Д.ОЮУНЧИМЭГ

“Бизнес, хөгжил” булангийн зочноор Ховд аймгийн “Жаргалант луу” компанийн захирал Б.Ганзоригийг урилаа.

-Орон нутагт бизнес эрхлэхэд тулгамдаад байгаа асуудал юу байдаг вэ гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Сүүлийн жилүүдэд барилгын салбар нэлээд хөгжсөн. Энэ нь цаг үеэ дагаад хүмүүсийн орон сууцны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж хардаг. Харин орон нутагт энэ салбар хөгжихөд тулгамдаж буй асуудлууд бий. Нэн тэргүүнд нийслэлээс алслагдсан аймгуудад барилгын салбарынхан бизнес эрхлэхэд өртөг өсөх хандлага бий. Энэ нь тээврийн зардалтай шууд уялддаг. Тухайлбал, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөж байгаа ч тухайн барилгын өртөг нийслэлийнхээс төдийлөн ялгагдахааргүй өндөр дүнтэй байдаг. Учир нь барилгад шаардлагатай түүхий эд болох цементийг нийслэлээс тээвэрлэх болдог юм. Энэ нь ачаа тээврийн зардлаас улбаалан орон сууцны үнэд нөлөөлж байна. Мөн шатахууны үнийн өсөлт ч үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг.

-Алслагдсан аймгуудын тухайд тээврийн зардал өсөх нэг шалтгаан нь шатахууны үнэ гэдэг. Түүнчлэн валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний өртөгт сөргөөр нөлөөлдөг тухай хүн бүр ярьдаг. Мэдээж энэ нь тулгамдсан асуудал мөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд аймгууд дор бүрнээ өртөг бууруулах боломжтой үйлдвэрлэлийг хөгжүү­лэх тухай ярьж байгаа шүү дээ?

-Мэдээж бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх шалтгааныг арилгахын тулд аймаг бүр өөрийн асуудлыг шийдвэрлэхээр зорих нь зайлшгүй асуудал. Ялангуяа, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, амьдрах өртгийг бууруулахын тулд зарим салбарт тодорхой дэвшил гаргах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр аливаа бизнесийг эрхлэхэд хөрөнгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна. Манай улсын ихэнх компани банк санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээний зээл авдаг. Гэтэл Монгол Улсын хэмжээнд зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь үйлдвэрлэгчид болоод бизнесийнхэнд хүндээр тусдаг шүү дээ. Тэгэхээр орон нутаг төдийгүй улсын хэмжээнд бизнесийнхнээ хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо зөв тодорхойлох нь чухал. Магадгүй янз бүрийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл олгодог тухай ярих байх. Гэвч энэ нь тендер зарлах зарчмаар ажлаа хуваарилдаг. Нэг талаас нь харвал зөв алхам хэдий ч нөгөө талдаа хүмүүсийн хэлдэг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан болж байна. Жишээлбэл, тендерт оролцохын тулд тухайн барилгад зарцуулах нийт өртөгийн таван хувийг байршуулах шаардлагатай. Энэ хөрөнгийг гаргана гэдэг тухайн компанид тийм ч хялбар зүйл биш. Гэтэл мөнгө байршуулсны дараа тендерийн бичиг баримтад шаардлагатай банкны баталгаа гаргаж өгдөг. Бүр тодруулбал, нэг тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт оролцохын тулд 50 сая төгрөг байршуулах хэрэгтэй гэсэн үг. Хэрэв тухайн тендерт ялж ажлаа эхлүүлэх боломж бүрдлээ гэвэл дахин таван хувийг өнөөх барилгаа дуусгаж ашиглалтад оруулах хүртлээ байршуулах болж байгаа юм. Энэ нь гүйцэтгэлийн баталгаа гэдэг. Эцсийн дүндээ улсын төсвийн хөрөнгөөр барих барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд 100 орчим сая төгрөгийг банкинд байршуулж байна. Бас болоогүй барилгаа бариад дууссаны дараа дахин гурван жилийн хугацаатайгаар төсөвт өртгийнхөө таван хувийг банкинд байршуулах шаардлагатай болно. Энэ бол завхрал. Учир нь банкинд ямар ч хүүгүйгээр байршуулж байгаа мөнгийг бүтээн байгуулалтдаа зарцуулах нь илүү өгөөжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна барилгаа барьж дууссаны дараа, олон шат дамжлага дамжсаны эцэст гүйцэтгэлийнхээ мөнгөний нэгээхэн хэсгийг авна. Энэ мэтчилэн төрийн аппаратын хүнд суртал, хэт их дарамт бизнесийн орчныг боомилж байна. Хэт олон гарын үсэг цуглуулдаг байдлыг одоо болих цаг болсон.

-Барьцаа хөрөнгө байршуулах зайлшгүй шаардлага бий юү?

-Ямар ч шаардлага байхгүй.

-Бизнесийнхэн тэр дундаа зам, барилгын компаниудын хувьд тендер гэдэг бол хөрөнгийн эх үүсвэр болохоос илүүтэй маш хүнд дарамт гэдэг юм билээ?

-Тэгэлгүй яахав, барьцаа хөрөнгө байршуулахаас эхлээд л тухайн бизнесийнхэнд дарамт болж ирдэг. Түүнээс гадна Тендерийн тухай хуулийн хамгийн бага өртөгтэй үнийн саналыг шалгаруулна гэж заасан байдаг. Гэтэл гурван тэрбум төгрөгөөр босох барилгын тендерийг авахын тулд хоёр тэрбум төгрөгийн санал хүргүүлж байж сая тендерт шалгарах боломж бүрдэнэ. Мэдээж захиалагч тал чанарын баталгаа шаардана. Үнэн хэрэгтээ 100 төгрөгийн үнээр бүтэх бүтээгдэхүүнийг 80 төгрөгөөр худалдаж авахыг хэрэглэгч хүсвэл тэр бүтээгдэхүүний чанар сайн байх тухай ярих ч хэрэггүй гэдгийг энгийн хэрэглэгч ч ойлгодог болсон. Харамсалтай нь төрийн байгууллагууд, төрийн түшээд үүнийг ойлгохгүй байна. Магадгүй ойлгохыг хүсэхгүй байна гэж харж байна. Би Ховд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгч. Манай бизнесийнхэн энэ асуудлыг зохих төвшинд нь хүргэж өгөхийг хүсдэг. Нөгөөтэйгүүр Монгол Улс эдийн засгийн чадамжтай болохыг зорьж байгаа бол бизнесийн салбараа зах зээлийнх нь зарчмаар ажиллуулах хэрэгтэй. Зах зээл дээр цэвэр өрсөлдөөн бий болсны үр дүнд чанарын асуудлыг ярих боломжтой.

-Танай аймгийн бизнесийнхэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Тоочоод байж болох хэдий ч дандаа болохгүй, бүтэхгүй зүйл ярих хэцүү юм. Гэхдээ барилгын компаниудын тухайд өмнө нь 50 тн-ын машинаар цементээ нийслэлээс татдаг байсан. Тэгсэн хэдий ч Улаанбаатар хотод зарж байгаа үнээс дариу хоёр дахин өндөр байна. Гэтэл сүүлийн үед замаар зорчих автомашины даацыг 30 тн-оос хэтрүүлэхгүй болсон. Ингэхээр цементийн үнэд тээврийн зардал өссөн дүнтэйгээр нөлөөлөх болно. Тиймээс бид баруун аймгуудын дунд цементийн үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага байна гээд байгаа юм шүү дээ.

-Орон нутагт ажлын байр хомс байна гэлцдэг. Танай аймгийн бизнесийнхэн ажлын байр нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Ажлын байр байхгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Нэг үеэ бодвол тодорхой хэмжээгээр ажлын байрыг бий болгосоор байгаа. Харамсалтай нь ажил хийх сонирхолтой хүн ховор болж. Түүнээс гадна мэргэжилдээ сайн дадлагажиж, чадавхи эзэмшсэн хэсэг нь хувийн бизнес эрхлэхийг эрмэлзэнэ. Харин мэргэжилгүй хэсэг нь ажил голоод ирдэггүй хандлага ажиглагддаг. Учир нь өдрийн 30-50 мянган төгрөгийн хөлсөөр ажиллах туслах ажилтан хайгаад олохгүй байна. Тэгсэн хэрнээ ажлын байр алга гэж ярих юм. Нөгөөтэйгүүр огт ажил хийхгүй байж бусдаас дутахааргүй амьдралтай хүмүүс ч бий. Тэгэхээр ажлын байр байхгүй гэдэг худлаа яриа гаргах хэрэггүй. Харин ажил болоод цалин хөлсөө голохгүй тогтмол ажиллаж чадна гэдгээ эхлээд ажил олгогчдоо харуул. Ер нь уйгагүй хөдөлмөрлөж, хичээсэн хүн л ажлын амжилт, үр шимийг нь хүртдэг юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.9 № 6 (5973)