Б.Намуунтамир

Сайжруулсан  түлшинд 20 орчим хүн угаартаж, одоогоор дөрвөн хүн нас бараад байгаа тухай албаныхан хэлж байгаа.  Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос дөнгөж сая /10.06/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Барьцалдуулагч бодисыг Гаалийн лабораторийн шинжилгээ хийж байж, Монгол Улсад импортоор оруулж ирдэг. Барьцалдуулагч бодисыг шинжилгээнд өгөөд байна. 15 айл өрх, “Тавантолгой түлш” компанийн хоёр цэг, нийт 17 цэгээс 23 төрлийн дээж авч, гурван лабораторид шинжлүүлсэн. Хийнд хордох, шингэнд хордох гэж ялгахаас биш яг тийм бодисноос  хордсон гэж хариу Эрүүл мэндийн байгууллагаас гардаггүй юм байна. Нийт 50 орчим иргэн хийнд хордсон гэдэг мэдээлэл байна. Энэ сарын 3-5-ны өдрийн хооронд 35 иргэн хийнд угаартсан байдлаар эмнэлгийн байгууллагад хандсан. Үүнээс дөрөв нь амь насаа алдсан. Шууд түлшнээс хордсон гэж хэлэхэд өрөөсгөл. Угаарын хий гэдэг нь юу ч шатаасан гардаг. Албан ёсоор дүгнэлт гарснаар зургаан хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд байна. Энэ түлш бол маш том реформ. Одоо борлуулалт, үйлдвэрлэл зогсоогүй хэвийн явагдаж байгаа. Борлуулалтын цэг дээр үйлдвэрийн түлш байна уу үгүй юу гэдэгт шинжилгээ хийж байна. Үйлдвэрлэх явцад бүхий л шинжилгээг хийж байж худалдаалдаг. Хуурамч түлш, эсвэл янз бүрийн асуудал гараагүй л бол түлшинд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Бүгд л түлэх ёстой түлш” гэсэн юм.

НМХГ дэд дарга С.Даваасүрэн “Есдүгээр сард хамгийн сүүлийн байдлаар “Тавантолгой түлш” компанид сайжруулсан түлшнээс 1,3,5,7,9 сард үйлдвэрлэгдсэн  түүврийн байдлаар 14 төрлийн дээж авч шинжилгээ авсан.  Бат бэх чанар нь заримдаа стандартад хүрээгүй. Бусад үзүүлэлт хангалттай сайн гарч байсан. Энэ шинжилгээний хариуны хувьд худалдаалагдаж болох юм гэдэг дүн гаргасны улмаас худалдаанд гаргасан. 200 мянган айл өрх зэрэг түлэхэд нэг хүрэхгүй айлд ийм зүйл тохиолдлоо. Бүтээгдэхүүнд асуудал байхгүй. Харин айл өрхийн буруу хэрэглээнээс болсон байх гэж үзэж байна. Зуухаа буруу суурилуулснаас, түлшээ буруу хадгалах, хэрэглэснээс угаартсан байж болзошгүй. Энэ түлш бороонд норохгүй, нарны тусгал тусгахгүйгээр хадгалах ёстой. Гэвч буруу хадгалсанаас алдаа гарч байна. Хордсон хүмүүс ихэнх нь ханан пийшэн хэрэглэсэн байсан. Орой унтахдаа түлшээ хэт дүүргэх, дутуу татах зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэж байж магадгүй. Иргэд маань энэ талаар мэдээлэлгүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн байж болзошгүй байдалтай байна. Эцсийн дүгнэлт гарахаар эргэн мэдээлнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn