Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.d),  цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай сургалтын онцлог, элсэлтийн талаар ярилцлаа.

-Та сургуулийнхаа сургалтын онцлогийн талаар тодруулаач?

-Хууль сахиулахын их сургууль нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий дотоод хэргийн салбар, онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын төвшинд шаталсан сургалтаар бэлтгэдэг ХЗДХЯ-ны харьяа, төрийн өмчийн их сургууль юм. Сургалтын агуулга, хэлбэр, арга зүйгээрээ бусад их, дээд сургуулиас зарим талаараа онцлогтой. Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох, эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төрөөс хариуцахаар заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс төлдөг. Суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогддог. Мөн төгсөөд ажлын байрт томилогддог зэргээрээ онцлогтой юм.

-Энэ хичээлийн шинэ жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 18 хөтөлбөрт элсэлт авна.

-ХСИС элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай сургуульд элсэхийг хүсэгчдэд сургалтын хэлбэр, ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг.

-Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын журмын гол онцлогуудыг дурдахгүй юу?

-Манай сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг их сургуулийн захирлын тушаалаар баталж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд зарладаг. Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог 500-570, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг сонголтгүй, заавал хоёр хичээл байхаар заасан.

Ингэснээр тухайн элсэгчийн чансааны оноог суурь нэг, хавсарга хоёр нийт гурван шалгалтын нийлбэрээр тогтооно. Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай. Манай их сургуульд элсэгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байх зарим ноцтой захиргааны зөрчил үйлдэж хариуцлага хүлээгээгүй байх ёстой. Тухайлбал, нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг ноцтой зөрчил үйлдээгүй байхыг шаарддаг.

-ХСИС-д хийж буй сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар?

-Сургуулийн сургалтын хөтөлбөрүүдэд нийгмийн болон хууль сахиулах, аюулгүй байдал, дээд боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлт, захиалагч агентлаг, байгууллагын хэрэгцээ шаардлага, алсын хараанд нийцүүлэн байнга шинэчлэлт сайжруулалт хийж байдаг.           Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн салбарт өргөн хэрэглэж хүлээн зөвшөөрсөн англи хэлийг мэргэжлийн төвшинд эзэмшүүлэхээр орос, хятад, герман, солонгос хэлийг сонгон судлах багц цагийг нэмэгдүүлэн сургалтын төлөвлөгөөгөө шинэчилж, суралцахуйн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан боловсруулан хэрэгжүүлж байна.

Мөн агуулгад цэргийн биеийн тамир, бие хамгаалах бэлтгэл гэсэн албаны чадваржуулах сургалтын цагийг нэмэгдүүлснээрээ онцлогтой гэж хэлж болно. Нэмж хэлэхэд тус хичээлийн жилд манай их сургууль “Цагдаа-хууль сахиулах ажил”, “Шүүхийн шинжилгээ-хууль сахиулах ажил”, “Хилийн алба”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” мөн магистрын “Гэмт явдал судлал” хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж байна.

-Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтуудын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж, тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 30 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулна. Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт орно. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Хууль сахиулахын их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан элсэлтийн шалгалтын журмаас дэлгэрүүлж үзэх боломжтой.

-ХСИС-ийн сонсогч дотуур байранд байрладаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэх бакалаврын сургалтын агуулгад бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах цэргийн биеийн тамир, бие хамгаалах, албаны бэлтгэлийн чиглэлийн цэргийн хэргийн сургалт багтдаг. Энэ сургалтын онцлогоос хамаарч энэ жилээс эхлэн I, II дамжааны сонсогчид дотуур байранд байрлан суралцана.

-Чансааны оноо гэж ямар оноог хэлдэг юм бэ. Мөн яаж боддог юм бэ?

-Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэгчдийг тухайн хөтөлбөрт хамаарах элсэлтийн ерөнхий шалгалтын гурван шалгалтын нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж,  батлагдсан хяналтын тоог 30 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх элсэгчийн тоогоор хязгаарлана. Энэ жагсаалтын хамгийн сүүлийн элсэгчийн гурван шалгалтын нийлбэр оноо тухайн хөтөлбөрийн чансааны оноо болно.    Тухайлбал, хяналтын тоо 100 байх тохиолдолд элсэгчдийн жагсаалтын 130 дахь элсэгчийн оноо тухайн хөтөлбөрийн чансааны оноо болно.

-Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Манай их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2019 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 25-ны хооронд www.leu.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.10 № 73 (6040)