026 оноос ашиг авч эхэлнэ гэж бодсон. 34 хувиа 51 болгоно гэж тооцсон. Гэтэл зардал нь гэнэт өсч 2048 он гэж ярих болсон.

-Монголчууд Оюутолгойгоос ашиг авна гэсэн ойлголт үндсэндээ алга болсон.

-Анх Оюутолгойн сурталчилгаа явж байхад монголчууд өгөөжийн 71 хувийн ашгийг авна, бид 29 хувийг авна гэж ярьж байсан. Одоо эсрэгээрээ болсон.

Ч.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулах нэрээр Монголыг өрөнд оруулсан 

-Өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос найман тэрбум ам.долларын баялаг гарчихаад байна.

-Монголчууд Оюутолгойгоос аль эрт ашиг хүртсэн байх учиртай. Гэтэл буруу гэрээний гайгаар 2048 он гэж ярьж байна.

-Рио Тинто  анх дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж 2006-2010 онд зарласан. Гэтэл одоо түүнийгээ 26 тэрбум ам.доллар болтол нэмэгдүүлж ирсэн.  Уг нь анх тохирсноороо хийгээд явах ёстой байсан.

-Дубайн гэрээг хууль зөрчиж зурсныг шүүх тогтоосон. Цаашид энэ гэрээг хүчинтэй эсэх, хөрөнгө оруулалтын гэрээ гээд ярих байх.

-Гэрээг байгуулахад гурван зөвлөх авсан бололтой байдаг. Материал нь олддоггүй.  Нэг нь Ц.Элбэгдоржийн найзын компани гэлцдэг.

-Компани хоорондын асуудалд битгий ор гэж Ч.Сайханбилэг хэлдэг. Энэ бол тийм биш, бүх хүний анхаарал тавих асуудал.

Э.Эрдэнэжамъян: Ц.Нямдорж  урвагч болох нь илэрлээ     

Оюутолгойн гэрээ эхнээсээ худал хуурмаг дээр тогтсон. Авлигад дуртайг нь авлигадаж, мэдлэггүйг нь мэхэлж бий болсон.

-Уурхайн хөрөнгө оруулалт нэрээр хэд дахин зээл авч байгаа нь залилангийн гэмт хэрэг.

-Далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа ашгаа өгч эхэлнэ гэдэг хууран мэхлэлт. Дэлхийн жишигт тийм зүйл байдаггүй.

-Уурхайн ажил ил, далд явагдахаас үл хамаарч газрын гүнээс  шороо гаргах бүртээ ашгаа олж байдаг.

-2009 онд Оюутолгойн гэрээ батлагдсанаар Монголд нэг юм бий болсон, тэр нь авлига. Сонгуулийн луйвар орж ирсэн. Эрх ашиг нь Оюутолгой дээр байгаа.

-Монголчууд Оюутолгойн гэрээний талаар хатуу шаардлага тавьсан бүх хүнээ сонгуульд унагаасан. Энэ бол цаана нь  авлига хэмээх хар хүч  үйлчилж байгаагийн илрэл.

Эх сурвалж: www.polit.mn