Б.ДОЛЖИНЖАВ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сайд өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа. Энэ үеэр Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг сайжруулахад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийг болиулж, боловсрол, шинжлэх ухааны салбарт зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2020 оны улсын төсөвт  Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг сайжруулахад 12 тэрбум төгрөг суулгасан.  Гэвч улстөржилт хэрээс хэтэрч соёлын байгууллагуудад хийхээр төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Сангийн  сайд, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга нарт соёлын салбарын хөрөнгө оруулалтыг зогсоох саналаа өнөөдөр албан бичгээр хүргүүлнэ. Төсвийн тухай хуулийн төсөлд зохицуулалт хийж, энэ 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зориулахаар болж байна.” гэсэн юм. Мөн тэрээр “Байгалийн түүхийн музейн барилгын суурь нь үйрээд унасан учир хүчитгэх боломжгүй. Гурван давхрын даацын хана цуурч, хучилт цөмрөөд унасан учир буулгахаас өөр аргагүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс хуучин Байгалийн түүхийн музейн зураг төслийг сайжруулж “Чингис хааны музей” байгуулах шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд танилцууллаа.

Эх сурвалж: www.polit.mn