С.УЯНГА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путингийн айлчлалтай холбогдуулан МАХН-ны дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа.  

-Халх голын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байна. Халх голын ялалтын үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?

-80 жилийн буюу 1939 онд Японы армийн дайралтаас Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Монголын цэрэг, дайчид, офицерууд. Тэр үеийн ЗХУ-ын улаан армийнхан хамтарч амь насаа хайрлахгүй тэмцсэн. Үүний үр дүнд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж чадсан. Гүнзгий утгаар нь авч үзвэл дэлхийн II дайны өмнөхөн болсон энэ дайнд Япон ч, Орос ч хэн нь ямар хүч чадалтай, зэвсэг техниктэйгээ тандаж судалсан. Судлаачдын үзэж буйгаар Японы тал Зөвлөлтийн армитай тулалдахад бэлэн биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж үздэг. Дэлхийн II дайн болоход Япон ЗХУ-руу дайраагүй. Тэр утгаараа ЗХУ баруун фронт дээрээ Германы фашизмтай тэмцэх бололцоотой байсан. Хэрэв Япон тэр  талаас нь дайрч зүүн фронт нээгдсэн бол хоёр фронт дээр зэрэг дайтахад хэцүү. Тиймээс Халхын голын ялалт бол дэлхийн II дайн аугаа их эх орны дайнд ЗХУ ялах бас нэг эхлэл байсан гэж хэлж болно.

-Арван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчлахдаа их өрийн асуудлыг сөхсөн. Тухайн үед төрийн эрх бүхий албан тушаалтнууд ч их өрийн асуудал бүрэн шийдэгдээгүй гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ удаагийн В.Путин ерөнхийлөгчийн айлчлалаар энэ асуудал яригдах болов уу. Таныг Ерөнхийлөгч байхад их өрийг бүрэн тэглэсэн гэж ярьдаг шүү дээ?

-В.Путин ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр их өрийн асуудал яригдахгүй. Их өрийн асуудал бүрэн шийдэгдсэн. Харин В.Путин ерөнхийлөгчид Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс талархсанаа хүн бүр илэрхийлэх  ёстой. Тухайн миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа В.Путин ерөнхийлөгч болон тэр үеийн Ерөнхий сайдтай уулзаж энэ асуудлыг шийдэхэд гар бие оролцож байсан хүний хувьд хамгийн чангаар баярлалаа гэж хэлэх байна даа.

Харамсалтай нь Медведев ерөнхийлөгчийн айлчлалын үеэр их өрийн асуудлыг тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга Д.Дорлигжав нарын санаачлагаар хөндөгдсөн. Намайг ажлаа өгсний дараа Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав айлчлахдаа улсынхаа улс төрийн дотоод асуудлыг гадаад асуудал болгож алдаа гаргасан. Москвад айлчлахдаа Оросын их өр шийдэгдээгүйд Н.Энхбаяр буруутай гэсэн үлгэр домог зохиосон. Түүнийгээ “Монросцветмет”-ийн хуулийн бүртгэл цаг хугацааны хувьд хоцорсон гэсэн шалихгүй, утгагүй үндэслэлээр их өрийн асуудал шийдэгдээгүй мэтээр хэвлэлээр мэдээлж ард иргэдийг гайхшаруулсан. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзаж дотоодынхоо улс төрийн өрсөлдөөнийг гадаад бодлогодоо аваачиж эргээд Монгол Улсыг өрөнд оруулж болохгүй. Их өрийн асуудал бүрэн шийдэгдсэн. Оросын удирдлагуудад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. 11.7 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг тэглэж, хоёр хувийг Монгол Улс хугацаанд нь төлсөн. Тиймээс Монросцеветмэнтийн хуулийн бүртгэлийн асуудал хугацаанаасаа хэтэрснийг далимдуулж их өрийн асуудлыг Монголын тал өөрсдөө сэргээж болохгүй. Н.Энхбаяртай өөр замаар өрсөлд гэж хэлсэн. Харамсалтай нь Ц.Элбэгдорж хүлээж аваагүй.

Оросын тал бол аманд нь орж ирсэн өгөөшийг ашиглаж таараа.  Медведев ерөнхийлөгч 70 жилийн ойд ирэхдээ хоёр улсын хоорондын их өрийн асуудал дутуу маягийн зүйл яриад явсан. Үүний дараа Ерөнхий сайдаар томилогдсон байсан Сү.Батболдтой уулзаад Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар дотоодын улс төрийн асуудлаа гадаад асуудал болгож тавиад их өрийн асуудлыг янз бүрээр сэргээж байгаад Монгол Улс хохирно. Их өрийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцсон, зарчмыг мэдэж байгаа хүний хувьд гадаад бодлогын нэг л дуу хоолойтой байх ёстой. “Монросцветмет”-ийн асуудал шийдэгдсэн гэдгийг хэлсэн. Тухайн үед аз болж Ерөнхий сайдаар В.Путин ажиллаж байсан. Их өрийн асуудлыг шийдэхэд гар бие оролцож 98 хувийг тэглэсэн явдлыг сайн мэддэг хүн байсан учраас энэ зарчмаар хандсан. “Монросцветмет”-ийн зөвхөн хуулийн бүртгэлээс болж их өрийн асуудлыг сэргээснийг ухаалгаар шийдвэрлэж 180 сая ам.долларын хоёр хувь буюу 3.6 сая ам.долларыг Засгийн газар төлөөд энэ асуудал бүр мөсөн хаагдсан. Энэ бол сургамжтай түүх болсон.

Сү.Батболдыг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсны хувьд гадаад бодлогын үнэ цэнэ, зарчмыг мэддэг юм байна гэж үнэлж байсан. Харамсалтай нь дотоодынхоо улс төрийн өрсөлдөөнийг гадныханд хов хүргээд, тэдэнд ашигтай сэдвийг гаргаж ирж Монголоо хохироох гэсэнд нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг цөөнгүй хүмүүс шүүмжилж байсан. Харин одоо ийм тэнэглэл байхгүй болов уу. Харин В.Путин ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа их өрийн асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэж, сүүлд Монголчуудын өмнөөс бидний алдааг засч өгч сэтгэл гаргаж байсан урчаас бид итгэлтэйгээр хүлээж авах ёстой.

Аль ч улс орон. Тэртусмаа манай шиг жижиг улс орны хувьд хуульчлах ёстой зарчим. Дотроо өрсөлдөж нэг нэгэндээ сайн муугаар хандаж байна. Түүнийгээ гадаадын том орны төр засгийн тэргүүнүүдэд хов зөөх маягаар хэлж өөрт ашигтай байдлаар ойлгуулах нь эргээд улс эх оронд асар их хортой. Харин түүнийг нь далимдуулж өөрийн улсад ашигтай байдлаар дагуулж торгохоо мэднэ. Гадаад бодлого дээр нэг дуу хоолойтой байх ёстойг харуулсан түүхэн сургамж боллоо. Үүнийг бүх шатандаа ойлгож алдаагаа засдаг байх ёстой.

-Тэгвэл энэ удаагийн айлчлалаас Монгол Улс юу хүлээх вэ. Айлчлалаар ямар асуудал шийдвэрлэх талаар олон нийт хүлээлттэй байна?

-Энэ айлчлалын үеэр мянганы төмөр замын асуудлыг тавих ёстой. Мянганы замын асуудлыг ярьж байхад мянгуужингийн зам гээд зарим хүн итгэхгүй байсан. Гэтэл одоо Монголын ард түмэн бүгд итгэсэн. Харин мянганы замаа мянганы төмөр замаар үргэлжлүүлэх ёстой. Ховдыг Чойбалсантай холбож урагшаа, хойшоо гаргасан төмөр замыг тавих ёстой. Тэгэхийн бол энэ их уудам өргөн дэлгэр нутагт амьдардаг Монголчууд илүү сайхан амьдарна. Бараа үйлчилгээгээ илүү хурдан хүргэж, хүлээж авч, үнэ тариф буурч хүмүүсийн амьдрал чанаржиж сайжирна. Мянганы төмөр замыг дагасан том суурин хотууд бий болно.

Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулахад Оросын мэргэжлийн хүмүүсийг урих хэрэгтэй. Тэдэнтэй зовлонгоо ярьж том усан сан, далай нуурыг байгуулах тухайгаа ярих хэрэгтэй. Байгаль нуур, ОХУ-ын экологийн асуудалд хор хохирол учруулахгүйгээр асуудлыг шийдэх тал дээр хамтарч ажиллах тухайгаа хэлж Оросуудыг ярих хэрэгтэй. Томоохон усан сан байгуулах юм бол монголын голууд гантай жил усгүй болохгүй. Харин ч Оросын экологид сайнаар нөлөөлнө зэргээр ойлголцож болно. Үр дүнд нь уур амьсгал зөөлөрч, хөдөө аж ахуй, хот суурин газар, дэд бүтцийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр ярих асуудал олон байна.

Өнгөрсөн жил Х.Баттулга Ерөнхийлөгч Володовскт айлчлахдаа эрчим хүчний сүлжээ байгуулах талаар ярьсан. Энэ саналаа үргэлжлүүлж тавих байх гэж бодож байна. Нефтийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг шийдвэрлэх мөч ойртсон байх гэж харж байна. Тууштай тавьж шийдүүлэх хэрэгтэй. Хийн хоолой, цахилгаан шугам, түүхий нефтийн хоолойг барьснаараа Монгол Улс хоёр том хөршийн дунд эдийн засгийн чухал нэгж болж хөгжих бололцоо нээгдэнэ.

-Зөвхөн ой гэлтгүй олон боломж нээсэн айлчлал болох байх. Айлчлалын хүрээнд яригдах асуудал одоогоор тодорхой  болоогүй байна л даа? 

-Харамсалтай нь энэ удаагийн айлчлалын бэлтгэлийн үеэр хоёр гуравхан жижиг асуудал ярьж, түүнийг нь Оросын компаниуд бага хэмжээний мөнгөөр шийдвэрлэж байгаа сураг дуулдсан. Халх гол сумын ЗДТГ-ын байр, сургуулийн Биеийн тамир спортын заал мэтээ өөрсдөө барья. Халх гол зориулсан киногоо өөрсдөө хөрөнгө гаргаад хийж болно. Харин Оросуудтай мянганы төмөр зам, усан сангаас эхлээд мега төслүүд яримаар байна.

Эх сурвалж: www.polit.mn