Ц.Монгол: Төрийн тогтолцооны гажуудлаас болж байгаль орчны эсрэг гэмт хэрэг газар авсан

0
хуваалцах
10
үзсэн

Ч.ОЛДОХ

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Монгол төрийн тогтолцоо гажуудаж, улс төр, эдийн засаг, нийгмийн салбар бүрт системийн задрал явагдаж, байгалийн баялаг ньлицензнэрээр арилжааны хэрэгсэл болж, цөлмөгдөж байгаа өнөө үед Үндсэн хуулийн шинэчлэл хийх, хоёр танхим бүхий парламентын тухай яриа гарч байна. Та ямар байр суурьтай байна?

-Монгол Улсын маань Төр засгийн тэргүүнд гарсан хэсэг бүлэг этгээд мафийн зохион байгуулалтанд орж, улмаар Төрт ёсны уламжлал,соёл, Төрийн институтуудыг устгаж, хуулийг гууль болгож, ард түмнийг бүхэлд нь ядууруулан туйлдуулж байгааг хүн бүр мэдэх болжээ. Үүнээс яаж гарах вэ гэдэг нь л одоо маш чухал сэдэв болоод байна.Өнөөгийн “ардчилсан” гэх нэг танхим бүхий парламентын тогтолцоо  нь дэлхийн олон улс орон туулж өнгөрүүлсэн , тэдэнд асар их хохирол амсуулж, хар ул мөр үлдээсэн ардчиллын “гаж” хэлбэр юм. Үүнийг би 1910- 1935 оны Европын орнуудын түүхэн сургамжинд тулгуурлан хэлж байна. Энэхүү тогтолцоо нь манайд оронд цаашид оршин тогтнох боломжгүй, “Дүр үзүүлсэн”, “хэлбэрийн төдий”, “хариуцлага тооцох механизмгүй” тийм аюултай гажуудал юм. Үүнийг одоо үед Ерөнхийлөгчийнхөө түвшинд хүртэл ойлгож ярьж эхэлж байгааг би хувьдаа хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлж байна гэж харж байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манай улс төрчид нэг танхимтай парламентын тогтолцоогоо “ардчилсан” гэж ойлгоод байна. Ардчилал гэдэг “Төр засгийн бүх шийд­вэр ард түмний хяналтанд байхыг, Төрийн байгуул­лага, улс төрчид, албан тушаалтнуудад хариуц­лага тооцдог, өөрөөр хэл­бэл эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүл­дэг, биелүүлэхгүй бол хариуцлага хү­лээ­дэг тогтолцоо юм. Одоогийн энэ хариуцлагагүй тог­толцоогоо “ардчилал” гэж ойлгосон “хоцрогдсон”, оюуны хоосролд орсон, улс төрчид олон байна. Хамгийн гол нь УИХ -д хэмжээлшгүй эрх олгогдсон, тэнд сонгогдсон гишүүд нь дураараа дурьгих таатай орчин бүрэлдсэн байдаг тул тэд энэ “гаж” тогтолцоог хамгаалсаар байгаа нь маш аюултай. Сүүлийн үед бөөнөөрөө Төрийн мөнгийг цөлмөж, олонхи болсон нам нь төрийн албан тушаал зарж мөнгө босгох гэмт хэргийг дураараа үйлдэж, улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Мөн “Манан” гэх мафийн бүлэг төрийн эрхийг гартаа атгасаар байгааг тэвчиж болохгүй. Энэ бол Монголын эмгэнэл.

-Та энэ гажуудлыг тодорхой нэг салбарын жишээн дээр үндэслэн тайлбарлаж өгнө үү?

 Манай улс 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан. Түүнээс хойш 2000 онд МАНАН-гийн бүлэглэл энэ тогтолцоог эвдэж, Үндсэн хуульд гаж заалтууд оруулж, намыг төрийн дээр тавьсанаас болж сайн хууль гарахаа больсон. Үүнээс өмнө ч гэсэн хэсэг бүлэг, гадны захиалгаар хууль гаргаж байсныг дурьдах хэрэгтэй.Намууд хэсэг бүлгийн эрх ашгийг шийддэг болсон.  Монголын төрийн тогтолцооны энэ  гажуудлаас болж байгалийн баялаг, ашигт малтмал ямарч татваргүйгээр,үнэгүйгээр гадагшаа урсч байна. Байгаль орчныг асар их сүйтгэж байна. Энд хяналт тавих, хариуцлага тооцох ямар ч боломж алга.Муу хуулиуд гарч, тэрийгээ хэрэгжүүлж байгаа учраас ард түмний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Иймд цаашид хоёр танхимтай парламент бүхий хариуцлага тооцдог тогтолцоо бүхий засаглалын хэлбэрийг сонгох шаардлагатай. Гажуудал салбар бүрт байгаа. Үүнийг дараа тайлбарлая.

-Үндсэн хуулийн нэг чухал заалт нь  “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байнагэж томъёолсон. Энэ заалт огт хэрэгжихгүй юм?

- Үндсэн хуульд ингэж тунхагласан боловч энэ заалт амьдрал дээр огт хэрэгжээгүй. Яагаад гэвэл Ард түмний хяналтыг бодитойгоор хэрэгжүүлэх тийм баталгаа хуульд байхгүй. УИХ үүнийг хуульчилж баталгаажуулах чадамжгүй ирсэн. Учир нь хууль гадны захиалгаар, хэсэг бүлгийн  эрх ашигт нийцэж, тэдний нөлөө лоббид орж, цөөнхийн эрх ашигт нийцэж гарсаар ирсэн. Хамгийн тод жишээ бол 1997 оны Ашигт малтмалын тухай хууль мөн. Энэ хууль гарснаар Монголын байгалийн баялгийг “лиценз” гэх цаас өгч бусдын мэдэлд өгдөг, түүнийг нь хэн хүссэн нь дотоод гадаад дураараа наймаалцах болсон. Төрийн өндөр албан тушаалтнууд голдуу газар нутгаа худалдах болсон бөгөөд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газар, Эрх бүхий яамдын зарим сайд дарга нар хахууль авах замаар эх орныхоо газар шороо,ашигт малтмалыг бусдад өгсөн асуудал олон жил яригдаж байгаа боловч ямар ч хариуцлага тооцохгүй ирсэн, хуулийн байгууллагын удирдлагууд нь мафийн гар хөл болсон.Манан гэх мафи нь байр сууриа тавьж өгөхгүй тэмцэл хийсээр л... Цаг хугацаа улирах тусам тэд хариуцлагаас мултарч улс эх орон туйлдаж гүйцээд байгааг хүн бүр мэдэх болсон. Тухайлбал: С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын эх орны ашиг сонирхлыг худалдсан, гэнэт баяжсан, орлогынх нь эх үүсвэр тодорхойгүй этгээдүүдийн  Монгол Улсын хууль хяналтын байгууллага шалгах чадваргүй болчихоод байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэртэй “лиценз” гэх цаасыг Засгийн газрын харьяа агентлаг олгодог. Орон нутагт ямар ч эрх мэдэл, хяналт байхгүй. Тэд хаанахын ямар компани, ямар хаягт байдгийг нь ч мэдэж чадахгүй газраа ухуулаад үлдэх тохиолдол олон байдаг. Иймээс ашигт малтмалыг нь, байгаа баялгийг  нь ухаж аваад, үлдсэн газар нутгийг нөхөн сэргээлт хийлгүй хаяад явж байна. Бүр тусгай зөвшөөрөлгүй мөртлөө олборлолт явуулаад, Эрүүгийн гэмт хэрэг үйлдчихээд тоох ч үгүй хаяад явсан тохиолдол олон байна. Хамгийн багаар бодоход, аймаг бүрт 30-аас доошгүй сүйдсэн талбай,нөхөн сэргээлт хийхгүйгээр орхигдсон газрууд байна. Монгол Улсын 370  сум эдгээр хэрэг дээр санхүүгийн бэрхшээлийн улмаас.Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тийм боломж байхгүй. Ийм л эмгэнэлтэй, гажуудсан,эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.

-Яагаад хуулийн байгууллагад хандаж болохгүй гэж?

-Байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт “Адил-Оч” гэх компанийн захирал Цегельник гэгч этгээд Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай мөртлөө уг талбайгаас гадна, өөр компанийн эзэмшил бүхий газарт хууль бус олборлолт явуулж Өлзийт суманд 1.3 тэрбум төгрөгийн, байгаль орчинд 90 сая төгрөгийн,хохирол учруулсан. Нөхөн сэргээлтийн зардалд 105 сая төгрөг гарахаар байгаа боловч түүнийгээ төлөөгүй ял завшиж явна. Уг талбайд хүн, мал амьтан унаж эрсдэхээс сэргийлэх зорилгоор хамгаалалт гаргаж 110 сая төгрөгийн зардлыг гадаадын хөрөнгө оруулалт бүхий нэг шударга компани гаргаад байна. Энэ хууль бус олборлолт явуулж байхад  тус сумын нэг иргэний амь нас хохирсон.

-Яагаад ингэж удаан шалгаж байгаа юм бэ?

-Яагаад гэвэл мөнгөтэй компаниуд хууль хяналтын байгууллагад нөлөөлөх тохиолдол байдаг. Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд нөлөөлснөөс ийнхүү цаг хугацаа их алдаж, эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна Гэхдээ манай хуулийн байгууллагад шударга ажилтнууд цөөнгүй байдаг тул үнэн ялах л болно. Ноцтой гэх баримт гэвэл Прокурор эрүүгийн хэргийн харьяаллыг нэг л удаа тогтоодог. Гэтэл энэ эрүүгийн хэргийг эхлээд Дундговь аймагт үүсгэсэн. Гэтэл харьяалал тогтоож байна гээд Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Хэргийг Мөнхбат гэх хошууч шалгахдаа үндэслэлгүйгээр түдгэлзүүлж цаг авсан. Эцэст нь харьяалал нь Дундговь гээд буцаагаад шилжүүлсэн. Дундговь аймагт шалгагдаж байхад нь Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга гэх нэг этгээд Мөрдөн байцаах газар руу шилжүүл гэж Дундговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах албаны мөрдөгчид дарамт үзүүлж байсан. Гэтэл үүний дараа буцаад Улсын мөрдөн байцаах газар руу шилжсэн. Энэ бол ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн завхрал. Харин энэ удаа Тамир гэх шударга мөрдөн байцаагч таарч хэргийг Шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүхээр Цегельникийг гэм буруутай гэж үзэж, улсад учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гарсан. Гэтэл хэргийг Улсын Дээд Шүүхээр хэлэлцэхэд миний шударга гэж бодож явсан шүүгч хэргийг буруу дүгнэлт гаргаж  анхан шатны Шүүхэд шилжүүлж завхруулсан. Гэтэл ямар нөлөө орсныг бүү мэд анхан шатны шүүх хэргийг Прокурорт буцаасан. Ингээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийж яллах дүгнэлт бичүүлэхээр Прокурорт шилжүүлсэн. Гэтэл хэрэг үл ойлгогдох шалтгаанаар мөрдөн байцаалтанд буцаж өөр мөрдөн байцаагчид хуваарилагдсан. Гэтэл тэр байцаагч шууд л энэ бол “захиргааны зөрчил” гэж ярьж эхэлсэн бөгөөд тэрээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор Прокурорт санал хүргүүлж хэрэгсэхгүй болгуулсан. Ингээд хохирогч Өлзийт сумын өмгөөлөгчийн хувьд би гомдол гаргаж улмаар хэргийг сэргээн шалгаж байна. Энэ бол манай хуулийн байгууллагад  олон үл бүтэх этгээд шургалсан, хөрөнгөлөг хүмүүсийн нөлөөнд автдаг болохын бодитой жишээ мөн. Одоо бид хэргийг Прокуророос Шүүхэд шилжүүлэхийг хүлээсэн байдалтай байна. Харин энэ хэргийг завхруулсан Прокурор, мөрдөн байцаагч, Шүүгч нарын талаар дараа дэлгэрэнгүй ярьж, зохих хариуцлагыг хүлээлгэж олон нийтэд мэдээлэх болно.

-Байгаль орчны хохирлын асуудлаар та хуульчийн хувьд асуудал тавьсан гэсэн БОАЖЯ-нд. Энэ юу болсон бэ?

- БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатад нөхөн сэргээлт хийхгүй орхисон компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх асуудлаар хүсэлт гаргаж байгаа. Энэ хүрээнд байгаль орчныг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийлгүй орхисон бүх компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нөхөн сэргээлт хийхгүйгээр хаяж явсан компаниудыг Эрүүгийн журмаар шалгуулах, нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулж, өөр компаниудаар олборлолт хийлгэлгүйгээр нөхөн сэргээлтийг хийлгэх томоохон ажлыг эхлүүлэх гэж байна.

-Байгаль орчныг бохирдуулж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр хууль бус олборлолт явуулж  байгаа нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх тогтолцоо манайд алга гэлээ. Танд ямар баримт, үндэслэл байна?

-Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаад дөрвөн жил өнгөрөхөд нас барсан иргэний ар гэр хохирлоо нөхөн төлүүлж чадалгүй хохироод үлдсэн. Өмгөөлөгч нь Цегельник, түүний өмгөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж хохирогчийг ноцтой хохироосон байдаг.Гараа таслуулсан иргэн мөн нөхөн төлбөр авч чадаагүй, хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Ийм л байдалтай байна. Манайд хохирогчийн эрхийг хамгаалах тогтоцоо гажуудчихаад байна.Эрүүгийн шинэ хууль, зөрчлийн хуулийг нийгмийн харилцааг зохицуулахын тулд биш зохиомлоор хийсэн тул амьдралд хэрэгжихдээ асар их бэрхшээл дагуулж байна. Зөрчлийн хуулийг бүхэлд нь хүчингүй болгохгүй бол болохгүй.

-Газар нутгийг цөлмөж, байгаль орчныг бохирдуулж, сум орон нутгийг хохироочихоод зөрчил гээд өнгөрч байна гэж үү?

-Харин тийм ээ. Ингэж л хохирсон ард олныг доромжлох гэсэн муу мөрдөн байцаагч ажиллаж байна даа. Тийм учраас цагдаа, хууль хяналтынхны зарим нь эрүүл байна уу, согтуу байна уу гэж асуумаар байгаа юм. Гэмт хэрэгтнүүдэд ингэж үйлчилж байна шүү дээ. Шүүхээр гэм бурууг нь тогтоолгож, хохирлыг нь олгуулах  ёстой шүү дээ

-Сум орон нутаг нөхөн сэргээлт хийгээгүй хариуцлагагүй компаниудад яагаад хариуцлага  тооцож чадахгүй байна вэ?

-Тухайн аймаг, сум нь нөхөн сэргээлт хийгээгүй талбайг нь хичнээн төгрөгийн хохирол учирсан байна вэ, ямар хэмжээний нөхөн сэргээлт хийх вэ гэдэг асуудлаар БОАЖЯ-нд хандаж дүгнэлт гаргуулдаг. БОАЖЯ –нд очихоор хувийн мөнгө хөөсөн шинжээчид рүү дүгнэлт гаргуул гээд явуулчихдаг. Тэр нь бизнес болчихсон. Танайх 10 сая төгрөг төл, 20 саяыг төл гээд нөгөө суманд нь хэлдэг. Тэрийг сум орон нутаг гаргаж чаддаггүй. Бүх сумын зовлон ийм. Энэ гацаанаас гаргахын тулд бид БОАЖЯ-нд хандсан. Н.Цэрэнбат  сайд хохирлын үнэлгээг үнэ төлбөргүй хийлгэхэд төрөөс анхаарна гэж урьдчилсан байдлаар хэлсэн. Тэр үнэлгээг 100 хувь үнэ төлбөргүй хийж байж асуудал урагш явна. Түүнийгээ хийгээд өгсөн байхад хуулийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж шийдэх боломжтой.

-Ийм зовлонтой олон аймаг, сум байгаа байх. Дундговь аймгийн Өлзийт сумынхан танаас өмгөөллийн туслалцаа авахаар  хандсан учраас та ярьж байна уу?

-Мэдээж олон аймаг, сум бий. Хөдөө орон нутгийнхан маш их бухимдалтай байна. Эцэст нь ийм ноцтой Эрүүгийн гэмт хэрэг “зөрчил” болж шийдэгдэж байгаад  өмгөөлөгч хүний хувьд  бухимдаж байна.  Үүнийг ярихаар эргээд нөгөө  хариуцлагын тогтолцоог яаж бий болгох вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Үндсэн хуульдаа Байгалийн баялаг ард түмний мэдэлд гэж байгаа ч Ашигт малтмалын тухай хууль нь эх хуулиа зөрчиж гарсан. Ашигт малтмалын тухай хуульд “Хэрэв ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн нутаг дэвсгэр дээр иргэн, аж ахуйн нэгж буусан байвал нөхөн олговрыг өгөөд чөлөөлөх ёстой” гэсэн заалт бий. Саяхан Сэлэнгэ аймагт Хятадын иргэнд ашиглалтын зөвшөөрөл олгохдоо нэг  багийн 10 гаруй айлын газар дээр давхцуулаад олгосон хэрэг гарсан. Энэ бол  хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Газар эзэмшиж буй иргэний газар дээр давхцуулж гэрчилгээ олгохгүй. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл гэх цаасыг гадаад дотоодын иргэд, компаниудад үйл ажиллагаа явуулах чадамжийг нь харгалзан үзэхгүйгээр малчдын эзэмшил, өмчлөлийн газар, бэлчээр дээр нь давхардуулан өгчихөж байна. Захиргааны хэргийн шүүх үүнийг “зөв” гаднаас ирсэн цагаач иргэний талд  шийдэж байна.Энэ одоо хуулийн гажуудал уу? Үндсэн хуулийн зөрчил үү?

Ашигт малтмалын  тухай хуулийн энэ заалт  орон нутагт, ард иргэд маш аюултай үр дагавар учруулж байна. Энэ бол Үндсэн хуулийг зөрчсөн хууль гаргах замаар  нүүдэлчин ард түмний Үндсэн хуулиар олгогдсон  эрхийг   хавтгайруулан зөрчсөн гажуудал, УИХ-ын чадамжгүйг нотлох нэг нотолгоо мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин