Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хоёр  хуулийн төслийг хэлэлцлээ. Нэгдүгээрть Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журмыг Дэгийн тухай хуульд шинээр нэмж байгаа юм байна. Өөрөөр хэлбэль Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр байнгын хороо, чуулганы хуралдаан ямар дэгээр хуралдах вэ гэдгийг хуульчилжээ. Энэ хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Я.Содбаатар санаачилсан. Харин хоёр дахь нь  УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан Дэгийн тухай хуулийн өөрчлөлт байв. Энэ хуулиар бол УИХ-ын гишүүн үг хэлэхдээ урьдчилан мэдэгдэх, тусгай зассан индрийн өмнө босч үгээ хэлэх заалтыг оруулсан. Мөн Дотоод асуудлын байнгын хороо, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулагдах юм байна.

Байнгын хорооны гишүүд дэгтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцээд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ ямар дэгээр явах гэсэн агуулга бүхий хуулийн төслийг дэмжиж,  харин Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжсэнгүй.  

Дэгийн тухай хуулийн энэхүү хэсэг  батлагдвал Үндсэн хуулийн төслийг парламент нэг сарын хугацаанд хэлэлцэж, энэ хугацаанд өөр ямар ч хуулийн төсөл оруулж ирэхгүй.  Гишүүд өөр ямар нэгэн асуудлаар улстөржихгүй ийм зохицуулалтууд орж ирж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нэг сар өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй байх нь зөв. Харин нэг сарын хугацаанд Үндсэн хуулиа өөрчилж амжих уу, учир нь чуулганы хуралдаан завсарлах гэж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд бүгд дэмжиж байгаа. Гэхдээ сүүлийн 10 жил ярьж байгаа өөрчлөлтөө бид хийж чадах уу.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ байнгын хорооны 19 гишүүнээс 14 нь заавал оролцох, мөн дөрвөн удаагийн хэлэлцүүлэг явуулахыг зааж өгсөн.  УИХ-ын гишүүдийн оролцоо, хариуцлагыг илүү их нэмэгдүүлж, заалт бүрийг илүү нарийвчилж оруулж ирсэн гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болов.  Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар багтсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)