С.УЯНГА

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо байгуулаад удаагүй байна. Холбоогоороо дамжуулан бүх л хэлбэрээр шударга бусын хонгилын хохирогч болж, хэлмэгдсэн хүмүүсийг хамгаалж, хуулийн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.

-Та нэг хэсэг эмчлүүлсэн байх. Одоо гайгүй юу?

-Тэгсэн. Нэг хэсэг эмчилгээ хийлгэсэн. Одоо харьцангуй гайгүй болсон учраас хувь болоод хувьсгалын ажилд анхаарч байна. Сүүлийн үед холбооныхоо ажил дээр төвлөрч ажиллаж байна. Байгуулаад удаагүй ч бас багагүй амжилттай яваа гэж өөрийнхөө хэмжээнд дүгнээд байгаа. Мөн хувийн бизнес хийх гэж оролдож явна.

-Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоог яагаад байгуулахаар болов. Хэлмэгдсэн хүмүүсийг нэгтгэж улс төрийн тэмцэл эхлүүлж байна гэж ойлгож болох уу?

-Үнэхээр Монголын нийгэм, хууль шүүхийн байгууллагын одоогийн энэ нөхцөлд зүгээр суух ямар ч арга алга. Тиймээс бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн гээд хэлмэгдсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ёстой юм гэж ойлгож энэ холбоог байгуулсан.

Би яаж хэлмэгдсэн тухайгаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад олон нийтэд хүргэсэн. Үүний дараа 6-7 хүнээс хүсэлт ирсэн. Тэгээд уулзаж үзсэн чинь зөвхөн тэр 6-7 хүний эргэн тойронд л ямар нэг байдлаар хэлмэгдлээ гэсэн 20 гаруй хүн байсан. Тиймээс ер нь энэ хэлмэгдсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ёстой юм байна. Хэлмэгдүүлэлтийн эсрэг яаж тэмцэж, нийгэмд ил болгох вэ гэдгээ мэдэхгүй хүмүүст туслах холбоо байгуулах санаа төрсөн. Бид хэлмэгдүүлэлттэй тэмцэж ул мөргүй устгахгүй л бол 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдах юм байна гэж үзсэн. Нийгэмд зөв ойлголт өгөхөөс гадна хуулийн цоорхойнуудыг засах хэрэгтэй. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн хууль хүчний байгууллагын ажилтнуудад арга хэмжээг нь авах хэрэгтэй. Тэгэж байж нийгэмд шударга ёс тогтох учраас Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо байгуулсан.

“Шударга бусын хонгил”-д хэлмэгдэгсдийн холбоо үндсэн гурван зорилгын хүрээнд ажиллана. Хэлмэгдсэн иргэдийн эрх ашгийг хамгаалж цагаатгах тал дээр ажиллана. Мөн шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагад байгаа “Шударга бусын хонгил”-ыг дахин бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар төр, засгийг шахаж ажиллана.

-Танай холбоонд хандсан хүмүүс ямар төрлийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байна. Өргөдлийн мөрөөр шийдвэрлэх боломж нь хэр байна вэ?

-Сар хүрэхгүй хугацаанд манай холбоонд хэлмэгдчихлээ гэж 83 хүн хандаад байна. Эдгээр хүсэлтийг манай хуульчид үзэж ангилаад ямар ч байсан хууль бусаар хүнийг хэлмэгдүүлдэг, хуулийг замхруулж өөрсдийн зорилгодоо ашигладаг хууль хүчний байгууллагын хүмүүст тодорхой арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.  Үүний тулд УИХ-аас байгуулагдсан хууль хүчний байгууллагуудын хууль зөрчиж иргэдийн Үндсэн хуульд заасан эрх чөлөөг зөрчсөн эсэхийг тогтоож арга хэмжээ авах байгууллагатай болох эсэхийг судалж байгаа ажлын хэсгийнхэн болоод ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэргэдэх Тусгай субьектын ажилтнуудад хариуцлага тооцох мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг хэлтэст хандаж байна. Хэлмэгдсэн гээд байгаа зарим хүнийхээ хүсэлтийг гаргаж өглөө.

Ирсэн өргөдлүүдээс судалж байгаад хүнд хэлбэрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн талаарх мэдээллийг нийтлэл, нэвтрүүлэг болгож олон нийтэд хүргэнэ. Энэ маягаар манай холбооны үйл ажиллагаа удахгүй жигдрээд явна.

-2020 оны сонгуулийн өмнө гэнэт холбоо байгуулаад, улс төрийн тэмцэл өрнүүлээд эхлэхээр шоу гэж харагдаж магадгүй. Холбооныхоо цаашдын зорилго, амбицийг юу гэж харж байгаа вэ?

Хэлмэгдүүлэлтийг иж бүрнээр нь гаргаж ирэх ёстой. Өнгөрсөн хугацаанд яг л 1937 оны хэлмэгдэлт шиг үйл явдал бодитоор өрнөсөн. МАНАН бүлэглэл дахиад үргэлжлэх юм бол тэрнээс ч  илүү хүнд байдалд орох байсан. Аргагүй XXI зуун байсан учраас алж хядаж чадахгүй л байснаас бусдаар бол яг л 1937 оны хэлмэгдүүлэлт бодитоор өрнөсөн. Албан бусаар бол зүгээр л алж байна. Ямар ч гэм зэмгүй өөрийнхөө эрх, хувь заяагаар амьдрах хүмүүсийн хувь заяаг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдийнхөөрөө зурж тоглож байна. Хэнийг ч ямар ч ялтан болгож, “аймаар” нөхцөлд зоргоороо хорьж байна. Нэр төр, ар гэр, авгай хүүхдийг бүгдийг золиосолж байна. Тиймээс үүнийг үндсээр нь таслан зогсоож, энэ бусармаг үйлдлийг удирдсан, оролцсон хүмүүст шийтгэлийг нь эдлүүлэх ёстой. Үүний төлөө л тэмцэнэ.

-Таны бодлоор шударга бусын хонгилыг нураахын тулд яах ёстой юм бэ?

-Сүүлийн үед шүүгчдийн асуудал ихээхэн хөндөгдөж байна. Ер нь Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийг өөрчлөх цаг болсон. Тэд бол дандаа Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс. Зарим нь бараг хуулийн сургууль төгсөөгүй хүмүүс байдаг юм байна лээ. Ялангуяа, С.Зоригийн хэрэг дээр хууль хяналтынхан арай л дэндүү ажиллалаа.

-Яаж ажилласан гэж?

-Яаж ажилласан нь эхнээсээ ил болж эхэллээ шүү дээ. Энэ бол шударга бусын хонгил нурж эхэлж байгаагийн нэг илрэл. Хоёрдугаарт, МАНАН бүлэглэл нурж байж С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ил болж байна. Энэ бол Монголд ямархуу ялзрал бий болсон гэдгийн нотолгоо. МАНАН бүлэглэл эдийн засаг, хууль хүчний байгууллага, улс төрийг бүгдийг нь эрхэндээ оруулсан. Ямар ичгүүр сонжуургүй, увайгүй “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг жишгээр ажиллаж байсны тод жишээ. Тиймээс МАНАН бүлэглэл нурж, энэ байтугай юмнууд гарч ирнэ. Эдийн засгийн том хэргүүд бүгд сөхөгдөнө. Хэтэрхий давилуун байсан хүмүүс эхнээсээ нурж унаж байна. Тиймээс шударга бусын хонгилыг бий болгосон, оролцсон бүх албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой.

-Нурж унаж байгаа МАНАН бүлэглэл нь хэн хэн байх уу?

-Хууль шүүхийнхэн, МАНАН бүлэглэл гээд хэн нь хэн гэдгийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ ээ. Аяндаа удахгүй бүх зүйл тодорхой болох байх. Ц.Элбэгдоржоос эхлээд хариуцлагаа үүрнэ дээ. Их л зүйл ил болох өрнөл явж байна гэж харж байгаа. Ийм булай зүйл болсон шүү, дахиад ийм байдал бий болгохгүй шүү гэдэгт тогтолцооноос эхлээд бүхий л зүйлээ өөрчилж, арга замаа эрэлхийлэх ёстой.

-Танай холбооны хамгийн эхний акц нь юу байх бэ?

-АТГ-ын дэд дарга Б.Хурцын хувийн өс хонзонгийн сэдлээр түүний шууд удирдлага дор иргэн Д.Энхбат, Б.Жаргал нарт хилс хэрэг зохиосон үйлдлийг баримтлуулж  УИХ-ын эрх бүхий гишүүдээс эхлээд шүүх, цагдаагийн бүх дарга нарт хүргүүлж байна. Ганцхан жишээ хэлэхэд хэлмэгдэгдсэн гэж манайд хандсан иргэн  Б.Ганхуягийн хувьд  Говь-Сүмбэр аймгийн прокурор Энхтүвшин, Ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай нартай холбоотой ноцтой асуудал бий.

Эх сурвалж: www.polit.mn