Б.ДОЛЖИНЖАВ

Сэтгэл тайвшруулах ятгын зөөлөн аялгуу эгшиглэж хөшиг нээгдэхэд Хятадын эртний тосгоныг санагдуулам өргөөнд ширээ тойрон нэгэн эмгэн залуухан эрэгтэй, бас нэгэн бүсгүйн хамт сууж  байна. Эмгэн сохор хүн бөгөөд өөрийн хүү, бэр хоёртойгоо сууж байгаа нь тэр байжээ. “Шинэ үе” продакшн  найруулагч Н.Наранбаатарын хамтын бүтээл Хятадын зохиолч Цао Юй-гийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-наас тайзнаа тоглож эхэлсэн нь энэ.

Вань Янь гэх хүний амьддаа хийсэн нүгэл нь өш хонзон дагуулж, үр үндэс нь бүрмөсөн тасрах аймшигт үйлийн үрийг дууддаг тухай жүжигт өгүүлжээ. Тэр хүн нэгэн айлын амьдралыг сүйтгэж, дурлалт хосыг салган Жоу Хү гэх залууг шоронд хориулж, Жинь Зи бүсгүйг өөрийн хүү Дао Сид эхнэр болгон авч өгснөөс бүх зүйл эхэлдэг. Жүжгийн эхэнд гарсан сохор эмгэн бол Вань Янийн эхнэр бөгөөд эмгэний үрээ хайрлах хайр нь залуухан бэрээ хахир хатуу үгээр доромжлон, амьдрах аргагүй болтол нь зовооход хүргэнэ. Хараагүй эмгэний дүрийг ардын жүжигчин С.Сарантуяа бүтээсэн нь жүжгийн гол цөм нь байв. Түүний дүр бол амьдралын хар бараан, өс хонзон гэгч аймшигт зүйлийн төлөөлөл. Алхаа гишгээ, хараагүй хүний ааш аяг, хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, алдахвий гэхээс айж түгшиж шаналж байгаа эхийн дүрийг үнэхээр чадварлаг гаргажээ. Түүний хүү Дао Си нь өмнөх амьдралаасаа авч үлдсэн нэг хүүтэй, тэр нь сохор эмгэний хувьд “харах нүд” нь болдог аж.

Жүжгийн продюсерээр гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажилласан бөгөөд мөн туслах дүрийг бүтээжээ. Жинхэнэ хайр нь бүтээгүй, өөрийнхөө хүслээр бус хадам аавынхаа эрхээр бэр болон ирсэн Жинь Зи бүсгүйн дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул тоглосон юм. Түүний эцсийн хүсэл бол хайртай залуу Жоу Хүтэй  хамт “Буйд нутаг” руу явж хүссэнээ хийж амар тайван амьдрах байлаа. Гэвч  Жоу Хү шоронгоос гарч ирээд өшөөгөө авахын тулд Дао Сиг бяцхан хүүгийнх нь хамт хороож Вань Янийн удам угсааг тасалдаг. Өс хонзонгоо авч хүслээ биелүүлсэн залуу ч эцэст нь буудуулж хөөрхий Жинь Зи бүсгүй ганцаар үлдэнэ. Амьдралаас аз жаргал, жинхэнэ хайрыг хайж, тэрхүү аз жаргалаа олно гэж итгэсээр байсан ч шаналлаас өөр юу ч авч чадсангүй.

Нэгэн сууринд болж өнгөрөх энэхүү эмгэнэлт жүжгээр хүний аливаа үйлийг бурхан бүртгэж, муу үйлийн мод үндэс рүүгээ улам гүн шигддэг гэсэн философи, хайр сэтгэл, өш хонзон, гэр бүлийн, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг чухалчлан бие биеэ гэх сэтгэл дутагдаж буйг харуулахыг найруулагч зорьжээ. Үнэхээр энэ жүжиг бидний зүрх сэтгэлийн олон утсыг хөндөж, амьдралын тухай, үйлийн үр, өс хонзон, хэзээ ч бие биеэ үл мартах жинхэнэ хайрын тухай гээд олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв.

Жүжигчид өөрт ногдсон дүрээ тун чадварлаг бүтээсэн бөгөөд эмгэнлийн хажуугаар инээдмийг шигтгээ болгосон  нь хөгжөөгөөд авсныг онцолмоор. “Буйд нутаг” жүжиг өдөр бүр 20:00 цагаас СТӨ-ний тайзнаа тоглогдож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)