Т.САЙХАН

Кени улсад хуралд оролцоод ирсэн төлөөлөгчдийн нэг холер өвчнөөр өвчилсөн тухай өмнө нь мэдээлж байсан.   Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна.  “Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16-н буюу өчигдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж, хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй. Эрүүл мэндийн яамнаас нислэгийн үед тогтмол мэдээлэл авч, цаг алдалгүй гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, холер өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу шуурхай арга хэмжээг авч, ажиллалаа гэжээ. Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,889 хүн өвчилж, 26(0.7 хувь) хүн нас баржээ.

Иймээс ард иргэд та бүхнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn