Б.ТУУЛ

Засгийн газар зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймагт жуулчдыг татах зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлээд байна. Энэ талаар Хэнтий аймгийн Дадал сум дахь “Чингисийн гурван нуур” рашаан сувилал, аялал жуулчлалын газрын захирал Н.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Зүүн бүсийн аймгуудаар аялж яваа жуулчдын үзэх ёстой газруудын нэг бол яах аргагүй  “Чингисийн гурван нуур” аялал жуулчлалын газар байдаг. Түүх домгийн өлгий болсон энэ газарт бүтээн байгуулалтын ажил хэр хийж байна вэ?

-“Гурван нуур” рашаан сувилал 1949 онд байгуулагдсан, Монгол Улсын анхны рашаан сувилал. 2002 оноос “Чингисийн гурван нуур” гэсэн нэршилтэйгээр рашаан сувилал, амралт жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Миний хувьд, 2010 оноос өнөөдрийг хүртэл энэ байгууллагын ерөнхий захирлын албыг хашиж, хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж байна. Өнөө жил “Чингисийн гурван нуур” рашаан сувилал маань түүхт 70 жилийн ойтойгоо золгож байгаа. Ойгоо угтаад бид “70 жил-70 бүтээлч ажил” гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

-Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр томоохон ажлууд хийж байна. Танай байгууллага бас жуулчдаа хүлээж авах гээд бэлтгэл ажилдаа орсон байна. Танай энд түүх өгүүлсэн хуучны байшингууд, гэр музей ажиллаж байсан түүх байдаг. Одоо байгаа юу?

-Байлгүй яахав. Бид “70 жил-70 бүтээлч ажил”-ынхаа хүрээнд жуулчдын сонирхлыг татдаг эдгээр барилга байшин, музейн үзмэртээ засвар үйлчилгээ хийгээд эхэлсэн. Тухайлбал,  “Ямбатны ягаан” гэж түүх өгүүлсөн таван ширхэг яагаан байшин байдаг. Манай амралт сувиллын газар ирж амарч байсан эрт цагийн амрагчид маань мэдэх байх. Энэ таван байшиндаа гар  засварын ажлыг хийсэн. Гар засвар гэдэг нь гадаад өнгө үзэмжийн хувьд уг байшингууд маань хуучныхаа хэв загварыг алдахгүй, дотоод заслын хувьд орчин үеийн шийдэлтэй, илүү тав тухтай болж тохижуулсан гэсэн үг юм. Хоёрдугаарт, манай “Чингисийн гурван нуур” рашаан сувилал бусад амралтын газар, аялал жуулчлалын газраас ялгарах бас нэг онцлог нь өөрснөө дотроо музейтэй. 2005 онд бид амрагч аялагчиддаа зориулан зургаан ханатай гэрийг музейн зориулалтаар тохижуулж ирсэн байдаг. Түүнээс хойш музейн үзмэр болон ирж буй аялагч, амрагчдын тоо ч мөн адил нэмэгдэж байна. Үүнтэй уялдуулан бид гэр музейгээ өргөтгөж, байшин сууцтай болгосон. Одоо тэр байшиндаа ч багтахаа болиод 26-39 хүний багтаамжтай, амрагчийнхаа байрыг музейн зориулалтаар ашиглах гээд ажиллаж байна. Энэ мэтчилэн гадаад дотоодын жуулчдад зориулсан бэлтгэл ажил багагүй байна.

-“Чингисийн гурван нуур” рашаан сувилал магадлан итгэмжлэлд хамрагдсан байх аа. Зуны өдрүүдэд жуулчдын тоо бас эрс нэмэгддэг байх. Ер нь хэчнээн  жуулчин нэг дор хүлээж авах хүчин чадалтай вэ?

-“Чингисийн гурван нуур” рашаан сувилал магадлан итгэмжлэлд хамрагдсан. Одоогийн байдлаар 172 ортой. Сувилуулагч, амрагч аялагч гээд 500 гаруй хүн нэг дор хүлээж авах хүчин чадалтай. Ажилчдын хувьд манай байгууллага тогтмол 18 ажилтантай. Зуны ойд ачааллын үед түр болон гэрээгээр ажиллах ажилчдынхаа тоог нэмээд 55-60 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг.

-Өмнө нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байсан бол одоо үйл ажиллагаагаа тогтмолжуулсан гэж сонссон. Замын хувьд зарим жуулчин очих газар нь хол, бартаа ихтэй гэж ярьдаг. Жилд гадаад, дотоодын жуулчид хэр ирдэг вэ?

-2018 оноос бид жилдээ 5000-6000 орчим сувилуулагч, үйлчлүүлэгчдийг хүлээн авч байна. Гадаадын жуулчдыг Өмнөговь, Хөвсгөл аймагтай харьцуулахад харьцангуй бага ирдэг. Ойролцоогоор 100 гаруй гадаадын жуулчин ирдэг. Хэдийгээр сүүлийн 2-3 жилд нэмэгдэх хандлагатай байгаа ч замын хол, бартаа зэргээс болоод гадаадын жуулчид цөөн ирдэг. Харин одоо Хэнтий аймгийг зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд төр, засгаас анхаарч, “Түүхэн аялал жуулчлалын жим” болгох зорилготойгоор автозам тавьж  байгаад баяртай байгаа. Гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэх байх гэж найдаж байна. Мөн бид бас бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахын төлөө гар сэтгэл  нэгдэн ажиллаж байна.

-Дотоодын аялал жуулчлалыг хувийн байгууллагуудын нуруун дээрээ үүрдэг гэхэд хилсдэхгүй. Төрийн ажил хөрсөн дээрээ буухгүй байна гэж шүүмжилдэг хүн ч цөөнгүй байдаг. Дээрээс нь Хэнтий аймгийг жуулчид “Чингисийн нутаг” гэж хүлээж авдаг. Хувь хүний бизнес гэхээс илүүтэй аялал жуулчлалын содон төрх болсон энэ газрыг төр, хувийн хэвшил гэж ялгалгүй тордоод явбал илүү өгөөжтэй байх.  Ер нь төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо хэр байна?

-Төр, засгийн дэмжлэг гээд бусдаас гар хараад суухгүйн тулд өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр, олсон орлого, ажилчдынхаа тус дэмээр л үйл ажиллагаагаа явуулж ирлээ дээ. Дотоодын аялагчид сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Мөн тогтмол үйл ажиллагаа явуулсны давуу тал анзаарагдаж байна. Төрийн байгууллагын тус дэм гээд онцлоод байх зүйл байхгүй ч одоо харин Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах төр, засгийн бодлогтой уялдуулаад цаашид олон арга хэмжээг зохион байгуулах байх гэж бодож байна. Сум орон нутгийн удирдлагуудын зүгээс бол аль алинаа дэмжээд, хамтраад ажилладаг. 

-Хэнтий аймгийн Дадал сум хотоос 600 км-ийн зайтай. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлаа яаж зохицуулж байгаа вэ?

-Боловсон хүчний асуудал нэлээд хүнд байдаг. Хөдөө орон нутагт ирж ажиллах хүн хүч ховор байна. Ялангуяа үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад цаашид анхаарах зүйл бас их байна. Энэ жилийн хувьд, рашаан сувилалаа түшиглээд дөрвөн залуу эмчтэй таван жил тогтвортой ажиллах гэрээ хийгээд ажиллаж байна. Аялал жуулчалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай мөн энэ чиглэлээр гэрээ хийж хамтран ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Магадлан итгэмжлэлд хамрагдсан учраас ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амардаг байх. Эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах тал дээр хийж байгаа ажлууд юу байна. Мөн тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас манай байгууллага 172 орны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь бид 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ 200 ортой байсан. Тэгээд хэдэн жилийн өмнөөс 28 орны тоо хасагдаад, 172 ортой амрагч сувилуулагчдаа хүлээн авч байгаа. Цаашид бид болж өгвөл орныхоо тоог нэмүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь гадаад, дотоод гэлтгүй манай аймгийг болон манай рашаан сувиллыг зорин ирж байгаа жуулчид амарч аялахаас илүүтэй сувиллын үйлчилгээ авахыг илүүд үздэг. Тийм болохоор бид орныхоо тоог нэмж, амрагч сувилуулагчдаа илүү тав тухтай орчинд хүлээн авах зорилготой ажиллаж байна. Хоёрдугаарт, манай рашаан сувиллыг зорин ирж буй жуулчдыг амраагаад буцаахаас гадна рашаан сувиллынхаа эмчилгээ үйлчилгээг танилцуулж, үр дүнг нь үзүүлээд явуулах хүсэлтэй байдаг. Тиймээс рашаан сувиллынхаа эмчилгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор Өвөрмонголын Бугат хотын уламжлалт эмчилгээний эмч нартай долдугаар сард хамтран ажиллахаар ярьж байгаа. Ингэснээр ӨМӨЗО-ы уламжлалт анагаах ухаанд суурилсан эмийн бус нөхөн сэргээх чиглэлийн эмч нар  жил бүр тогтсон цаг хугацаанд ирж, нэг сарын хугацаатай ажиллаад буцах юм.

-Орчин цагийн аялагчид амрангаа байгалийн сайханд рашаан усны эмчилгээ, эмийн бус нөхөн сэргээх эмчилгээг их сонирхдог болсон. Танай рашаан сувиллын брэнд гэж хэлж болох эмчилгээ юу байдаг вэ?

-Манай гол эмчилгээ бол шилмүүст ванн гэж гайхалтай үр дүнтэй усан эмчилгээ бий. Орчин цагт ядаргаа, стресс, харшилгүй хүн гэж байхаа больсон. Эдгээр өвчинд хамгийн үр дүнтэй эмчилгээ бол шилмүүст ванны эмчилгээ байдаг. Мөн нарсан ойн эмчилгээ байна. Нарсан ойн цэвэр агаар нь астма, бронхит, уушгины бүх төрлийн эмгэг үрэвсэлд их сайн гэдэг. Тэр дундаа Дадал сумын нарсан ой бол байгалийн тогтоцоосоо шалтгаалаад эмчилгээний үйлчлэл нь илүү сайн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Мөн шавар эмчилгээ, үе мөч, харшил экземд сайн. Мөн бусад рашаан сувилал шиг бариа засал, шавар эмчилгээ, энерги иогийн эмчилгээ гээд бусад эмгүй эмчилгээгээр үйлчлэх гээд үйл ажиллагаагаа өргөжүүлж сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Гэр бүлээрээ ирж амарсан тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал олгох гээд маркетингийн хувьд бид олон шинэчлэлийг хийж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)