Б.ТӨГС

Монголчууд мал аж ахуйн салбарт мэргэшсэн туршлагаараа АНУ-д H2 ажлын визээр хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллаж, амьдрах боломжтой болсон талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлсэн юм.  Энэ талаар тус төвийн гадаад харилцаа хариуцсан Т.Мөнхгалтай ярилцлаа.

-Манай улсын иргэдээс АНУ-д H2 ажлын визээр ажиллах гарц өнгөрсөн онд нээгдсэн. Гэхдээ яг ямар журмаар хаана хандахаа мэдэхгүй байгаа. Танай байгууллага анхны бөгөөд албан ёсны эрхтэй байгууллага нь гэж ойлгож болох уу?

- Манайх АНУ-ын дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Үүний хоёр нь энэ улсын хамгийн томд тооцогдох хоньчдын холбоо байгаа.  Хоёр нь хөдөө аж ахуйн салбарт ажилд зуучлагч байгууллага. “Адис” хөгжлийн төв 2013 оноос сурагчид, оюутан залуусыг гадаадын их дээд сургуульд суралцуулах чиглэлээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын H2 визний хөтөлбөр дээр ажиллаж ирлээ. Зургадугаар сараас хойш энэхүү визний зуучлагч байгууллагуудтай харилцаа тогтоон, аравдугаар сард түрүүн хэлсэн дөрвөн газартай гэрээ байгуулж чадсан.

-Монголчуудын хувьд АНУ-д ажиллах ямар боломж байгааг дэлгэрэнгүй хэлж өгөөч. Ялангуяа малчдын хувьд хөдөө аж ахуйн салбарт эрэлт ихтэй байдаг гэлээ?

-Манай улсыг 60 сая малтай, хүн ард нь мал маллах арвин туршлагатай гэдгийг олон улсад мэддэг. Харин Америкад энэ төрлийн ажлын байр тун олон байна. Өөрөөр хэлбэл, монгол ажилчид мал аж ахуйн салбарт мэргэшсэн мэдлэг туршлагаараа  ажил олгогчдын шаардлагад тэнцэх боломж байна. АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон хөдөө аж ахуйн чиглэлээр ажил олгогчдын нэгдсэн хуралд бид оролцоод ирсэн. Энэ үеэр энэ салбарын тэргүүлэгч байгууллага, компаниуд H2А хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр цугласан юм. Америкад энэ визээр нэг жилийн хугацаанд 250 мянган хүн ажиллах боломжтой байдаг. Нэг улсаас тэдэн хүн гэсэн хязгаар тогтоодоггүй. Тэр хуралд бид тайлан тавьж монголчуудын мал маллах туршлага нь АНУ-ын фермүүдэд ажиллахад давуу талтайг илтгэсэн. Олон захирлуудтай харилцаа холбоо тогтоож чадсан.

-Гэрээ байгуулсан дөрвөн байгууллагад ажилтан илгээх суваг нээлттэй болсон гэсэн үг үү. Хэдэн хүн явуулах боломжтой вэ?

-Бидний урьдчилан тооцоолсноор 2019 онд 400-450 ажлын байрт монголчуудыг оруулах боломж бидэнд байна. Гол нь тэр ажлын байрт яг тохирох хүнийг олж өгөх нь бидний үүрэг юм л даа. Ер нь энэ визний тухайд нэг улсаас тэдэн хүн гэсэн хязгаар байдаггүй. Хугацааны хувьд гурван сараас нэг жил хүртэл хугацаанд яваад гурван жил хүртэл сунгах боломж бий. Энэ визний онцлог нь  ажил олгогч бүх зардлыг даадаг. Өөрөөр хэлбэл, тэд сайн ажилтантай болохын тулд маш их зардал гаргадаг гэсэн үг. Тиймээс үнэхээр сайн ажилтнаа жил болгоод явуулчихаад дахиад шинэ ажилтан авахыг хүсэхгүй. Аль болох гэрээг нь сунгаад ажиллуулахыг бодно шүү дээ. Нарийн судлаагүй ч гэр бүлээ татах зэрэг олон боломжууд гарч ирэх байх.

-Туршилтын журмаар хэр олон хүнийг явуулсан бэ. Хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Манай төвийн тусламжтайгаар тодорхой тооны ажилчид албан ёсны H2А визээр АНУ-ын Калифорниа  муж руу явсан. Тэд томоохон мал аж ахуйн ферм дээр чадвар туршлагаа үзүүлэн амжилттай ажиллаж байгаа. Хамгийн удаан нь зургаан сар ажиллаж байгаа хүн бий.  Нэг хүнээр жишээ авахад хөдөө аж ахуйн ажил хийж байгаад үхэрчин болсон. Малтай харьцах чадвар нь сайн учраас монгол ажилчдыг фермд авах сонирхол их байгаа. Явуулсан хүмүүсээс одоогийн байдлаар асуудал гаргасан тохиолдол байхгүй.

-Тэгвэл одоо явахаар сонирхож байгаа хүмүүст наад захын ямар шаардлага тавих вэ?

-Мэдээж туршлага хэрэгтэй. Монгол хүн бүрт тодорхой хэмжээгээр заяагдсан давуу тал шүү дээ. Түүнчлэн англи хэлний анхан шатны мэдлэгийг онцолж байгаа. Насны хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд тохирох насных байна.

-Ажлын нөхцөл нь ферм гэдэг утгаар арай өөр байх. Цалин хөлсний хувьд ямар байдаг юм бэ?

- Монголын тал нутагт малаа маллахаас өөр нөхцөл байх нь ойлгомжтой. Фермерийн аж ахуй болохоор хонио тал хээрт туугаад явна гэж байхгүй. Хоньч нохой, машин, техник төхөөрөмж нь бүгд байна. Бусад малчинтайгаа хамтран ажиллана. Компани бүр өөрсдийн онцлогтой байдаг. Бидний зорьж байгаа бас нэг зүйл бол тэнд ажилласан хүмүүс фермийн аж ахуйгаас судлах зүйлээ судлаад эх орондоо ирээд хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Цалингийн хувьд ихэвчлэн 1800-2000 гаруй ам.доллар байдаг. Гэхдээ энэ бол гар дээр авах мөнгө. Харин байр, хоол, хувцас, унах машин, шатахуун, ажлын багаж хэрэгсэл гээд бүх хэрэгцээг нь ажил олгогч хариуцдаг. Улс орноосоо хол ажиллаж байгаа хүмүүсийг ядрааж, зовоохгүй, бүхий л хэрэгцээтэй зүйлсээр хангах ёстой байдаг нь албан ёсны визний бас нэг онцлог шүү дээ. Тэгэхээр гэрээнд заасан чиг үүргээ л биелүүлээд ажиллана гэсэн үг.

-Танай байгууллага ажилчин зуучилсан хөлс авах уу. Гадаадад ажилд зуучилна гэсэн нэрээр хулхидах байдал олон байгаа нь иргэдийг болгоомжлоход хүргэсэн?

-Манай байгууллага бол зуучлагч компани биш л дээ. Үйл ажиллагааны хувьд ирж уулзаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. H2 визний хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаа бүгд үнэ төлбөргүй явагдана. Учир нь түрүүн хэлсэн визний онцлог нь ажил олгогч бүх зардлыг гаргадаг. Бид сайн ажилтан олж өгөөд хөлсөө ажил олгогчоос нь авна гэсэн үг. Яг сонгогдоод явахаар болсон хүмүүсийн хувьд элчингийн визний төлбөр ч юм уу тодорхой зардлууд гарч болно. Гэхдээ тэр зардлыг ажил олгогч нь дараа нь нөхөж төлдөг. Бидний хувьд тухайн улсад өөрсдөө зорьж очиж, ажил олгогчтой нь биечлэн уулзаж, хурал хэлэлцүүлэгт нь оролцож ирсэн. Удаан хугацааны турш судалж, маш олон байгууллага руу захидал явуулж, харилцаа холбоо тогтоосон. Тиймээс зуучлагч компанийн хэмжээнээс хамаагүй өргөн цар хүрээнд ажиллаж байна. Цаашид дахин өөр байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монголдоо зөвлөх үйлчилгээг жишиг төвшинд аваачих том зорилготой залуучууд нэгдсэн гэж ойлгож болно. Мөн хөдөө аж ахуйн салбараас гадна бусад салбарт боломжийг нээхээр ажиллана.

-Н2А визний эрх нь хугацаа хэтрүүлэн харлах гэх мэт хууль бус асуудлуудыг багасгана гэж найдаж байгаагаа АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэж байсан. Одоо бодит ажил болж байгаа нь таатай байна?

-Тэгэлгүй яахав. АНУ-ын Элчин сайдын яам биднийг маш сайн дэмжиж хамтран ажиллаж байгаа. Энэ визээр ярилцлаганд орсон анхны хүмүүст баяртай байгаагаа тухайн үед элчин сайдын яамныхан илэрхийлж байсан.  Бид одоогоос нэг жилийн өмнө ийм хэмжээнд хүрнэ гэсэн төсөөлөлгүй байсан. Хамт олноороо бууж өгөхгүй ажилласан. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, гадаад харилцааны чиглэлээр суралцсан, гадаадад ажиллаж амьдарч байсан залуучууд маань нэгдээд монгол иргэдээ дэмжих төслүүдийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Гадаад харилцааны яам мөн биднийг дэмжинэ гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.18 № 13 (5980)