Баруун гар талаас Цагдаагийн хурандаа А.Батбаяр

Ч.ҮЛ-ОЛДОХ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад Орхон аймаг дахь цагдаагийн газар, тус газрын дарга цагдаагийн хурандаа А.Батбаяр ажил үйлсээрээ тэргүүлж шилдгээр шалгарлаа. Түүнийг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урьсан юм.

-Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн танд болон танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс  баяр хүргэе. Энэ амжилтад хүрэхэд хэрхэн ажиллаж ирснийг  сонирхоё? 

-Баярлалаа. Юуны өмнө “Зууны мэдээ”  сонины уншигчид болон намайг  урьсан редакцийн хамт олонд талархаж байгаагаа Орхон аймаг дахь  Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс илэрхийлье.

Орхон аймаг, тэнд байгаа цагдаагийн байгууллага маань нэлээд онцлогтой. Авто болон төмөр замын дамжин өнгөрүүлэх бааз, үйлдвэрийн маш том төв. Монгол Улсын татварын дийлэнх хувийг бүрдүүлдэг зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрээс өгсүүлээд томоохон аж ахуйн нэгжүүдтэй. Үүнийг түшиглэж, Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгж үүсэн байгуулагдсан. Нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлтөөр 1994 оноос Орхон аймаг болж нэрээ өөрчилсөн.Тэр цагаас өнөөг хүртэл хүн амын тоо, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжиж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийн ойгоо тэмдэглэж томоохон үйл явдлууд өрнөлөө. Нутгийн урд хэсгээр Төв аймагтай, баруун  талаар Булган, зүүн талаар Сэлэнгэ аймагтай хиллэдэг. Албан бус тоогоор 120 мянга орчим оршин суугчтай, 20 гаруй багтай. Хүн ам төвлөрсөн, авто болон төмөр замаар  зорчигдын  хөл хөдөлгөөн тасардаггүй. Жишээ нь, Завхан, Хөвсгөл рүү дамжин өнгөрдөг гол зам нь манай аймаг.  Хөл хөдөлгөөн тасардаггүй хот суурин   газрын хувьд хэрэг зөрчил гарах магадлал өндөр. 2017 онд 181 гэмт хэрэг бүртгэгдэж байсан. 2018 онд 794 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэрэг 9.9 хувиар буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 2017 онд 43.9 хувьтай байсан бол өнгөрсөн  онд 57.9 хувьтай болж 11 функтээр өссөн. Ер нь манай аймагт бүх төрлийн гэмт хэрэг буурсан. Хулгайн гэмт хэрэг хүртэл буурсан.Гэвч гурван төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа. Тухайлбал, бусдыг санаатай алах гэмт хэрэг 2017 онд хоёр гарсан бол өнгөрсөн жил найм болж өссөн.Шалтгаан нь ахуйн хүрээний архидалттай холбоотой бай­сан, бүгд илэрсэн. Ахуйн хүрээний архидалт ихэвчлэн орон байранд үйл­дэгд­дэг. Иймд үүний эсрэг арга хэм­жээ авч  байна. Архины үнийг нэг нугалж зардаг “шаг”-ийн гэх гүйлгээ их байгааг илрүүлэхээр цагдаагийн алба хаагчид гудамж талбай руу гарч ажил­ласнаар гудамж, талбайд үйл­дэгддэг гэмт хэрэг буурсан.Согтуу­гаар үйлдэгддэг гэмт хэргийн гаралт­ буур­сан. Энэ бүхэн хамтын ажил­ла­гааны үр дүн юм. Цагдаагийн бүх албад, энэ мөрдөн шалгах, тэр нь хэв журмынх гэлгүй бүгд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласны дүнд гэмт хэргийн гаралт буурлаа.

-Гурван төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй, өссөн үзүүлэлттэй байна гэлээ. Ямар гэмт хэргүүд вэ,  шалтгаан нь юу бол?

-Хүнийг санаатай алах, залилах, сэтгэцэд нөлөөлөх бодис зарж борлуулах, хэрэглэхтэй холбоотой гэмт хэргүүд өсөлттэй байна. Иргэдийн итгэл, сэтгэлээр тоглох асуудлын зэрэгцээ  сүлжээний бизнесийн нэрээр залилдаг явдал их гардаг. Гэмт хэрэг өсөлттэй гарч байгаа нь хоёр талтай. Тэр нь юу вэ гэвэл, нэг талаас гэмт хэрэг өссөн мэт боловч, нөгөө талаас урдьчилсан сэргийлэх болон хэрэг  илрүүлэлт сайн байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, далд байсан зүйлүүдийг илрүүлж, түүний мөрөөр хэрэг бүрдүүлж байгаа нь  гэмт хэрэг өссөн үзүүлэлт болдог.Зөрчлийн хэрэг нэлээд өссөн нь мөн  илрүүлэлттэй холбоотой. Бусад төрлийн гэмт хэрэг, тэр дотор замын осол, түүнээс үүдсэн нас баралт,  гэмтэж бэртсэн хүний тоо буурсан.

-Ингэж ажиллахад хүний нөөц, техник хэрэгсэл хүрэлцэж байна уу?

-Зовлон яриад байвал ярих юм зөндөө. Гэвч  бүх  газар байгаа орон тоо, боломж бололцоондоо  үндэслэж ажиллана шүү дээ.  Тээврийн хэрэгсэлд ногдох цагдаагийн алба хаагч гэхэд яг стандартын дагуу авч үзэхэд  30 боловсон хүчин дутуу байх жишээтэй. Хэсгийн байцаагч  4000 хүн тутамд нэг байх ёстой  гэж тооцоход бас л 15-16 хүнээ дутуу, ахлагч нарын орон тоо ч дутагдалтай. Гэхдээ зовлон тоочоод  гээд суух биш дотооддоо  хамтын ажиллагааг сайжруулж  баг болж ажилласнаар дутуугаа  нөхөж чаддаг. Манайх аймгийнхаа 24 багийг таван хэсэгт хувааж, зөвлөлийн гишүүдээр ахлуулж, эрүүгийн төлөөлөгчөөс авахуулаад үйлчлэгчээ хүртэл бүх албан хаагчаа хамруулж ажилладаг. Энэ нь ажлыг хүртээмжтэй болгодог. Тухайлбал, аймгийн хэмжээнд нээлттэй өдөрлөгийг жилд ганц удаа явуулахад  хүн бүрт хүрэхгүй. Тэгвэл хариуцсан баг бүр дээрээ долоо хоногийн хугацаанд ажиллангаа өдөрлөгөө зохион байгуулах нь байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, иргэдтэйгээ уулзах,  гэмт этгээдийг эрэн сурвалжлах, гэмт хэргийн илрүүлэхэд үр нөлөөтэй. Түүнчлэн байнгын түгшүүр төрүүлдэг, гэмт хэргийн гаралт ихтэй газрууд руу алба хаагчид эргүүл хийж, иргэдтэй очиж уулздаг.Хулгайн гэмт хэргээс урдьчилан сэргийлэхийн тулд иргэд рүү хандаж ажилласнаар  хөршийн холбоог идэвхжүүлсэн. Үүний дүнд өнгөрсөн жил сар шинийн баяраар нэг ч айл бууз баншаа алдаагүй, ард иргэдээ амгалан тайван шинэлүүлсэн. Энэ жил цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2019” нэгдсэн ажиллагаа зохион байгуулж, аль болохоор хулгайн гэмт хэрэг гаргахгүйн төлөө зорьж, амралтын өдөр ч гэсэн эргүүлээр ажиллаж  байна.

- Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөн”-д ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Бүх шатанд хуульч ажиллагааг хэвшүүлье” гэж онцолсон. Удирдах ажилтны хувьд та энэ талаар юу хэлэх бол?

-Хуульч ажиллагаа  цагдаагийн бүх бие бүрэлдэхүүнд байх ёстой. Цагдаагийн алба хаагч өөрийн зан харилцаанаас авахуулан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө нэг ойлголтоор, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Орхон аймгийн Засаг дарга манай байгууллагын 2018 оны  тайлангийн хуралд суухдаа  “Нэг ч иргэнээс цагдаагийн байгууллагатай холбоотой гомдол санал над дээр орж ирсэнгүй” гэж байсан. Тэр бол цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ хэвийн явсны илрэл юм. Орон нутгийн удирдлагуудын зүгээс ч цагдаагийн байгууллагын ажлыг дэмжиж, туслаж хамтран ажилладаг.  Алба хаагчдын маань ахуй амьдралыг ч гэсэн харж ханддагт нь бид баяртай байдаг. Сая манай байгууллага тайлангийн хурлаа аймагтаа хийхдээ “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулж, алба хаагчдаа гэр бүлүүдтэй  нь оролцуулсан. Энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл, манай залуус өдөр шөнөгүй эргүүлд гарч ажилладаг учир ар гэрийнхэн нь ойлгохгүй байх талтай. Иймд алба хаагчдынхаа ажлыг давхар гэр бүлд нь танилцууллаа. Үүний зэрэгцээ бүх  алба хаагчдаар гэр бүлд нь захидал бичүүлж “Захидлын уралдаан” зарласан. Сүүлийн үед захидал харилцаа гэдэг зүйл алга болчихож. Мессэжний хэдэн үгтэй, тэр нь сэтгэлийн халуун дулаан үг байхаас илүү яаруу сандруу, ажил гарлаа, хуралд орлоо гэсэн байх жишээтэй. Түүнээс таван захидлыг шалгаруулж байр эзлүүлж  урамшуулахад.арваад жил цагдаагийн байгууллагад ажилласан, гэр хороололд айлын гэр түрээслэн амьдарч байсан гурван хүүхэдтэй залуухан  алба хаагч маань эхнэртээ бичсэн  захидлаараа уралдаанд түрүүлсэн. Энэ алба хаагчид маань аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар ярилцаад хоёр өрөө байрыг ямар ч үнэ төлбөргүйгээр хувьчилж өөрийн гэсэн орон байртай болгосон нь нүдээ олсон шагнал байлаа. Манай алба хаагчид бүгд өөрсдөө авсан юм шиг сэтгэл дүүрэн баяр хөөртэй байгаа. Бас бүгд захидлаа жаазлаад авдар дээрээ тавина гээд явсан.

-Танай хамт олон энэ онд ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтоос гадна байгууллага, тасаг, алба бүрт зорилт тавьсан. Мэдээж цагдаагийн байгууллагаас тавьсан нэг зорилтын хүрээнд ажиллана. Түүний зэрэгцээ алба хаагчдынхаа ар тал руу анхаарах, нийгмийн асуудлыг шийдэх, ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр ажиллана. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, дээр нь  ар гэртээ цаг гаргах хэрэгтэй. Ер нь манай алба хаагчид ажил алба, амьдралаа зохицуулаад аваад явчих сэтгэлгээ сайтай залуус байдаг юм.

-Таны хувьд энэ хамт олныг хэдийнээс удирдав. Ер нь та цагдаагийн  байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Би 1987 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс улирч Гал түймэртэй тэмцэх 30 дугаар ангид ажилласан. Тэндээсээ НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд орсон. Биднийг хоёр жил сурч байхад сургуулийн нэр өөрчлөгдөж Цагдаагийн дээд сургууль болсон. 1993 онд сургуулиа төгсөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 1997 онд Хотын цагдаагийн газрын Тамгын хэлтэст ахлах байцаагч, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажилласан. Дараа нь Баянгол, Хан-Уул дүүрэгт цагдаагийн хэлтсийн дэд дарга, Орхон аймагт цагдаагийн дарга, Сүхбаатар дүүрэгт цагдаагийн хэлтсийн даргаар ажилласан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хоёр хуваагдахад I хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Төв аймгийн цагдаагийн  газрын даргаар шилжиж, буцаж Баянгол дүүрэгтээ ирж ажиллаж байгаад Орхон аймагт цагдаагийн газрын даргаар томилогдож ирээд хоёр жил болж байна.

-Цагдаагийн байгууллагад анхан шатнаас удирдах албанд дэвшиж ажиллахад зузаан туршлага хуримтлуулсан нь  салбартаа ажил үйлсээрээ тэргүүлэхэд нөлөөлсөн болов уу. Та  албандаа ямар зарчмыг баримталдаг вэ?

-Цагдаагийн ажилд зарчим чухал. Тиймээс нэг зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Цагдаагийн албанд худал хуурмаг зүйл байж болохгүй. Хийх ажлаа цагт нь хийгээд явахыг л хүсдэг. Харин амралт, чөлөөт цагаараа залуустаа даргархаад байдаггүй.Алба хаагчиддаа ажлын цаг, чөлөөт цагаа ялгаж сур. Өөрийгөө хүндлүүлье гэвэл бусдыг хүндэл гэж зөвлөдөг. Энэ арга барил маань жаахан хуучинсаг байж магадгүй, гэхдээ энэ олон жилд  баримталж ирсэн зарчим минь юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.31 № 22, 23 (5989, 5990)