С.САРУУЛ

Түүхэнд анх удаа улс төрийн намууд нэгдэж анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Улс төрийн 21 намын удирдлага, гишүүд улс орны хөгжил шинэчлэлийн төлөө нэгдэж буйгаа зарлаж, илтгэл хэлэлцүүлэв. 20 гаруй нам анх удаа зөвшилцлийн ширээний ард сууж байгаа нь цаг хугацааны хувьд ч Үндэсний бахархлын өдөртэй давхцаж буйд бэлгэшээж буйгаа төлөөлөгчид илэрхийлж байв. Улс төрийн намууд 2020 оны сонгуульд МАНАН-гийн эсрэг бусад намууд гэсэн сонголтыг бий болгож гуравдагч хүчин зохион байгуулах эхлэлийг тавьж байгаа аж.

“Эв нэгдлийн төлөө” улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга гаргаж, тунхаг бичигт гарын үсэг зурах юм. Намууд цаашид нэгдэж дундаасаа ажлын хэсэг байгуулж өргөн хүрээнд хамтарч ажиллах юм байна.

МАХН-ын ЕНБД Б.Тулга: Эх орон, ард иргэдийн төлөө ажиллах аль ч улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад МАХН бэлэн

-МАХН улс төр, эдийн засгийн хувьд Монголчуудынхаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хүчээ нэгтгэх цаг болсныг зарласан. Ялангуяа, гадны бүлэглэлийн эрхэнд орсон хүмүүсээ салах цаг болсон байна. Хэрэв энэ янзаар явбал Монголчууд өрийн барьцаанд, 200 мянган залуу гадаадад боолын хөдөлмөр эрхэлж иргэдийн амьдрал өнөөгийнх шиг ядуу зүдүү хэвээр байх болно. МАН, АН-ын эсрэг нэгдэж эх орон, ард иргэдийнхээ төлөө ажиллах аль ч улс төрийн хүчинтэй МАХН хамтарч ажиллахад бэлэн. Тиймээс МАХН юу зорьж, юуны төлөө явж байгаа вэ гэдэг байр сууриа анхдугаар зөвлөгөөнд оролцож илэрхийллээ.

Улс төрийн намууд хамтарч ажиллахын тулд юуны төлөө байгаагаа тодорхойлох ёстой. Намын төлөө юу нийт ард түмний өмнө тулгамдсан асуудлыг  шийдвэрлэхийн төлөө юу гэдгээ тодорхойлж байж нэгдэх хэрэгтэй. Гоё тунхаг үгнээс татгалзаж иргэдээ үнэгүй орон сууцанд хамруулж, өр зээлээс нь гаргаж өгөхөд үзэл бодлоосоо ухрахгүй нэгдэж чадах уу гэдэг чухал. Бусад жижиг амбицаа орхиод Монголынхоо төлөө нэгдэх цаг ирсэн байна. Түүнээс шүүгчийг томилдог, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө явж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүгч нь ард түмнээс сонгогдож байж шударга ёс тогтоно.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Нам ашиг сонирхол, амбици, явуургүй мэхээ орхих цаг болсон

-Өмнө нь бид ийм зүйл ярьж байсангүй. 27 жил алдаж, алдаанаасаа суралцлаа. Харин цаашид яаж бага алдах вэ, хөгжлийн ямар стратегитай байх вэ гэдгээ тунгаах ёстой. Сонгуулийн авлига, хар машин бий. Манай сонгуульд ашигладаг хар машины үйлдлийн систем, программ АНУ-д бий. Тодруулбал 2020 оны сонгуульд ямар нам гаргах вэ гэдгийг хилийн цаанаас шийдэх магадлалтай. Сонгуулийн будлианаар хар машин шиг “амьгүй” шийдвэрүүд гарна. Хэний ч төсөөлөөгүй хүмүүс улс төрд гарч байна. Тиймээс улс төрийн намууд нэг зорилго чиглэл, тактиктайгаар оролцох ёстой. МАН, АН-ын гуравдагч хүчин болж нэгдэх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол, амбици, явуургүй мэхээ орхих цаг болсон.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт машинаар бол жаахан засвар хийсэн төдий. Системийн хэмжээн дэхь хямралыг эмчилж чадаагүй. Бид нэгдэж чадвал МАН, АН-аас арай өөрөөр асуудлыг шийдвэрлэнэ. Гарц гаргалгаа хайж хөгжил дэвшилд зорино. Улс төрийн гуравдагч хүчнийг зохион байгуулахын тулд бүгдээрээ сэрж нэгдэх цаг болсон.

МҮАН-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Цогтгэрэл: Хүний нөөц, улс төрийн капитал, бодлогоо нэгтгэж байна

-Улс төрийн намууд анх удаа нэгдэж, зөвлөлдөж байна. Урьд ингэж албан ёсоор хуралдаж байсан түүх байхгүй. Энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жил юу болов, дараагийн 30 жилийг хэрхэн төсөөлж буй. Үүнд улс төрийн намуудын үүрэг ямар байх вэ гэдгээ ярьж байна. Намууд хатуу, зөөлөн гэж хэлж болохоор гурван зорилт тавьсан. Намууд хамтарч эвлэж байж парламентын ёсыг төлөвшүүлнэ. Олон намтай гэдэг бол огт намгүйтэй адил. Тиймээс олон нам байх тусам салж сарниж парламентад өөр дуу хоолой өөр бодлого оруулах, үзэл бодлоо илэрхийлэх чадамжгүй болно гэсэн үг юм. Тиймээс намууд эвлэлдэн нэгдэх шаардлагатай гэж үзсэн. Эрх барьж байгаа намуудыг хүчтэй сөрж зогсох нэгдсэн байр суурьтай, нэг чигт харсан сөрөг хүчин байх ёстой. Тэгж байж Монголын төр чадавхижиж алдаа завхрал бага гарна. Бидний хамгийн ойрын зорилт бол 2020 оны сонгуульд аль болох цөөн субьект оролцуулж байж сонгогчдоо зөв сонголт хийхэд нь дөхөм больё. МАН, АН-аас гадна гуравдагч хүчин байх зохион байгуулалтад орох ёстой. Амаргүй ч одоогийн байдлаар энэ үзэл санааг дэмжиж 20 гаруй нам нэгдээд байна. Дор бүрнээ хүн дэвшүүлж нэгнээ татаж унагах биш хүн хүч, улс төрийн капиталаа нэгтгэж, бодлогоо цөм болгоё гэсэн үзэл санаагаар бид нэгдэж байна. Ингэснээр хөрөнгө мөнгө, ураг садан дээр суурилсан фракциудаас илүү хүчтэй бат нягт байх бололцоо бий.

-Монголын Уламжлалт нэгдсэн намын дарга Б.Батболд: МАНАН ба бусад гэсэн сонголтыг ард түмэндээ санал болгоно

-Энэ зөвлөгөөн бол түүхэн болон улс төрийн ач холбогдолтой. Улс төрийн намууд анх удаа цугларч өөрчлөлт шинэчлэлт хийхээр ярьж байна. Улс төрийн ач холбогдол нь МАНАН ба бусад гэсэн сонголтыг ард түмэндээ санал болгохыг зорьж байна. Улс орноо өөд нь татъя гэвэл МАНАН бас бусад гэсэн сонголтыг зайлшгүй хийх ёстой. Үүний тулд 2-3 суудал, бүлгийн хэмжээний эрх мэдэл биш ялалт хэрэгтэй.

Монгол хүн бүрийн хамгийн чухал зүйл бол тусгаар тогтнол, түүний аюулгүй байдлыг хангах юм. Уламжлалтын нэгдсэн нам тусгаар тогтнолыг хангах суурин дээрээс бүх зүйл эхлэх ёстой гэж үздэг. Энэ үнэт зүйлээ ч гэсэн улс төрийн намуудын эвслийн гол цөм болох байх гэж найдаж байна. Нөгөө талаас МАНАН ба бусад гэсэн сонголтыг бий болгож ялчихаад яах вэ гэдгээ ойлголцох ёстой.

Эх сурвалж: www.polit.mn