Д.ЭНХЭЭ

Алдартай жүжигчид яагаад түүний нэртэй шивээс хийлгэдэг юм бол. Леог Брэд Питтээс илүү гэж хэн үздэг вэ. “Оскар” хэмээх анхны бичил баримал түүнд хэдийд бий болсон бэ. Жүжигчний амьдралд тохиолдсон хөгтэй явдлаас төрсөн өдрөөр нь эргэн дурсацгаая.

Том Харди өөртөө “Лео бүгдийг мэддэг” хэмээх шивээс хийлгэснийг та нар мэдэх үү. Энэ бол 2015 онд “Амьд гарсан нь” кино “Оскар”-ын шагналд нэр дэвших эсэх талаар тавьсан мөрийгөө Ди Каприод алдсаны хариу шийтгэл болгож (Том “шилдэг эрэгтэй туслах дүр” -ийн номинацид нэр дэвшсэн) Харди шивээсчинд очсон хэрэг. Гэхдээ шивээс байгаа бүрмөсөн оноогүй ч байж болох. Яагаад гэвэл Лео өөрийгөө шагнал хүртэнэ гэж төсөөлөөгүй ажээ.
Шагналын бичил баримлыг жүжигчин 41 настайдаа 2016 онд дөнгөж гардсан юм байна. Дашрамд дурдахад “Амьд гарсан нь” киноноос өмнө Лео “Гилберт Грейпыг юу залгих вэ”, “Наран шарлагын газар”, “Чадвал намайг бариач дээ”, “Авиатор”, “Хараал идэгсдийн арал”, “Эхлэл”, “Уолл стритийн чоно”, “Чөлөөлөгдсөн Жанго”, “Агуу Гэтсби” мөн мэдээж домогт “Титаник” бүрэн хэмжээний 40 орчим кинонд тоглосон байжээ.

“Оскар”-ын талаар

1996 онд Жек Доусоны (“Титаник”) дүрд тоглохын тулд Леонардо, Том Круз, Кристиан Бейл, тэр бүү хэл Маколей Калкин, хамгийн сонирхолтой нь Брэд Питт (Квентин Тарантиногийн сүүлийн кино болох “Голливудэд нэг удаа…” киноны гол дүрд хоёулаа тоглосон) нартай сонгон шалгаруулалтад (кастинг) өрсөлдсөн аж. Бүх дэлхийн үзэгчдийн хайрыг татаж чадах гал дөлийг түүнээс олж харсны ачаар уг дүр Ди Каприод оногдсон байж ч болох юм.
Киноны эхэнд Жек хөлөг онгоцны хошуун дээр зогсоод “Би ертөнцийн хаан” хэмээн хашгирч байгаа хэсгийг санаж байгаа биз дээ. Энэ бол жүжигчний цэвэр өөрийнх нь санаж хийсэн үйлдэл байсан бөгөөд маш амжилттай болсон билээ.
“Оскар”-ын шагналын хувьд Леогийн түүх сонирхолтой. “Гилберт Грейпыг юу залгих вэ” киноны дүрд тоглосны учир түүнд 19 настайд нь энэ шагналыг өгч болох байсан хэмээн шүүмжлэгч нар ярьдаг. Энэ бол түүний хувьд насанд хүрсэн хүний анхны яггүй төвөгтэй дүр байсан. Үхэл, амьдралын зааг дээр цаг үргэлж дэнжигнэж яваа 18 настай оюуны хомсдолтой хөвгүүний дүрийг тэрээр өөрийн биеэр харуулах хэрэг гарсан. Ажилдаа орохын өмнө хариуцлагатай жүжигчин маань хүүхэд асрах газруудаар явж судалгаа хийсэн байна. Энэ кинонд тоглосны ачаар тэр анхны шагналаа хүртжээ.
Дараа нь “Цусан алмаз”, “Чөлөөлөгдсөн Жанго”, “Уолл- стритийн чоно” киногоор тус тус шагнал хүртсэн. Харин академийн хувьд байнга л өөр хэн нэгнийг магадгүй гэж үзэж байсан. Гэхдээ 2016 онд жүжигчин маань шууд хоёр шагнал авсан. Умард нутгийн хийгээд тэсч оршихуйн сэдэв сэтгэл санааны болон уур амьсгал, цаг агаарын хувьд илүү ойр дөхөм байсан болоод тэр үү Якутын үзэгчид түүнд нэг шагналыг нь бэлтгэсэн аж.
Кино үзсэнийхээ дараа Умард нутгийн оршин суугчдын сэтгэл хөдөлж, “Оксар- ын жижиг баримлын хуулбарыг мөнгөөр (якутчуудын хувьд энэ металл ариун нандин хэмээх утгыг бэлгэддэг аж.) цутгаж хийлгэхээр хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулжээ. Үүнээс гадна “Оскар”-ын гадаад төрхийг ази маягтай болгож, сэлэмний оронд чорон хэмээх үндэсний сав суулга бариулжээ. Гуравдугаар сард сэтгэл хангалуун жүжигчин маань талархлын үг бүхий гэрэл зурагаа инстаграммд нийтэлжээ.

Карьерын тухай

Леогийн тоглосон кинонуудыг дарааллаар нь хөөж үзвэл “Төмөр багтай хүн” киноны дараагаас түүний карьер зөвхөн өөдөө дэвжин дээшилж байгааг анзаарч болно. Тэрээр кинонд зөвхөн гол дүрд тоглож байна. Кино шүүмжлэгч нар түүнийг байнга онцолж байв. Үзэгчид заримдаа Ди Каприо тоглосон болохоор л кино үзэх гэж ирж байна. “Титаник”, “Уолл-стритийн чоно” эсвэл “Чөлөөлөгдсөн Жанго” киног хэд дахин үзсэнийг ярилтгүй.
Энэ бүхэн түүнд тийм ч амархан олдоогүй. Тэрээр тоглох гэж байгаа дүр бүрийг маш сайн бэлтгэдэг. Эцэж туйлдатлаа ядарснаа мэдэрсэн үедээ завсарладаг. “Уолл-стритийн чоно” киноны дараа Лео хоёр жилийн амралт авсан байна. Энэ дүр өөрийнх нь хэлснээр түүнийг оюун санаа, бие махбодийн хувьд үнэхээр туйлдуулсан аж.
Тэр удаагийн амралт эцэстээ “Амьд гарсан нь” кинонд тоглох ажлаар үргэлжилж, “Оскар” хүртсэний дараа жүжигчин бас дахин завсарлага авчээ. Тэрээр янз бүрийн улс орноор аялж, шинэ сонин зүйл судалж, онгон дагшин байгалийн тухай баримтат кинон дээр ажиллажээ.

Байгаль ба Ди Каприо

Байгалийн зураг авах хүсэл тэмүүлэл тохиолдлынх байгаагүй. Бүр жүжигчний карьер эхлэхээс өмнө байсан гэсэн үг. Лео далай тэнгис судлалыг сонирхдог байв. Уран бүтээлийн ажилд өөрийгөө зориулсны дараа тэрээр экологийн асуудлыг сонирхож, онгон дагшин байгалийг хадгалж хамгаалах санд хөрөнгө мөнгө оруулж байв. Нэгэнтээ тэрээр бар хамгаалах олон улсын форумд оролцохоор Санкт-Петербургийг зорьсон. Онгоц гэмтэлтэйн улмаас түүний нислэг тасалдсан боловч Лео яаж ийгээд зорьсон газраа хүрч, барын дархан цаазат газар байгуулахад нэг сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Саяхан тэр Шведийн шуугиан тарьсан эко идэвхтэн Грета Тунбергтэй уулзсан. Жүжигчин маань хамт авахуулсан зурагаа Instagram-д байршуулж “Гретагийн илгээлт зүв зүгээр суудаг цаг үе өнгөрснийг дэлхийн бүх лидерүүдэд сануулах харангын дохио болно гэдэгт би итгэлтэй байна. Чухамхүү Грета болон бүх дэлхий даяарх идэр залуу идэвхтэнүүдийн ачаар ирээдүй рүү өөдрөг сэтгэлээр харж байна” гэжээ.
Тэр өөрийн нэр дээр хандивын сан байгуулсан бөгөөд экологийн зориулалттай хувцасны үйлдвэрлэлийн асуудлыг тэр сонирхож ялангуяа, тийм гутлын үйлдвэрлэлд бас хөрөнгө оруулдаг.
Экологийн төлөө түүний хийж байгаа тэмцэл Леонардо Ди Каприогийн фанатуудын хувьд шүтэн бишрэгчээ улам илүү хайрлаж хүндлэх шалтгаан болдог. Хайр дурлалдаа чин зүрхнээсээ итгэсэн ядуу тарчиг амьдралтай билэг танхай залуугаас эхлэн бодит амьдралаас холбоо тасартлаа идэж уусан баян тарган хүний дүр хүртэлх түүний тоглосон бүхий л дүрийг шүтэн бишрэгчид нь шагшин бахархдаг. Гэхдээ Леогийн авьяас хараахан шавхагдаагүй биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин